УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөр МАН, МАХН нэгдэх хурал болж байх үед МАХН-ын Хэрэг Эрхлэх Газрын Дарга Н.Уламбаяртай уулзаж, намын гишүүнээс татгалзах өргөдлөө өгсөн билээ. Энэ үеэрээ тэрээр: "Би цаашид АН, ХҮНам болон “Та бидний эвсэл”-д байгаа ИЗНН, МУНН-тай бодлогоо уялдуулж хамтарч ажиллах болно. Эрдэнэтчүүдийнхээ, Монголын ард түмнийхээ дуу хоолой, эрх ашгийн төлөө тууштай ажиллана аа" хэмээж байв. Гэтэл үүнээс хойш ердөө цаг гаруйхны дараа тэрээр АН-д элсэж буйгаа зарлан, АН-ын дарга гэх, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс Ардчилсан Намын гишүүний үнэмлэхээ гардаж аван, олон нийтийн гайхшралыг төрүүлсэн алхам хийх нь тэрээ.
Нэгэн цагт "МАНАН-д орсоноос үхсэн минь дээр" гэж гал цогтой мэдэгдэж байсан, мөн ердөө нэг цагийн өмнө л АН, ХҮНам болон “Та бидний эвсэл”-д байгаа ИЗНН, МУНН-тай бодлогоо уялдуулж хамтарч ажиллахаа зарлаж байсан С.Ганбаатарын бодлыг өөрчилж орхив оо?
Эх сурвалжуудын хэлж буйгаар нэгэнтээ тангараг тасарсан 1-р хүн ба "цагаан байшингийн эзэн" хоёрын зөрчил улам гүнзгийрч буй агаад 1-р хүн : "С.Ганбаатараас тэгтлээ айж, МАН, МАХН-ыг нэгтгэж буй юм бол С.Ганбаатарыг чинь нэр дэвшүүлээд өгье л дөө, гайгүй" гэж занасан байна.
Иймээс ч өнгөрсөн оны намраас хойш чухам л нутгийн ах, дүү гэдгээ гэнэт мэдэж, дөрөө нийлэх болсон УИХ-ын гишүүн С.Ганбаатартай яаралтай холбогдож,: "О.Цогтгэрэлийн АН-д элс, маргааш болох АН доторхи Ерөнхийлөгчийн сунгаанд бүртгүүл, оролц, чамайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны нэр дэвшүүлнэ" гэж амлажээ.
Иймээс л үхсэнээс дор гэж үздэг байсан МАНАН-д орох шийдвэрээ С.Ганбаатар яаран гаргасан байна.
Судлаачид, улс төрчид С.Ганбаатарын энэ шийдвэрийг маш буруу шийдэл буюу мухар гудамж руу орсонтой адил алдаа боллоо гэж үзэж буй аж. Учир нь О.Цогтгэрэлийн АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчийг СЕХ бүртгэх магадлал бараг тэгтэй тэнцүү бол мөн М.Тулгатын АН, О.Цогтгэрэлийн АН ойлголцож, дундаасаа нэг нэр дэвшигч дэвшүүлэх, тэр нь С.Ганбаатар байх магадлал бүр бага юм. Түүнчлэн 1-р хүн ч яг С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлье гэсэн бодолгүй, зүгээр л "цагаан байшингийн эзэн"-тэй тохиролцоонд хүрэх нэг хүү л болгон түлхэж байгаа байж ч мэднэ.
Харин аль ч тохиолдолд өөрийн олон жил эсэргүүцэж идэвхтэй тэмцсэн намынхаа нэг болох АН-д элссэн С.Ганбаатарын цаашдын улс төрийн замнал бүдгэрч, иргэдийн дэмжлэгийг үлэмж хэмжээгээр алдах нь гарцаагүй юм. Учир нь иргэдийн олонхи нь түүнийг улс төрийн хоёр том бүлэглэл- МАН, АН-ын аль нэгэнд багталгүй, өөрийнхөө яваа цорын ганц улс төрч гэдгээр нь илүүтэй талархдаг, дэмждэг байсан билээ.
М.Гал
эх сурвалж: sonin.mn