Хууль, шүүхийн шийдвэрээ биелүүлдэггүй том толгойтой хурган дарга нарт хэн хариуцлага тооцдог болох вэ. Тэд дураараа тушаал шийдвэр гаргаж, дургүйгээ ажлаас халж, дуртайгаа ажилд авсаар удаж байна. Тодруулбал, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нь өнгөрсөн долдугаар сарын 10-нд буюу улсын их баяр наадмын үеэр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргалыг 3 үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тухайн үед Ө.Батжаргал шат шатны шүүхэд гомдол гаргасныг тухай бүрт нь шүүх хүлээн авч хэлэлцээд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарын гаргасан тушаал нь хууль зөрчсөнийг шүүх тогтоосон байгаа юм. Гэтэл энэхүү шүүхийн тогтоол, шийдвэрийг НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар биелүүлээгүй учир Төрийн албаны зөвлөл гомдол гаргагчийн дагуу Л.Төмөрбаатарт 2020 оны 05 дугаар сарын 20-нд “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай/ албан тоотыг явуулжээ.
Энэхүү албан тоотод “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0002 дугаар шийдвэрээр Ө.Батжаргалыг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32,1-т “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан.
Иймд Та хуульд заасан үүргээ биелүүлж, Ө.Батжаргалыг Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэрийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дотор биелүүлж, Төрийн албаны зөвлөлд хариу ирүүлнэ үү” гэжээ. Гэвч өнөөдрийг хүртэл дээрх шүүхийн шийдвэр хэрэгжээгүй яваа юм.
Энэ мэтчилэн шүүхийн шийдвэр биелүүлэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Төрийн албаны зөвлөлөөс, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарт удаа дараа шаардлага мэдэгдэл, албан бичиг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй явсаар байна. Тиймээс хууль, шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж, дураараа дургиж байгаа энэ мэт хүмүүст хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.