Сонгуулийн санал хураалтын хар машинтай холбоотой ноцтой асуудлыг өчигдрөөс хэвлэлүүд бичиж эхлээд байна.
Монгол Улсын сонгуулийн санал хураах, тоолох зориулалттай хар машины программ хангамжийг эзэмшдэг Канадын “Dominion voting” компаниас 2020 оны есдүгээр сарын 15-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн дарга Х.Баясгаланд хандаж:
“Сонгуулийн үр дүнг дэлгэцэд харуулахын тулд MS Exsel програмаас мэдээлэл цуглуулахдаа хөндлөнгийн вэб сервис ашигласан байна. Энэхүү вэб сервисийг ашиглан ойролцоогоор 30 минутын хугацаанд харуулсан цөөн тооны нэр дэвшигчийн сонгуулийн үр дүн буруу байсан. Манай системийг төлөвлөөгүй байдлаар хэрэглэснээс үүдэн сонгуулийн орой ийнхүү эргэлзээтэй байдал үүссэнд харамсаж байна” гэсэн албан бичгийг илгээсэн тухай баримтууд ил болов.
Мөн санал хураах машины IT инженерээр ажиллаж байгаад "сонгогчийн саналыг хууль бусаар өөрчилж, төрийн эрхийг авсан" хэрэгт шалгагдаж байгаа иргэн Г.Ган-Очир өчигдөр ноцтой мэдэгдэл хийв. Тэрээр "Миний бие сонгуулийг хууль бусаар авах гэсэн гэмт хэргийн хохирогч болсон. Цагдаа, тагнуулын байгууллагаар зургаан сар шалгуулсан. 2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр үйлдэгдсэн хэдий ч УИХ-ын сонгуулиас улбаатай. Намын болон төрийн хүмүүс иргэдийн саналыг хууль бусаар өөрчилж байгаа. Монгол Улсын хууль хэргийн гэрч болох надад сэтгэлзүйн дарамт үзүүлсэн. Сонгуулийн хар машины программын хугацаа 2018 онд дууссаны дараагаар МАН-ын удирдах албан тушаалтан ямар ч нууцлалгүй болгосон.
Уг хэрэгт МАН-ын удирдах албан тушаалтан, СЕХ-ны хар машиныг хариуцаж ажилладаг IT инженер, мөн АН-ын хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа нар хамрагддаг" хэмээв.
Дээрх мэдээллүүдийн аль аль нь ноцтой мэдэгдлүүд. Эдгээр хэргүүдэд хариуцлага хүлээх гол байгууллага бол Сонгуулийн ерөнхий хороо. Одоогоор тус байгууллага ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Г.Ган-Очирын ярьснаар түүний холбогдсон хэрэгт хохирогч байхгүй хэмээн хэргийг хаасан гэж байгаа юм.
Хамгийн сонирхолтой нь хар машины серверийг хариуцагч Канадын “Dominion voting” компаниас 2020 оны 9 дүгээр сард ирүүлсэн ноцтой мэдэгдэлд СЕХ болон манай хууль хяналтынхан ямар хариу өгсөн бэ.
Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж буй энэ үед гарч байгаа эдгээр мэдэгдлүүд олон нийтийн эргэлзээг төрүүлж буй нь лавтай. Эргэлзээ төрүүлсэн эдгээр асуултад хууль хяналтынхан болон СЕХ тайлбар хийж мухарлах ёстой.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР