Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮГЭЛ-ийг би үлээлээ, та харин хэлсэндээ хүрээрэй, ЕРӨНХИЙ САЙД АА

Цар тахлын өнгөрсөн хугацаанд хилээ хааснаас өөр зөв ажил нэгийг ч хийгээгүй гэдгээ та бүхэн мэдэж байгаа. Хаах, хорихыг адгийн би ч чадна. Хаалт хориотойгоо зэрэгцүүлэн авах арга хэмжээ та бүхний чадварыг шалгаж бид өнөөдрийн хүнд байдлыг туулж явна. Гэхдээ алдааг араас нь харахад л тод харагддаг учраас өнгөрсөн түмэн алдааг хэн ч хэдэн мянган км урт ярьж чадах тул яг одоо гаргаж байгаа алдааг ярьж, цаашид алдаа бага гаргах болж өгвөл гаргахгүй байхад хаа хаанаа анхаарах хэрэгтэй байна.

Яг одоо бол та иргэд, oлон нийтийн оролцоотой "Гамшгийн Эрсдлийг Бууруулах Үндэсний Зөвлөл"-ийг байгуулахгүй байгаа нь хамгийн том алдаа болж байна. Уг зөвлөлийг нэн даруй байгуулах ёстой. Учир нь:

Нэгдүгээрт: Аль ч Онцгой Комисс ачаа үүрч чадахгүй байна. Чадах ч үгүй юм байна угаасаа. Цэрэг хувцас огт хэрэг болохгүй гэдгийг би ч харлаа, та ч харлаа, бид бүгдээрээ харлаа.

Хоёрдугаарт: Өнөөдөр санхүүгийн сахилга бат маш муу байгаа цөөнгүй нотлох баримтыг олон нийт хангалттай гаргаж чадна. Хамгийн жижиг хамгийн сүүлийн жишээ. Явуулын цэг дээр 2 хүн сууж байна. Тэд “Тестээ өөрөө аваад ир. Бидэнд байхгүй, хангалт өгдөггүй" гэв. Тестээ аваад очтол алдаатай тест байж таараад нэг ч зураас гарсангүй. Нэг хүн нь “Өө ийм байна. Жоороо л гаргахаас" гээд цаанаасаа 1 тест гаргаж харж үзэв. Түүнээс хойш би 2 удаа явуулын цэгт очсон. Надад зориулсан "жоор" байгааг нь мэдэж байгаа ч гаргахгүй гэдгийг нь бас мэдэж байгаа учраас өөрөө тестээ авч очсон. Миний тест хаашаа ороод байна вэ Ерөнхий сайдаа?

1 хүн, сууж байгаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Гуравдугаарт: өнөөдөр шинж тэмдэггүй өчнөөн халдвар тээгч бидний дунд алхаж явна. Шинж тэмдэг илэрсэн ч шинжилгээний зардлыг нь иргэн өөрөө хариуцаж байгаа учраас санхүүгийн чадамжгүй маш олон халдвар тээгч бидний дунд бас алхаж явна. Арай чадвартай нь эмийн сангаас тест худалдаж авч өөрөө өөртөө шинжилгээ хийгээд нэрэлхүү нь гэртээ мөн л өөрөө өөрийгөө тусгаарлаж байна. Нэрэлхэхгүй байсан ч өрхийн эмнэлэг тан-тун уухыг зөвлөөд л гүйцээ, аз болж утсаа авбал шүү дээ. Юун тэр багц магц байтугай эерэг гарсанаа хэлээд байхад л бүртгэж авах ч үгүй байна. Гурав хоног утсаар чаргуулдаж багц авахгүй гэж амлаж байж нэг юм бүртгүүлж "Таны шинжилгээний хариу эерэг гарлаа" гэсэн мессэж авч байх жишээний. Хэн нэг нь эерэг гарлаа гэж худлаа хэлсэн бол илэрсэн халдварын дэлхийн тоонд ороод явах нь байна тийм үү? Өөрийгөө шинжлээд эерэг гарсан ч үмх талхныхаа төлөө нүдээ аниад маскаа зүүгээд сэм холилдоод явж байгаа тохиодол 2-ийн зэргийг би мэдэж байх жишээтэй.

Ямар нэгэн үйлдэл хийх нь бүү хэл утсаа ч авахгүйг мэдэж байгаа учраас УОК-т тэднийг матах тухай ч бодсонгүй. Та гудамжинд амьдардаггүй учраас юу ч мэдэхгүй, таны хажууд байгаа далдаакууд мэдээж хэлэхгүй, мэдсэн ч та мэдэн будилах байх. Үндсэндээ халдварын статистик худлаа гарч байгаа бөгөөд Монгол хүн эх орондоо төөрүүлсэн гөлөг шиг хөсөр хаягдсан, бөгс арчсан цаас шиг үнэ цэнэгүй болсон шүү.

