Ардчилсан намын зарласан сонгууль хүчинтэй юу эсвэл С.Эрдэнийн зарласан Дотоод сонгууль хүчинтэй юу гэсэн маргаан намынх нь гишүүдийн дунд байна. Ц.Тувааны зарласан намын даргын сонгуульд анх 17 хүн бүртгүүлснээс О.Цогтгэрэл, О.Амартүвшин, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд гэх дөрвөн нэр дэвшигч тунаж үлдээд сонгуулийн ажлаа эхлүүлжээ.
Хэн намын дарга болохоос хамаарч Ерөнхийлөгчийн дотоод сунгаанд ялагч тодрох учиртай. Тавдугаар сарын 2-нд АН дотоод сунгаагаараа Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулна.
Сүүлийн өдрүүдэд АН-ын даргын сонгуулийн дүн урьдчилан гарсан гэдэг мэдээлэл явж байна. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ялах сценарь бичигдсэн тухай ч жиг жуг бий. Түүнийг намын дарга болгох ажлыг И.Мөнхжаргал гардаж байгаа гэсэн мэдээлэл бий. И.Мөнхжаргал нь З.Энхболдын гарын хүн бөгөөд Өвөрхангай аймаг дахь телевизийнх нь захирлаар ажиллаж байсан. Сая дотоод сонгуулийн хорооны гишүүдээ хагалж, хүчингүй болсон тамгаар дотоод сунгааг зарласан цаад шалтгаан нь З.Энхболдтой холбоотой.
З.Энхболдын хувь Х.Баттулгын Тамгын газрын даргаар ажиллаж гал тогоог нь барьж байхдаа эзнээ хорлож, өөрийг нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх заалтыг Үндсэн хуульд шургуулж чадсан нэгэн гэж хардагддаг. Үүний учир ч тайлагдах байх шиг байна, учир нь тэр өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санаархлаа гүйцэлдүүлэхийн тулд И.Мөнхжаргал хүүхэлдэйг түлхэж, хуурамч Дотоод сонгуулийн хорооны даргын дүрээр АН-ыг самарч байгаа бололтой.