Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль бус, луйврын аргаар МУЭ-ийн хорооны Ерөнхийлөгч болсон П.Ганбат гэгч хэн бэ?

Монголын урчуудын эвлэлийн хороо өнөөдрийг хүртэл улстөр, бизнесээс ангид явж ирсэн цорын ганц салбар байлаа. Харин саяхан хуралдсан Монголын Урчуудын эвлэлийн хорооны ээлжит хурлаар энэ бүхэн төгсгөл болж байгаа бололтой. Энэ удаагийн хурлаар тус хороо шинэ Ерөнхийлөгч болон ТУЗ-ийн гишүүдээ сонгох байсан бөгөөд Ерөнхийлөгчид нийт 3 хүн нэр дэвшжээ. Харамсалтай нь Ерөнхийлөгчид нэр дэвшигч П.Ганбат гэгч нөхрөөс болж өнөөдөр зураач, уран бүтээлчид хуваагдаад зогсохгүй Урчуудын эвлэл ч устах аюулд ороод байна. Урчуудын эвлэлийн ерөнхийлөгчид зураач А.Чадраабал, С.Чулуунбаатар, П.Ганбат нар нэрээ дэвшүүлжээ.

Монголын Урчуудын эвлэлийн дүрмийн X зүйлд “МУЭ-ийн гишүүн нь мэргэжлийн уран бүтээлч байна” гэж цагаан дээр хараар бичсэн байдаг. Гэтэл П.Ганбат нь Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ шаардагдах бичиг баримтуудыг хуурамчаар үйлдсэн ноцтой хэрэг илэрчээ. Тэрээр 1994-1997 онд СУИС-ийн уран зургийн ангид суралцаж байсан гэх авч, төгссөн дипломгүй, эзэмшсэн мэргэжилгүй. Дүрслэх урлагийн “Анима” гэх сургуулийг төгссөн гэсэн ч мэргэжлийн дипломын огноо, дүнгийн хавсралтын огноо нь засвартай, бүртгэлийн дугааргүй байсан нь мэргэжлийн зураач биш, хуурамчаар бүрдүүлсэн бичиг баримт болохыг батлаад өгчээ. ХБНГУ-ын Хумболдтын их сургуульд урлаг судлаачаар суралцаж байсан хэмээн герман хэл дээр хоёр баримт өгсөн нь бас л хуурамч байжээ. Нэг баримт нь хэлний шалгалтанд тэнцсэн батламж байсан бол нөгөө нь Хумболдтын их сургуульд суралцахад татгалзах зүйлгүй гэсэн батламж бичиг л төдий байж. Гэтэл тэрээр үүнийгээ урлаг судлаачаар суралцаж байсан хэмээн ичих ч үгүй индэр дээрээс худлаа ярьж, уран бүтээлчдээр тохуурхжээ.

Түүгээр ч барахгүй СУИС-ийн уран зургийн ангид сурч байсан гэх дүнгийн хуулбараа нотариатаар баталгаажуулж өгсөн нь ч хуурамч болох нь илрэх нь тэр. П.Ганбатын аттестатын дор зураач Ц.Цэгмэдийн гарын үсэг байсан нь нэрт зураачийн мутрыг хуурамчаар зурсан нь баригджээ.

Энэ ноцтой үйлдлийн талаар зураач Ц.Цэгмэд "МУЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа П.Ганбатын бүрдүүлсэн материалуудын дунд СУИС-ийн шалгалтын дэвтэр дээр англи хэл, дэлхийн урлагийн түүх, Монголын урлагийн түүх, Уран зургийн технологи, хар зураг, өнгөт зураг зэргийн хичээлүүдийг заасан шалгагч багш дээр Цэгмэд, шалгагчийн гарын үсэг дээр Цэгмэд гэж миний нэрийг компьютерээр бичсэн байна. Миний бие 1997 онд хичээл заадаггүй, шалгагч багшаар ажиллаагүй болно. Тэр үед багш нар гарын үсгээ гараараа бичдэг байсан. Иймээс нэр дэвшигч П.Ганбат бусдын нэр төрд халдаж, хуурамч бичиг бүрдүүлсэн жигшүүрт хэргийг МУЭ-ийн хорооны УЗ, ажлын хэсэг тодруулж өгнө үү?” хэмээн өргөдөл гаргажээ.

Гэтэл Удирдах зөвлөл, ажлын хэсэг энэ ноцтой үйлдлийг хаацайлж хамгаалсаар нэр дэвшүүлжээ. Ингэж хаацайлах учир ч байгаа аж. Саяхан ажлаа хүлээлгэж өгсөн МУЭ-ийн Ерөнхийлөгч С.Төмөрбаатар нь 2019 онд П.Ганбаттай нэгэн гэрээ хийсэн байна. Тэд хотын А бүсэд байрлах Урчуудын эвлэлийн хорооны өргөтгөлийн барилгад хөрөнгө оруулалт хийж барих болон түрээсийн гэрээ байгуулжээ.

Уг нь Урчуудын эвлэлийн дүрмэнд зааснаар бол, барилга байгууламжинд өөрчлөлт оруулахад Урчуудын их хурлын олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж тодорхой заасаар байхад С.Төмөрбаатар нь тамга атгаж буй давуу эрхээ ашиглан, бүх гишүүдийнхээ үгийг сонсохгүй Удирдах зөвлөлийн хэдэн нөхөдтэй зөвлөлдсөн төдий шийдвэр гаргажээ. Ийнхүү гэрээ хийсэн даруй П.Ганбат нь Урчуудын эвлэлийн хорооны Б байрны өргөтгөл хэсэгт хувийнхаа хөрөнгөөр галлерей нэртэй барилга бариад авчээ.

Ингэхдээ бүх хөрөнгө оруулалтыг хувиасаа хийгээд, мөн өөрийнхөө нэр дээр гэрчилгээгээ гаргуулжээ. Арван жилийн дараа Урчуудын эвлэлийн хорооны мэдэлд шилжүүлэн өгнө гэсэн амлалт өгсөн нь хачирхалтай. Барилгын компанийн эзэн тэрээр энэхүү галлерей нэртэй нэг давхар барилгаа барихдаа олон давхар барилга барих зориулалттай суурийн бетон ашиглаж барьжээ. Үүнээс нь харахад энэхүү өргөтгөлийн барилгаа 10 жилийн дараа Урчуудын эвлэлд шилжүүлэн өгөх бус бага багаар идсээр Урчуудын эвлэлийг өөртөө авах ашиг сонирхол нуугдаж байна гэж зураачид, уран бүтээлчид эсэргүүцэж байгаа юм. Үүнийгээ ч ажил хэрэг болгож, мэргэжлийн сургууль төгсөөгүй, мэргэжлээрээ нэг ч удаа үзэсгэлэн гаргаж байгаагүй атлаа Урчуудын эвлэлийн хорооны Ерөнхийлөгчид нэр дэвшиж, улмаар хууль бус, луйврын аргаар сонгогдож чаджээ.

Бас нэгэн ноцтой мэдээлэл нь, Урчуудын эвлэлийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь ямарваа нэгэн өр төлбөргүй байх ёстой гэсэн шаардлага байгаа бөгөөд холбогдох баримт бичгүүдийг өгөх ёстой байсан аж. Гэтэл П.Ганбат нь ямар ч өр төлбөрийн талаарх мэдээллээ өгөөгүй байна. Хувийнхаа хөрөнгөөр галлерей байгуулж аархаад байсан тэрээр үнэндээ асар их өр ширтэй, бүр хугацаа хэтэрсэн муу зээлийн түүхтэй нэгэн байжээ.

Монголбанкны мэдээллийн санд байгаа мэдээллээр, тэрээр нийтдээ 300 гаруй сая төгрөгийн өр зээлтэй ба үүний 100 орчим сая нь муу зээлийн түүхэнд орсон байна. Банк, санхүүгийн байгууллага итгэлцэл дээр мөнгөө бусдад зээлүүлдэг. Гэтэл наад захын ийм итгэлийг дааж чадахгүй, гурван ч газраас зээлсэн өр төлбөрөөрөө муу зээлийн түүхэнд бичигдэж, найдваргүй харилцагч болсон байна. Холбооныхоо дүрэм журмыг хэд хэдэн зүйлээр зөрчин, хууль бусаар сонгогдохоор улайрч байгаа П.Ганбат нь барилгын гурван ч компанитай гэх бөгөөд Урчуудын эвлэлийн Ерөнхийлөгч болохоор улайрч байгаагийн цаад зорилго бол ердөө хотын төвд байршилтай тус эвлэлийн барилга болоод газарт нь эзэн суухаар санаархаж байгаа биз хэмээн УЭ-ийн хорооны захын гишүүн ил тодоор хэлж байна.

Өмнөх Ерөнхийлөгч Ц.Энхжин албан тушаалаа урвуулан ашиглаж, МУЭ-ийн мэдлийн газрыг зарж арилжсан маргаан өнөөдрийг хүртэл шүүх дээр үргэлжилж байгааг сануулахад илүүдэхгүй байх. Урлаг, уран бүтээлийг мөнгөөр үнэлж, хэмжиж болдоггүй. Цаг улирах тусам шижир алтнаас илүү үнэ цэнэд ордог зүйл бол уран зураг. Ийм учраас ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс энэ салбарт орж ирэхэд тухайн салбар хөгжил гэхээс илүү мөнгөнийх болж эхэлдэг. Яг ийм замаар яваад өнөөдөр Монголд мэргэжлийн урлаг устаж, мэргэжлийн уран бүтээлчид гудамжинд гарч байгааг балет, дуурь, цирк гэх мэтээс бэлээхэн харж болно. Харамсалтай нь уран бүтээлчдийн сүүлчийн цайз болсон МУЭ-ийн хороог энэ гай тойрсонгүй. Будаг-шунх, бийр цаасан дундаа уран бүтээлээ туурвиж, нам гүмхэн амьдарч, нам улстөр дагадаггүй, урлагаа дээдэлж явсан зураачид маань барилгын компанийн эзэнд луйвардуулж суугаадаа харамсч байна. Урчуудын эвлэлийн өргөтгөлийг ямар нэгэн тендер шалгуургүйгээр босгосон П.Ганбат олон жилийн үүх түүхтэй МУЭ-ийн хороогоор яаж тоглохыг таашгүй. Хожим нь цирк шиг хоосон балгас болоод хөөрхий хэдэн зураачид бийр багсаа тэврээд гудамжинд гарах вий дээ!

З.Бийрхүү

sonin.mn

ЭМЯ: Коронавируст халдварын 287 тохиолдол шинээр батлагдаж, 8 хүн нас барлаа
ЭМЯ: Коронавируст халдварын 287 тохиолдол шинээр батлагдаж, 8 хүн нас барлаа
 
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.