Дөрөвдүгээрт: Энэ цар тахал зөвхөн Онцгой Комиссуудад үүрүүлэх ачаа биш гэдгийг та бид хоёр сайн мэдэж байгаа. Монгол Улсын Гамшгийн Тухай Хуулийн 22, 23, 27, 22.5, 22.9 дахь заалтуудад “хөгжлийн бодлого төлөвлөлтөд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоонд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээг тусгах, бодлогын зөвлөмж, чиглэл гаргах” чиг үүрэгтэй, орон тооны бус Үндэсний Зөвлөлийг Ерөнхий сайд ахлан байгуулах, аймаг, хот, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар тэргүүлүүлэн мөн орон тооны бус “Орон нутгийн зөвлөл”-үүдийг байгуулах, Үндэсний Зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар батлах тухай заасан. Энэ бол хууль. Гэтэл өнгөрсөн бүтэн жил хагасын хугацаанд энэ тухай хэн ч ган хийхгүй байгааг мунхаг би вээр "ард түмэн мэдээлэлд ойр байх, төрөөс илүүг хийх нь эрх баригчдад халгаатай" байж болох талтай... талтайсаад ч байх юм байхгүй угаасаа тийм гэж харж байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд улсын хөрөнгө, гадны зээл, тусламж, хандивын зарцуулалтаас өгсүүлээд халдвар, тархалт болон бусад тоон статистикууд үнэн зөв эсэх гээд мэдэж авах ёстой асуудал бидэнд бишгүй байна. Мэдэх эрхтэй төдийгүй энэ цаг үед бодлого боловсруулж бүх шатны байгууллагад зөвлөмж, чиглэл өгөх тодруулбал улс орныг удирдан чиглүүлхэд шууд оролцох хуулиар олгогдсон эрх бидэнд бас байна. Төр энэ гамшгийн болон түүний дараахи сэргээн босгох үйл ажиллагааг иргэд, олон нийт, хувийн хэвшилд тулгуурлан явуулахыг ч Монгол Улсын хууль шаардаж байна.

Тавдугаарт: УОК-ын дэргэд хуулинд огт заагаагүй "Эрдэмтийн Зөвлөл" гэх яг үнэндээ байгаа ч юм уу үгүй ч юм уу, байлаа гэхэд хууль бус субъектийг байгуулан ямар нэгэн зөвлөмж, чиглэл авч байгаа нь хамаг юм самарч байна. Гаднаас мөн л байдаг үгүй нь ч мэдэгдэхгүй элдэв эрдэмтдийн багийн нэр барьсан өөр чиглэлийн хулхины “эрдэмтэд”-ийн үгэнд орж улсаа самруулж байгаагийн нэг тод жишээ бол 17.0 тэрбум төгрөг үргүй зарсан “1 хаалга 1 шинжилгээ” гэх эвент байлаа. Өмнөх засаг 50.0 тэрбумыг зарах тооцоо гаргаж байсан. Ийм их зөрүү тооны учрыг хэн бидэнд хэлэх вэ?

6-р сарын яг 15-наас яс бууна л гэсэн гэтэл өсөөд наасс. Хүмүүс их хөдөлчлөө ч гэх шиг. Амьд хүн хөдлөхгүй, сонгуулиар бүр ч хөдлөхгүй гэх хариу гардаг математик аргачлалаар амьдралаас тасархай тоо боддог элдэв “Эрдэмтдийн зөвлөл”-ийн байгааг нь татан буулгаж, байхгүйг нь үл тоож оронд нь иргэд, олон нийт, хувийн хэвшлийн оролцоотой арай өөр тоо боддог ардын зөвлөл /коминтерн мэдээж биш/ бидэнд хэрэгтэй байна.

Зургаадугаарт: Төр бол иргэд, олон нийт, хувийн хэвшлийн сайн үүсгэл санаачилга, бодит амьдралд тулгуурлан зөвхөн зөв бодлого гаргах, тэднийг санхүү бодлогоор дэмжин гүйцэтгүүлэх л үүрэгтэй. Гэтэл бүгдийг төр өөрөө санаачилж, санаачилснаа төр өөрөө санхүүжүүлж, санхүүжүүлсэнээ төр өөрөө гүйцэтгэж байгаа учраас бүх зүйл бүрхэг явагдаж бас бүтэл муутай болж байна. Бид ба төр байр байрандаа орцгоож энэ байдлаа цаашид хэвшүүлэн үлдээх ёстой юм. Иймээс одоо хэн нэг хариуцлагагүй бас хариуцлага огт хүлээдэггүй сайд дарга, пялдага долдой, поп “СТА”-нуудыг замаас хол байлгаж, салбар салбараас шалгарсан эрдэмтэн мэргэд, шударга нь шуурганаар тодорсон нийгмийн зүтгэлтнүүд, ажил нь амьдралаар шалгагдсан хөдөлмөрийн баатар бизнесмэнүүд, боловсрол, дадлага туршлагатай топ менежерүүд, сийрэг хэрсүү идей генераторуудаа дайчлан багтаасан “Үндэсний Зөвлөл”-ийг Та нэн даруй байгуулах нь зүйтэй юмаа. Тэгээд ч энэ бол Таны хуулиар хүлээсэн үүрэг. Нөгөөтэйгүүр “Олны хүч оломгүй далай” гэдгийг та 2019 онд биеэрээ мэдэрсэн дээ. Хичнээн залуу, хичнээн шударга 5 гишүүн байгаад төр эргүүлж чадахгүй байсан шүү. Одоо л жинхэнэ хуулиа даган төрийг байранд нь тавих цаг болжээ Ерөнхий сайдаа. Ямар ч байсан ШҮГЭЛ-ийг би үлээлээ та харин дор хэлсэндээ хүрээрэй.

Эх сурвалж: Жудагийн МЭНДБАЯР

Импортын бараа инфляцыг 6.6 хувьд хүргэв
Импортын бараа инфляцыг 6.6 хувьд хүргэв
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.