УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаата Оюутолгойн гэрээний асуудлаар Засгийн газарт тавьсан асуулгын хариуг УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хэлэлцэх хуваарьт оруулах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлжээ. Энэ тухай тэрбээр өнөөдөр мэдээлэхдээ, \"Оюутолгойн гэрээг Монголын ард түмэнд ашигтай болгож сайжруулахаар ажиллаж буй Засгийн газрын ажлын багт асуулга тавьсан байна.
Тус ажлын баг УИХ-ын чуулганы хуралдаанаар нэн яаралтай ажлаа тайлагнах хэрэгтэй\"-г сануулаад, \"Оюутолгойн ордоос 2013 оноос хойш 1.2 сая тонн зэс, 75.8 тонн алт, 231 тонн мөнгө гарчээ. Өөрөөр хэлбэл, өнөөгийн ханшаар 14 тэрбум ам.долларын баялаг Монголоос гарсан. Гэвч Монгол Улс ирээдүйд 22 тэрбум ам.долларын өртэй, 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй гэдгийг Рио Тинто албан ёсоор мэдэгдсэн.
Оюутолгойн гэрээг сайжруулахыг УИХ-аас Засгийн газарт үүрэг өгөөд хоёр жил орчим болсон ч дорвитой алхам хийхгүй байна\" хэмээв.