Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Засгийн газраас 10 их наядаар хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө

 

Засгийн газраас эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа аврах 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг танилцууллаа. Энэ хүрээнд хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.  Тэрээр эдийн засгаа дэмжихийн тулд халамжийг биш ажлын байрыг чухалчлах болно. Ажлын байраа хамгаалах нь энэ хөтөлбөрийн амин сүнс байх ёстой гэдгийг онцоллоо. 

Засгийн газраас танилцуулсан эдийн засгаа идэвхжүүлэх, аврах төлөвлөгөө

1. Үйлчилгээний салбарынхан, ЖДҮ-ийнхэн маш хүнд байдалд орсон. Ихэнх нь зээлийн хүү түрээсийн асуудалд орсон байна. Тиймээс энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдэд хоёр их наяд төгрөгийн эх үүсвэр гаргаж, гурван хувийн хүүтэй зээлийг гурван жилийн хугацаатай олгохоор болж байна. Зээлийн эргэн төлөлтөөс нэг жилийн хугацаанд чөлөөлнө. Эх үүсвэрийн хувьд нэг их наядыг нь  Хармагтайн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэндээс олборлосон алтыг Монголбанкинд тушаах байдлаар босгоно. Үлдсэнийг нь Засгийн газар Монголбанкнаас тэг хувийн хүүтэй бонд худалдан авах байдлаар эх үүсвэрийг банкуудад хуваарилна. 

2. Монголбанкны менежментийг өөрчилж, дундаж орлоготой иргэдийг дэмжих банкны хэлбэр рүү зохион байгуулалтад оруулна. Цаашдаа заавал арилжааны банкны өндөр хувийн хүү тооцохгүйгээр Төрийн банк дундаж давхрагатай иргэдийг дэмжих үндэсний тогтолцооны хүрээнд бага хүүтэй зээл олгодог тогтолцоо руу хоёрдугаар сарын 23-наас эхлэн орно. Дундаж орлоготой иргэдийг дэмжсэн тухайлсан банк, хөдөлмөрийн бирж ажиллана гэсэн үг. 

3. Залуучуудын хөлөлмөр эрхлэлтийг дэмжиж 500 тэрбум төгрөгийг гаргахаар боллоо. Үүнийг төсөвт зохицуулалт хийх байдлаар гаргана. Хоёр сарын хугацаатай нэг сая төгрөгийг олгох тэтгэлэгт хөтөлбөрийг зарлана. Залуучуудыг бид E-Mongolia цонхонд цахимаар бүртгэнэ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, шат шатны Засаг даргын Тамгын газрууд мөн бүртгэнэ. Ажлын байрны цомхотголд өртсөн, ажлын байргүй болсон залуусыг дэмжинэ. Сар бүр 5000 залуусыг тусгай хөтөлбөрт хамруулж, сургаж сертификат олгоно. Хоёр сарын түргэвчилсэн вакум сургалтад хамруулна, төгсөхдөө нэг сая төгрөг авна. Үүний дараа томоохон төслийг хөдөлгөж байгаа аж ахуйн нэгжүүдэд ХНХ-ын яамаар дамжуулж, хөдөлмөрийн бирж ажиллуулна. Тухайн хөтөлбөрт хамрагдсан залуус том бүтээн байгуулалт, жишээ нь, Тавантолгойн цахилгаан станц, Богд хаан төмөр зам ч юм уу, иймэрхүү том бүтээн байгуулалтад ажиллах хүчинд санал болгоно. Шууд зуучилж, ажлын байртай болгох асуудлыг шийдвэрлэнэ. Энэ залуучуудаас бүрдсэн ажлын байрыг хамгийн олноор бий болгосон ААН-д татвар болон бусад урамшууллыг Засгийн газар олгоно. Улаанбаатарын иргэн хөдөө орон нутаг руу явж ажиллахаар бол нэмэлт урамшуулал, орон сууцны зээл болон суралцах хөнгөлөлтүүдийг санал болгоно. Гурван жилийн хугацаанд 50-60 мянган залуусыг энэхүү хөтөлбөрт хамруулах тооцоо, зохицуулалтыг хийсэн.

4. Орон сууцжуулах хөтөлбөрт гурван их наяд төгрөгийн төлөвлөгөө хэрэгжүүлэхээр боллоо. Барилгын салбар хамгийн их ажлын байр бий болгож, олон залуусыг ажиллуулдаг.  Тиймээс орон сууцжуулах цогц хөтөлбөрийг Засгийн газар бодлогын төвд байлгаж, анхаарал хандуулна. Нэг их наядыг нь төрөөс үнэгүй олгох, нэгдсэн сувгаар орон сууц барих, үнийн бодлогод оролцож, цемент болон арматур төмөртэй холбоотой асуудал дээр Засгийн газраас онцгой хөнгөлөлт үзүүлэх, мөн зээлийн батлан даалтын сан болон дэд бүтцийн асуудлыг төрөөс хариуцах. Тухайн хороолол баригдаж байгаа газруудад байрлах төрийн үйлчилгээг төр хариуцна. 

Тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээлүүдийг барилгын компаниудад санал болгоно. Үнэгүй газар, дэд бүтэц дээр барилгын компаниуд Засгийн газартай хамтарч ажиллана гэсэн үг. Компаниудын хувьд байр бариад яаж зарах вэ гэдэг гол асуудал бий. Үүнийг нь Засгийн газар зохицуулалт, бодлогоор хангаж ажиллана. Барилгын метр квадратын үнийг тодорхой төвшинд буулгаж, Засгийн газрын стандартад нийцүүлж чадвал тухайн байрыг хоёр их наяд төгрөгийн эх үүсвэр бүхий ипотекийн санхүүжилтэд хамруулна. Үүнд, ипотекийн зээлийг 30 жилийн хугацаатай, сар болгон 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийнэ. Хоёр их наяд төгрөг хангалтгүй бол санхүүжилтийг дахин нэг их наядаар нэмэх боломж бий. Импотекийн зээлийг зургаан хувийн хүүтэй олгох бөгөөд цаашдаа орон нутагт ипотекийн зээл олголтыг нэмж, хүүг бууруулна.  

5.  Монголбанкнаас банкуудад нийлүүлж байгаа репо санхүүжилтийг нэмэгдүүлнэ. Уул уурхайн бус салбарын экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж байгаа иргэн, ААН-д зээл олгоход нэг их наяд төгрөгийг төсөвлөж байсныг хоёр их наяд, хугацааг хоёр жил болгож, улирал тутамд олгох санхүүжилтийн хэмжээ 250 тэрбум төгрөг байсныг 500 тэрбум болгосон. Хувийн хэвшлээ дэмжих, царцсан эдийн засгаа сайжруулах чиглэлд Монголбанктай маш том хэлцлийг хийж чадсан. Иргэд, ААН-үүд 300-500 сая төгрөгийн зээл авах боломж нээгдэж байгаа. Цаашдаа бодлогын хүүг бууруулах арга хэмжээг шат дараалан хийвэл зээл олгож байгаа 10.5 хувийн хүү буурах боломжтой. 

6. Хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих зээл олгоно. Мал мах, түүхий эдийн эдийн экспортыг Засгийн газар дэмжиж, эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон зарласан. Үүний хүрээнд хаврын тариалан эрхлэлтийг дэмжих зээлд 100 тэрбум, зээлийн хүү гурван хувь, хугацаа нэг жил байхаар тогтлоо. Ноолуур бэлтгэлийн зээлд 200 тэрбум, зээлийн хүү гурав, хугацаа нэг жил. Малчдыг дэмжих зээлд 200 тэрбум, зээлийн хүү гурав, хугацаа гурван жил. Өрхийн тариалан, хөдөлгөөн өрнүүлж буй хүнсний ногоо тариаланчдад дэмжлэг үзүүлж ажиллана. 

7. Томоохон төслүүдийг хөдөлгөж, эдийн засгаа дэмжинэ. 

-Алтанбулаг, Замын-Үүд боомтын шинэчлэл

-Солонго I, II, III орон сууцны хороолол

-Тавантолгойн цахилгаан станц

-Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц

-Газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хийн хоолой

-Эрдэнэс-Тавантолгойн бонд босгож, Богд хаан төмөр зам, Зүүнбаянгийн төмөр зам болон бусад санхүүжилтийн эх үүсвэртэй холбоотой санхүүжилтийг Засгийн газар 100 хоног дотроо багтааж бүх тендерийг эхлүүлнэ. 

Мөн Засгийн газар онцлох 100 төслийг төр хувийн хэвшлийн түншлэлтэй хамтран хэрэгжүүлэх санаачилгыг эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. Эдийн засгийг хамгийн их өсгөх магадлалтай төслийн ТЭЗҮ-г гаргаж, үндэслэлтэй төслүүдээс хэрэгжүүлээд явах юм байна. Эрдэнэтийн зэсийг баяжуулъя, Тавантолгойн нүүрсийг угаая, боловсруулах үйлдвэр барьж, аж үйлдвэржсэн улс болох төслийг түлхүү дэмжиж, түүнийг холбосон дэд бүтэц, технологийг дэмжиж ажиллах аж. Эдгээр чиглэлд төр хувийн хэвшилтэй хамтран ажиллаж, ирэх 100 хоногт эхлүүлнэ. 

Дээр дурдсан арга хэмжээ, төслүүдийг хэрэгжүүлэхэд 10 их наяд төгрөг гаргах бөгөөд дийлэнх санхүүжилтийг Монголбанкны эх үүсвэрийг түшиглэн гаргахаар төлөвлөжээ. Төсвөөс их хэмжээний санхүүжилт гаргахгүйгээр баялгаа зөв зохистой ашиглах байдлаар шийдэх аж. Түүнчлэн дээр дурдсан арга хэмжээ, санхүүжилтийг гурван жилийн хугацаанд хийнэ гэдгийг Ерөнхий сайд тодотголоо.

Эх сурвалж: shuurhai.mn

Д.Сумъяабазар: Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асуудлыг газар дээр нь шийд
Д.Сумъяабазар: Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асуудлыг газар дээр нь шийд
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.