Олон нийтийн дунд Улсын Дээд шүүх АН-ын “жинхэнэ” даргаар хэнийг нь бүртгэх бол гэсэн хүлээлт үүсээд буй. “Жинхэнэ” хэмээн тодотгосны учир нь, АН-ын дотоод зөрчил, маргаан тогооноосоо хальж, одоогийн дарга нь хэн, цаашид хэн болох эсэх нь тодорхойгүй үргэлжилсээр эцэст нь хууль, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхэд хүрэв. Эрх мэдэл, албан тушаалын төлөө хоёр хуваагдан тэмцэлдсээр улмаар талууд даргаа тодруулах сонгуулийг нэгэн зэрэг зохион байгуулж, өөр өөрсдийн тодруулсан хүнээ баталгаажуулахаар зүтгүүлэн Улсын Дээд шүүхэд хандсан нь улс төрийн намуудын түүхэнд тохиож байгаагүй үйлдэл юм. Нэгэн цагт улс төрийн томоохон хүчин гэгдэж явсан АН-ийн удирдлагууд намынхаа түүхийн хуудаст ийнхүү “хар” тэмдэг үлдээв. Улс төрийн намын түүхэнд сайнаар эсвэл муугаар тэмдэглэгдэн үлдэх гэдэг нь тус намын удирдлагуудын гаргаж буй шийдвэр, хийж буй үйлдлээс шалтгаална.
ТАЛУУД ХҮНЭЭ БҮРТГҮҮЛЭХЭЭР ЗҮТГҮҮЛЭВ
АН-ын даргаар бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд нэрийг нь хүргүүлээд буй хоёр хүнийг хэрхэн тодруулсан тухайг эргэн товчхон сануулъя. АН-ын даргыг сонгох сонгуулийн санал хураалтыг талууд нэг өдөр цахим болон цаасаар авсан. Тодруулбал, Ц.Тувааны зохион байгуулсан цаасан сонгуульд 70 мянган гишүүн оролцож, дийлэнх нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлд саналаа өгсөн бол С.Эрдэнийн зохион байгуулсан цахим сонгуульд 30 гаруй мянган гишүүн оролцож, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Тулгат олонхын саналыг авч, ялалт байгуулсан юм.
Товчхондоо, С.Эрдэнийг М.Тулгат, Ц.Тувааныг О.Цогтгэрэл орлохоор болов. Ингэснээр О.Цогтгэрэлийг АН-ын даргаар батламжлах их хурлаа өнгөрсөн долоо хоногт “Дүнжингарав” худалдааны төвийн задгай талбайд зохион байгуулж, АН-ын даргаар бүртгүүлэхээр энэ сарын 8-нд Улсын Дээд шүүхэд хандсан. Харин М.Тулгатыг АН-ын даргаар батламжлах их хурлаа цахимаар зохион байгуулж, улмаар мөн Улсын Дээд шүүхэд хандсан. Ийн талууд өнгөрсөн долоо хоногт дарга нарынхаа материалыг Улсын Дээд шүүхэд хүргүүлснээр Улсын Дээд шүүх хуулийн хугацаанд буюу энэ долоо хоногт хэлэлцэх учиртай аж.
АН-ЫН ХОЁР ДАРГЫГ ХОЁУЛАНГ НЬ БҮРТГЭХГҮЙ БАЙХ МАГАДЛАЛТАЙ
Дээр дурдсан хоёр хүний хэнийг нь Улсын Дээд шүүх бүртгэх бол аль эсвэл хоёуланг нь бүртгэхээс татгалзах болов уу, тэднийг бүртгэхээс татгалзах үндэслэл шалтгаан нь юу байх вэ гэдэг олон асуудал урган гарч буй. Улс төрийн намын тухай хуулиар М.Тулгатыг АН-ын даргаар бүртгэх магадлалтай аж. Улс төрийн намын тухай хуулийн 9.3-т “Нам нь Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.1-д зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ”, Үүнд 9.3.1 -д “Намыг бүртгүүлэхийг хүссэн намын даргын гарын үсэг бүхий өргөдөл” гэж заажээ. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзвэл УДШ болон УБЕГ-т бүртгэлд АН-ын даргаар С.Эрдэнэ бүртгэлтэй байгаа тул түүний гарын үсэг бүхий өргөдөлд үндэслэл болох бололтой. М.Тулгатыг АН-ын даргаар бүртгэх магадлал нь энэ аж. АН-ын дотоод сонгуулийн хороо нь хүчин төгөлдөр гэж үзвэл О.Цогтгэрэлийг бүртгэх магадлалтай аж. Харин Ц.Туваан тэргүүтэй нөгөө тал нь 2017 оны АН-ын их хурлаар томилогдсон Дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулсан “Намын даргын сонгуульд ялалт байгуулсан тул О.Цогтгэрэлийг бүртгэж өгнө үү” гэж хандаж байгаа бололтой. Учир нь, Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд тэмдэглэсэн “Улсын Дээд шүүхийн өнгөрсөн нэгдүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Тувааныг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, АН-ын даргаар бүртгүүлэх С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалзсан” гэсэн тэмдэглэлийг үндэслэл болгож, С.Эрдэнэ болон Ц.Туваан АН-ыг төлөөлөх эрхгүй зөвхөн АН-ын их хурлаас байгуулагдсан Дотоод сонгуулийн хороо асуудлыг шийдвэрлэнэ гэж тайлбарлах талтай аж.
АН-ЫН АСУУДЛААР УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ӨМНӨ НЬ ЯМАР ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙВ
АН анх удаа Улсын Дээд шүүхэд хандаагүй. Өмнө нь аль аль тал нь тодорхой асуудлаар Улсын Дээд шүүхэд хандаж байсан удаатай. Тухай бүрд Улсын Дээд шүүх ямар шийдвэр гаргаж байсан бэ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нд Ц.Тувааны талаас зохион байгуулсан намын аравдугаар их хурлаар хэлэлцсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс Улсын Дээд шүүх татгалзсан. Тодруулбал, АН-ын X их хурлаас гаргасан Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл, холбогдох бичиг баримтыг процессын дагуу явагдаагүй, дүрмийн бус гэж Улсын Дээд шүүх үзсэн юм. Мөн Ц.Тувааныг Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлийн сангаас хасах шийдвэр гаргаж, тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийг намын Үндсэн дүрэмд заасны дагуу сонгон шалгаруулах нь зүйтэй гэж үзжээ. Мөн Дээд шүүхээс цахим бүртгэлд намын даргаар С.Эрдэнийг бүртгүүлэх талаар гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр цахим бүртгэлд тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэл тодорхой бус үлдэж, нам дотоод асуудлаа шийдвэрлэж, энэ талаар дахин хандах эрхтэй гэж үзсэн.
Улсын Дээд шүүх болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт АН-ын даргаар С.Эрдэнэ бүртгэлтэй байгаа тул түүний хүсэлтийн дагуу Ц.Тувааны хэрэглэж байсан тамгыг хүчингүй болгож, улмаар АН-ын тамгыг дугаараар Улсын бүртгэлд дахин бүртгэж С.Эрдэнэд олгосон байдаг.
ЯМАР Ч ШИЙДВЭР ГАРГАСАН АН-ЫН ДОТООД АСУУДАЛ УЛАМ ХУРЦАДНА
УИХ-ын ээлжит сонгуулийн дараагаас эхэлсэн АН-ын дарга хэн байх вэ гэдэг марафонд буюу хэл ам, хэрүүл шуугиан дагуулсан дуулиантайхан хоёр сонгуулиас дээр дурдсан хоёр хүний нэр тодорсон. Гэхдээ ингээд АН-ын зөрчил маргаан эцэслэгдэж байгаа юм биш харин ч өмнөхөөсөө илүү хурцдаж, олон асуудлыг араасаа дагуулах нөхцөл байдал үүсэв. Эхнийх нь хаяанд ирээд буй Ерөнхийлөгчийн сонгууль. Парламентад суудалтай улс төрийн намууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ тодруулах хугацаа өдөр өдрөөр ойртож буй энэ үед АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэгнийг нэр дэвшүүлж чадах эсэх нь тун бүрхэг, эргэлзээтэй. Магадлал тун бага гэхэд болно. Дэвшүүлсэн ч бүдрэх магадлал өндөр. Энэ тухай мэргэжлийн хүмүүс төдийгүй намынх нь учир мэдэх гишүүд хүртэл анхааруулж, сануулсаар байсан ч шийдэлд хүрч чадахгүй явсаар Улсын Дээд шүүх дээр очив. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН хүнээ сойлоо ч өрсөлдүүлэх боломжгүй болох нөхцөл байдалд хүрч болзошгүй гэдгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж удаа дараа анхааруулсан. Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар, нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд тавдугаар сарын 2-5-нд хүргүүлнэ. СЕХ-ноос нэр дэвшигчийн материалд асуудал гарвал хоёр хоногийн хугацаанд залруулахаар хуульд тусгажээ. Энэ хугацаанд АН-ын дүрмээр нөхөн нэр дэвшигч тодруулах боломжгүй. Гэтэл тусдаа тамгатай хуваагдсан АН-аас хоёр нэр дэвшигчийн материал СЕХ-нд очвол нэг нь албан ёсны тамгатай, нөгөөх нь цахим бүртгэлгүй гэх үндэслэлээр хоёулаа нэр дэвшигчээ хасуулах эрсдэлтэй” гэж анхааруулсан хэдий ч гал тэрэг аль хэдийнэ хөдөлж, хоёр хүний материал Улсын Дээд шүүхэд очсон, улмаар СЕХ-нд очихыг ч үгүйсгэхгүй.
Ямартай ч АН-ын даргыг бүртгэх эсэх Улсын Дээд шүүхийн хуралдаан бол цаашид улс төрийн намуудын үйл ажиллагаанд жишиг болох ёстой. Учир нь, аль нэг улс төрийн намын зөрчил маргаан, энийг биш, тэрийг намын дарга болгоно гэх зэрэг асуудлаар Улсын Дээд шүүхэд хандаад тэр бүрийг нь хэлэлцэж, шийдвэрлээд байвал улс төрийн намууд дунд буруу жишиг тогтох эрсдэлтэй.
Улсын Дээд шүүх ямар шийдвэр гаргахаас үл хамаарч тус намын дотоод зөрчил маргааны асуудал үргэлжилнэ. Аль нэгийг нь бүртгэлээ гэж бодоход нөгөө тал нь тухайн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрнө. Харин хоёуланг нь бүртгэхээс татгалзсан тохиолдолд талууд хоёулаа тэрний, энэний захиалгаар Улсын Дээд шүүх бүртгэсэнгүй гэх зэргээр хардаж, сэрдэж эхэлнэ. Олон жил үргэлжилж буй эл асуудалд цэг тавих хүмүүс бол АН-ынхан өөрсдөө. Гарц шийдэл нь гар барих буюу эвлэлдэн нэгдэх. Эс бөгөөс АН-ын удидлагуудын талцал намаа хуваахад ч хүргэж болзошгүй юм.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин