Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын талцал Аюулгүйн зөвлөлийг “хагалав”

УИХ дахь АН-ын бүлгээс уржигдар үдээс хойш Аюулгүйн зөвлөлийн тэргүүн, Ерөнхийлөгч Х.Баттулгад хүсэлт өгсөн. Хүсэлтдээ “...СЕХ эрх баригч МАН-тай хуйвалдаад бидний нэр дэвшигчийг бүртгэсэнгүй. Үүнийг Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцээч” гэсэн байв. Ингээд Ерөнхийлөгч үтэр түргэн хурал зарласан. Нөгөө хоёр гишүүн нь очиж, Аюулгүйн зөвлөл хуралджээ. Тэр хуралд УИХ дахь МАН, АН-ын бүлгийн дарга нар, Аюулгүйн зөвлөлийн ажлын албаныхан гээд нэлээд хүн байлцсан байна.

Хурал эхлэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн, гэтэл СЕХ бүртгэж аваагүй байна. Энэ талаар Аюулгүйн зөвлөлд танилцуулга хийж, хэлэлцээд зөвлөмж гаргая. Бас СЕХ-г дуудах ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Ерөнхийлөгч та ҮАБЗ хуралдахгүй байна гэж худлаа мэдэгдэл хийсэн. Би С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, Б.Хурцтай холбоотой асуудлаар ҮАБЗ-ийг хуралдуулъя гэж бичиг хүртэл явуулсан. Та яагаад худлаа мэдэгдэл хийсэн юм бэ. АН-ыг Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж та хоёр хагалсан. Тэгэхээр хоёр Ерөнхийлөгч өөрсдөө учраа олох ёстой. Энэ бол нэг намын асуудал. Битгий төрийн асуудал болго. Хөл хориотой ийм цаг үед олон нийтийг бужигнуулсан үйлдэлд уриалж болохгүй. Ер нь ҮАБЗ шүүх биш, Цэц биш, СЕХ биш. Сая СЕХ-той холбоотой асуудал ярьж байна. СЕХ-ны хараат бус байдалд халдаж болохгүй. Хуулиар хориотой. ҮАБЗ хэрвээ зөвлөмж, шийдвэр гаргавал энэ нь СЕХ-ны хараат бус байдалд халдсан хэрэг болно” гэж эсэргүүцсэн байна.

Үүнээс болж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр муудалцсан. Ерөнхийлөгчийн хувьд “...Намайг Цэц дээр унагасан” гэж үг хаясан. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх аавыгаа машинаар мөргүүлсэн гэж гэмт хэрэгт гүтгэсэн, хуулийн байгууллагад хандана” гэсэн байна. Улмаар энэ нь хэрүүлийн шинжтэй болж, 40 орчим минут хуралдсан Аюулгүйн зөвлөлийн хурал таржээ. Ингэж хамгийн ойрхон гэж ил, далд яригддаг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар түнжин хагарсан байгаа юм. Ер нь бол томоор нь харвал АН-ын талцал л Аюулгүйн зөвлөлийг “хагалчихаж” байгаа юм. АН-ын хэрүүл хэнээс улбаатай вэ гэдгийг бүгд мэднэ. С.Эрдэнээс тамга авсан Ц.Туваан Их хурлаа хийж, намаа хууль ёсны байдлаар авч яваагүй. Ерөнхийлөгчийн дохиог хүлээгээд хугацаа алдсан гэдэг. Энэ хооронд С.Эрдэнэ эргэж “амилсан”, ард нь Ц.Элбэгдоржийг гарч ирсэн гэдэг. Ингээд АН хоёр хуваагдаж, хоёр Ерөнхийлөгч тус тусад нь удирдлагаар хангаж эхэлсэн.

Тэд Ерөнхийлөгчийн сонгууль тулсныг, шүүх хэнийх нь зөв гэхийг, СЕХ алийг нь хүлээж авахыг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Энэ бүхнийг талцлын тэргүүн фронтод явж байгаа хүмүүс гэлтгүй, АН-ынхан бүгдээрээ дэндүү сайн мэдэж байгаа л даа.

Одоо Сүхбаатарын талбайд “өлсөж” суугаа гишүүд ч Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөгүй гэдгээ мэднэ. Гэхдээ үүгээр халхавчилсан АН-ын дарын төлөөх “сунгаа” л явж байгаа хэрэг юм. Шуудхан хэлэхэд, АН-ын даргад одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар зүтгээд эхэлчихсэн. Хэн нь ч хэндээ алдах сонирхолгүй учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эвлэж, нэгдэж амжаагүй хэрэг. Монголын улс төрд 30-аас дээш жил амьдарчихсан хашрууд шүү дээ.

Энэ нэг хэрэг. Гэхдээ Аюулгүйн зөвлөлийн зарим гишүүнийг ойрдоо ахин нийлэхээргүй хагалчихав уу гэж харагдаж байна.

Ямартай ч манай улсын Аюулгүйн зөвлөл яалт ч үгүй асуудал үүсэхгүй л бол тав дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуустал дахин цуглахгүй нь тодорхой боллоо.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ЭМЯ: 940 шинэ тохиолдол илэрч, 40-95 насны 12 хүн нас баржээ
ЭМЯ: 940 шинэ тохиолдол илэрч, 40-95 насны 12 хүн нас баржээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.