Өчигдөр болж өндөрлөсөн Нагоя башёд 14 даваа 1 унаатай үзүүрлэсэн озэки Тэрүнофүжид ёкозүна цол олгох болно гэж холбооны тэргүүн Хаккакү сэтгүүлчдэд мэдээллээ. Өнөөдөр холбооноос Ёкозүнагийн зөвлөлд хүсэлт хүргүүлж, зөвшөөрөл авбал энэ сарын 21-нд Гүйцэтгэх зөвлөл хуралдсaнаар мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи албан ёсоор цолоо гардаж авна.
Ёкозүна цол хүртэхэд дараах хөнгөлөлт, шан харамжийг эдэлдэг ажээ. Тодруулбал,
- Озэки цолтой бөх сард 2 сая 500 мянган иэнийн цалинтай бол ёкозүна 3 сая иэн авдаг.
- Цалин, шагналын мөнгө нийлээд ёкозүна жилдээ 50 сая иэнийн орлоготой.
- Дэвжээнд гарах ёслолыг дээд зиндааны бөхчүүдээс тусдаа хийнэ.
- Тойргийн барилдаан, орон нутгийн тэмцээнд оролцоход өдрийн томилолтын мөнгө 9500 иэнээс 11000 болж нэмэгдэнэ.
- Барилдсан башё болгоноос авдаг мөнгө озэки 150 мянга бол ёкозүна 200 мянган иэн.
- Онгоц, шинкансэн хэмээх хурдан галт тэргээр зорчихдоо дээд зэрэглэлийн суудалд морилно.
- Сүмогийн холбооноос ёкозүна цол хүртсэний мэндчилгээ болгож, 1 сая иэн бэлэглэнэ.
- “Кокүгикан” ордонд машинтайгаа нэвтрэх эрхтэй.
- Зодог тайлахад нь холбооноос шагналын мөнгө өгнө.
- Озэки цолтой бөх гурван туслахтай байдаг бол ёкозүнад 10-15 дагуул бөх үйлчилдэг.
- Башёд барилдахгүй байсан ч цол буухгүй.
- 50 хувийн амжилт үзүүлээгүй ч цолоо хураалгахгүй.
- Зодог тайлаад 5 жил барилдаж байсан үеийн нэрээрээ Сүмогийн холбоонд ажиллах эрхтэй.