Нийтийн дууны ертөнцөд “Хоёулаа”, “Хос жаргал”, “Жаргалтай хосын харц” гээд олон дуугаар өөрийн орон зайг бий болгож, ард түмнийхээ зүрх сэтгэлд эгшиглүүлсэн, “Эх үрсийн элч” дуучин Ноён Бондгор айсуй сонгуульд бие даан нэр дэвшихээр болжээ. Тэрээр дуулж эхэлсэн цагаас хойш уран бүтээлийн чанартаа анхаарахын зэрэгцээ нийгмийн чиглэлд олон сайн сайхан үйлс бүтээснийг бид мэднэ. Манай урлаг соёлын алдартнуудаас нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо өргөдөг, авьяас чадвараа зориулдаг уран бүтээлч цөөнгүй бий. Тэдний нэг нь яах аргагүй дуучин Ноён Бондгор бөгөөд тэр хүчтэй өрсөлдөгчид бүхий Баянгол дүүргээс УИХ-ын сонгуульд өрсөлдөх аж.
Түүний уран бүтээл амьдралын хамтрагч УИХ-ын гишүүн, дуучин С.Жавхлан аанай л нийгмийн сайн сайхны төлөө уран бүтээл, түүнээс олох орлогоо зориулж ирсэн хүн. Тиймдээ ч шийдвэр гаргах түвшинд очиж, нийгэмд илүү жинтэй нөлөөлөх ажил өрнүүлье гэсэн нь талаар болсонгүй. Харин “Эх үрсийн элч“ дуучин Ноён Бондгор ч ийнхүү төлөвлөгөөний дагуу улс төрд хүч үзэхээр шийдсэн бололтой. Ямартай ч уран бүтээлчид дундаа элдэв хар буруу зүгийн зүйлд хутгалдаагүй, нэр цэвэр, нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэж чаддаг залуу уран бүтээлч ийнхүү эрс зоримог шийдвэр гаргажээ. Магадгүй тэрээр хамтрагч С.Жавхлантайгаа хөтлөлцөөд парламентын босгоор алхвал нийгэмд нэгэн өөр салхи сэвэлзүүлэхийг байг гэх газаргүй.
Тэрээр улс төр, нийгэмд амь бөхтэй оршсоор байгаа авлига, хээл хахууль, шударга бус зүйлтэй тэмцэхэд зөвхөн уран бүтээл том нөлөөлөл үзүүлж чадахгүй байгаа учраас шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо нэмэрлэхээр шийдсэн байх. Гэхдээ тэр хэзээ ч уран бүтээлээ орхиж сонсогч фенүүдээ гомдоохгүй гэдгээ ч дуулгана лээ. Өдгөө Баянгол дүүрэгт МАН, АН-аас нэр дэвшигчид болон бусад горилогчид түүнийг зүй ёсны хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэж, битүүхэн эсрэг тактик ч зохион байгуулах сураг бий.