Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнийн “фокус”

Сая, даваа гаригт ирсэн “Рио Тинто”-гийн захидлыг дахиад л онцолмоор байна. “Рио Тинто”-гоос аятайхан санал хүлээж авсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг “...Овоо доо” гэж хэлмээр байгаа юм.

Гэхдээ “Рио Тинто” яагаад ингэж буулт хийсэн бэ. Энэ сонирхол татаад байна. Гадуур яриад байгаа шиг байхгүй тооцоо харуулж, тэрийгээ “тэг”-лэсэн үү. Тэгж “...Нэг ухраад хоёр урагшлах” тактик хийв үү. Аль эсвэл гадаад нэр хүндээ бодсон уу.

Ер нь хэлэлцээрийн хөшигний ард ямар “харилцаа” үүссэн болоод “Рио Тинто” 22 тэрбум ам.долларын өрийг устгаж, Дубайн гэрээгээ цуцлахаар болов оо. Монголын төрийг бүтэн 12 жил огт тоогоогүй “Рио Тинто” шүү дээ.

Ямар ч байсан энэ хэлэлцээрийн явцад манайх маш сайн санал хүлээж авлаа. Хүсэлт ёсоор нь оны солигдохын өмнө албажуулах нь ойлгомжтой. Харин ингэснээр “Рио Тинто”-гийн ч, манай ч тавих санал дуусаагүй. Хэлэлцээр цааш үргэлжилнэ.

Энэ хэлэлцээр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад эхэлсэн. 2019 онд л доо. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болсноор эрчимжсэн. Энэ жил. Тэгээд энэ.

“Рио Тинто”-тай хийж буй хэлэлцээрт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ихээхэн анхаарал тавьж ажилласан байдаг. Ер нь тэрбээр ингэж томоохон гол асуудал дээрээ фокуслаж ажилладаг. Манайх чинь улс л юм болохоор бидэнд түмэн асуудалтай. Тэр түмэн асуудлыг бүгдийг нь нэг дор барьж аваад шийднэ гэвэл нэг хүн байтугай бүтэн засгаараа барахгүй. Тиймээс ч тэр үү, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэдхэн асуудал барьж авч, фокуслаад л зүтгэчихдэг аж.

Тэр угаасаа сул гишүүн байхдаа л ямар нэг асуудалтай зууралдвал салдаггүй нөхөр байсан л даа. Яаж байсныг нь энд нурших нь илүүц биз. Ямар ч байсан хүмүүс түүнийг “Ихээхэн шазруун золиг” гээд байдаг болсон дог.

Харин гүйцэтгэх засаглалд орж ирснээсээ хойш яаж ажиллаад байгаа нь анхаарал татаж байгаа юм.

2019 оны хоёрдугаар сарын 2-нд ЗГХЭГ-ын дарга болж байв. Ерөнхий сайд нь У.Хүрэлсүх байсан. Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа урьд эхлүүлсэн “Эрдэнэт” үйлдвэрийг төрд авах, Төрийн цахим үйлчилгээ “E-Mongolia”-г нэвтрүүлэх, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн хөтөлбөр болоовсруулах зэргийг л фокуслаж ажиллажээ. Тэр ЗГХЭГ-ын дарга болмогцоо “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах ажлыг гардан хийсэн. Одоо “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь ТӨҮГ болсон. Хэдхээн жилийн өмнө, хувьчлал яригдаж байхад “...Сааль нь татарсан үнээ”гээд байсан нь үгүй болж таарсан. Энэ COVID19-ийн хүндз үед Монголын ард түмнийг бүтэн жил ус, цахилгаан, дулаанаар “үнэгүй” хангачихлаа. Гэхдээ цаашид эдийн засаг хүндэрнэ. Харин зэсийн үнэ гайгүй байх шинжтэйг эдийн засагчид хэлж байна. Тэгэхээр хүнд үед “хөхийг нь шувтрах” энэ үйлдвэрийнхээ менежмент дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “менежмент” хийх бололтой. Түүний танилцуулсан Төсвийн хууль, Шинэ сэргэлтийн бодлогод нь туссан байсан. Юуны түрүүнд захирлуудыг нь өөрчлөх шаардлагатай.

“Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс корпораци”-д байхад захирлаар нь томилогдсон Х.Бадамсүрэн одоо болтол ажиллаж байна. Том том хэл аманд мөн ч их ордог. Ямар ч хариуцлага хүлээдэггүй. Тийшээ анхаарал тавихгүй бол тендер, санхүүгээ яаж ч зарцуулдаг юм, бүү мэд. Ухвал олон ноцтой зөрчил гарч ирж мэдэхээр л дуулдаад байдаг шүү. Төрийн цахим үйлчилгээ “E-Mongolia”-г Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа яахын аргагүй фокуслаж байв. Автор нь гэхэд болно. Дүнд нь Засгийн газар 2020 онд цахим үндэстэн болох зорилт дэвшүүлж, “E-Mongolia” цонхонд төрийн байгууллагуудын салангид үйлчилгээг нэгтгэх шийдвэр гаргаж байлаа. Тухайн үед 23 байгууллагын 181 үйлчилгээг авах боломжтой байсан.Харин өнөөдөр 56 байгууллагын 540 гаруй үйлчилгээг “E-Mongolia”-д нэгтгэжээ.

“E-Mongolia”-гаар өнгөрсөн хугацаанд иргэдэд 3.7 сая удаагийн цахим үйлчилгээ үзүүлсэн. Цахим хэрэглээ зургаа дахин нэмэгдсэн. 733 мянган гар утасны хэрэглэгчидтэй болсон. Иргэдийн цаг хугацаа, бичиг баримт бүрдүүлэлт, унааны зардлаас 46 гаруй тэрбум төгрөгийг хэмнэж чадсан гэх “тоо” байна.

Мөн тэрбээр ЗГХЭГ-ын дарга байхдаа “Алсын хараа-2050” хөтөлбөрт хамгийн их фокус тавьж ард нь гарсан. “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг боловсруулахдаа 1992 оноос хойшхи 30 орчим жилийн Монгол Улсын хөгжлийн явцыг давхар дүгнэсэн гэдгийг Л.Оюун-Эрдэнэ онцолдог. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого нь суурь есөн зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2050 он хүртэл гурван үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөсөн байдаг.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноосоо хойш COVID19-ийн эсрэг вакцин, Оюутолгойн гэрээг сайжруулах “Рио Тинто”-тай хийж буй хэлэлцээр, Ерөнхийлөгчийн сонгууль, Ардын намын Их хурал зэрэг тодорхой хэдэн асуудалд л анхаарсан байгаа юм.

COVID19-ийн эсрэг вакцинд ёстой л хамаг фокусаа тавьсан гэхэд болно. Үр дүнг нь бид өнөөдөр үзэж л байна. Өчигдрийн байдлаар Монгол Улсын иргэдийн 69.6 хувь эхний тунд, 66.3 хувь хоёр дахь тунд, 25 хувь нь вакцины гурав дахь тунд хамрагдаад байна. Тиймээс тэрбээр “...Гурав дахь тунгаа хийлгээрэй” гээд л гүйж буй.

Ерөнхийлөгчийн сонгуульд бас онцгой ач холбогдол өгч фокуслаж ажилласан гэдэг. Ерөнхий сайд өөрөө ч энэ сонгуульд идэвхтэй оролцжээ. Нам нь ялсан л даа. Гэвч дагаад бас сөрөг үзэгдлүүд гарч ирсэн. Ганцхан жишээ дурдахад, тэр сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн хөлийг ч хориогүй. Хаа сайгүй сонгуулийн уулзалт болсон. COVID19 мартагдаж, сонгуулийн сурталчилгаа завсаргүй өрнөсөн. Хажуугаар нь бууж буй Ерөнхийлөгч төрийн шагналыг завсаргүй тараасан. Сүхбаатарын талбай сар гаруй “шагналын хөл”-д дарагдсан. Дэглэм ч суларч, дүнд нь халдварын тоо хамаа намаагаа алдсан.

Хэдхэн хоногийн өмнө, Ардчилсан намын төрсөн өдөр Ардын намын Их хурал болов. Энэ бас л Ерөнхий сайдын маш их анхаарал тавьж фокусласан үйл явдал байв. Учир нь Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сараас хойш Ерөнхий сайдад олгогдсон захиргааны эрх мэдэл хэрэгжүүлж ирсэн. Тиймээс намынхаа Их хурлыг зарлаж, тэр хурлаас намын даргаар “сонгогдсон” юм. Энэ нь түүнд улс төрийн бүрэн эрх мэдэл олгосон.

Ер нь бол Л.Оюун-Эрдэнийн хувьд ингэж гол гол асуудлаа фокуслаж барьж авдаг. Өөр бусад асуудлаар төдийлэн дуугарч, гүн оролцдоггүй. Тэр ч бүү хэл фокусласан ажлынхаа явцыг ч олон нийтэд төдийлэн нээлттэй бусаар явуулдаг болоод байгаа юм. Дээр хэлсэн дээ, “Рио Тинто” яагаад буулт хийсэн нь тодорхой бус байна гэж...

Хамгийн гол нь Л.Оюун-Эрдэнэ Ардын намын дарга болсноор улс төрийн бүрэн эрх мэдэлд хүрч чадсан. Тэгэхээр одоо тэр яаж хөдлөх нь вэ гэдэг маш ихээр анхаарал татаж байна. Учир нь Л.Оюун-Эрдэнэ бол яагаад ч бүх тогтолцоог энэ хэвээр үргэлжлүүлэх хүн биш. Хувь хүний араншин хийгээд эрх мэдэл нь олон өөрчлөлтийг хийлгэх нь тодорхой юм. Харин юунаас эхлэх бол? Ингэж түүний Ерөнхий сайд, Ардын намын даргын хувьд дараагийн фокусаа тавьчихсан “сэдэв”-үүдийг нийгэм тэр чигээрээ хүлээж байна гэхэд болно. Гэхдээ маш тодорхой байгаа зүйл бол улс төрийн бүрэн эрх мэдэлд хүрээд хэдхэн хонож буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамгийн түрүүнд бүтэц, тогтолцооны томоохон өөрчлөлт, бас Эдийн засгийн хуулиа батлуулах болов уу даа. За тэгээд, энэ хоёр сууриа тавьчиаад дараагийн фокус тавих асуудлууд нь тодорно биз ээ.

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нэрт хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжинням бурхан болжээ
Нэрт хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжинням бурхан болжээ
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.