Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нам дотроо зодолдох нь тэдний хэрэг ч золиос нь ард түмэн болдог

Эрх баригчид энэ жилийн сонгуулийг олон мандаттай томсгосон тойргоор явуулахаар хуульчилсан.  Гэвч томсгосон тойрог горилогчдын дунд “зодоон” болж хувирч,  нэг намын шүхэр дор хорогддог  “эв хамт”-ын гишүүд гүзээндээ хөлөө хийлцэх шалтаг болж байгааг улс төрийн тулга тогоо тойрсон ойрын өдрүүдийн үйл явдал гэрчилж байна.

Өнөөдөр гэхэд л Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын шүүх хурал болж байна. Л.Төмөрбаатар, Л.Ганболд гээд хоймор нутгийн хоёр дарга сүүлийн үед хэвлэл мэдээллийн бай болоод байгаа.  Үүний цаана Хөвсгөлийн тойргийг хараалсан улс төрчдийн далд зодоон явж байна гэж харагдахаар байгаа юм.

Хөвсгөл бол 133 мянга гаруй сонгогчидтой  гурван мандат бүхий “гал ноцсон” том тойрог. Тус тойргоос  Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн Л.Мөнхбаатар нар төрд сонгогдсон. Бүгд нэг намынхан, нэг нутгийнхан. Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан нар нутгаасаа хоёр удаа сонгогдсон, сонгогчдынхоо дунд байр сууриа бэхжүүлж амжсан нөхөд.

УИХ-ын гишүүн гэдэг нэг орсон хүн эргээд гарч чадахгүй хоргодож хойргошоод байдаг онцгой албан тушаал, эрх мэдэл юм шиг байна. Энэ жишгээр одоо байгаа МАН-ын гурав ч 2020 оны сонгуульд нутагтаа өрсөлдөх тооцоо товтой явж байгаа нь тодорхой зүйл. Гэхдээ энэ жилийн сонгуулиар томсгосон тойрогт тэд нэг намын хамтрагчид биш өрсөлдөгчид болно. Наанаа инээвч цаанаа хоноц хоноцдоо дургүй гэгчээр бие биеэ сэмхэн тээршааж байгаа нь баараггүй үнэн. 

Нөгөө талаасаа Хөвсгөлийн тойрог зөвхөн энэ гуравт зориулагдаагүй. МАН-аас энэ гурав дээр нэмэгдэж аймгийн одоогийн Засаг дарга Л.Ганболд, ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар нар нэр дэвшинэ гэхийг үгүйсгэх аргагүй. Хөвсгөлийн сонгогчид өөрсдийнхөө өнөөгийн сонголтод эргэлзсэн, сэтгэл дундуур байгаа явдал өнгөрсөн 4 жилд гарсан байхыг үгүйсгэхгүй.

Энэ бүхэн бол МАН-ын гурвын толгой дээр хурж буй үүл. Хэдийгээр МАН-ын гишүүд том эрх ашиг дээрээ нэгдэж чаддаг давуу талтай ч  энэ сонгуулиар  багц суудлаа эмтлэхгүй гэх баталгаа байхгүй.  Тийм болхоороо л одоогийн гурван гишүүн ил далд зодоонтой байна.

Тэр нь аймгийн хоёр даргынхаа “хойтохыг  унших” гэсэн холын санаагаар илэрч байна. Засаг дарга Л.Ганболдыг авлигын хэргээр шүүж байгаа гэх мэдээлэл бий. Энэ хүн 4 жил Засаг даргаар ажиллаж байгаа. Харин яагаад ингэж сонгууль хаяанд ирсэн үеийг тааруулж шүүх болов гэдэг нь  өрсөлдөгчдийн тактик гэж хардах эрх сонгогчдод бий.

Орон нутагт  нэр нөлөө бүхий хүнтэй, хөлтэй нэр дэвшигч сонгуульд ялдаг нотлохын хэрэггүй үнэн.  Энэ үүднээсээ өрсөлдөгчдийнхөө тэр амьд хэлхээ холбоо, хөлийг таслах гэсэн явдал одоо Хөвсгөлийн тойрогт болж байна. Харин хэн нь хэнийхээ гэдэг нь одоогоор тодорхойгүй.

Монголд улс төр гэдэг угаасаа л нэг иймэрхүү ил далд зодоонтой болдог. Зуд  ирвэл ухна хуцандаа гэдэг шиг аймаг орон нутгийн удирлагууд эхэлж өртдөг тэр танил тактик явж байна. Саяхан цагаан сарын өмнөхөн нийслэлийн Чингэлтэй дүүргийн удирдлагуудыг хэрхэн халж солилоо, тэр л жишиг.  Нам дотроо зодолдох нь тэдний хэрэг ч золиос нь ард түмэн болдогт асуудал байгаа юм. 

 С.Адъяа

Э.АРИУНБОЛД: Ойн цэвэрлэгээ нэрийн дор ХУЛГАЙН МОД бэлтгэдэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
Э.АРИУНБОЛД: Ойн цэвэрлэгээ нэрийн дор ХУЛГАЙН МОД бэлтгэдэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.