Ч.Маралгоо, Х.Номин, Г.Есүгэн гэх гурван охин Монгол Улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцохоор Индонез яваад тэндээ 40 гаруй хоножээ. Энэ хугацаанд эцэг эх нь үр хүүхдээ эх оронд нь авчрахын тулд бүхий л боломжийг хайсан боловч арга мухардаж ил захидал бичжээ.
Энэ тухай эцэг, эхийнх нь бичсэн захидалд, “... Токиогоос ирэх зорчигчдын жагсаалтад багтсан боловч Гадаад харилцааны яамнаас охидын маань нэрсийг хассан гэдгийг дуулгалаа. Амьтны нялх үрсийг хасуулж, охидын өмнөөс жагсаалтад орсон хүмүүст ёсзүй гэж алга. Тэд хүүхэдгүй хүмүүс үү, эсвэл хэн нэгэн эрхтэн дархтан уу...” хэмээн асуужээ.
Зүй ёсны энэ хардлага, эцэг эхийн санаа зовинол, хүлээлтэд хэн нэгэн хариулт өгөх ёстой. Учир нь, энэ сарын 15-16-ны Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Шадар сайд Ө.Энхтүвшингийн хүү ирсэн.
Гадаад хэргийн яам, Онцгой байдлын газар, УОК мэдээлэл хийхдээ “...зөвхөн зайлшгүй шаардлагатай...” буюу өвчтэй, нас бага, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ л нэн тэргүүнд татна гэх ч Ө.Энхтүвшин сайдын хүү чухам аль бүлэгт нь хамаарч ирсэн нь өнөө хэр нь тодорхойгүй байгаа юм.
“Дарга нарын хүүхдүүд” гэсэн ангилал нэгэнт үгүй тул зорчигч бүрдүүлэлт шударга явагдаж байна уу, зайлшгүй авчирах иргэд мөн үү гэдгийг зохих хэмжээнд хяналтад байлгах шаардлага, хардалт тулгарч байгаа юм.
Өнөөдрийн УОК-ын мэдээллээс үзвэл /урьдчилсан байдлаар гэв/ маргааш Токиогоос 30 гаруй өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай, хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй, бага насны хүүхэдтэй 36, дамжин ирж байгаа 50 гаруй, жирэмсэн 4 эмэгтэйг эсвэл тооцвол бусад гэх ангилалд 120 зорчигч багтжээ.
Бусад гэх энэ ангилал дэндүү тодорхой бус бөгөөд эх орон руугаа явахыг хүссэн урт дарааллын хаанаас, хэн сонгож оруулсан хийгээд дарга нарын хүүхдүүд дараалал дайрсан юм биш байгаа гэсэн хадлага төрүүлж байгаа юм.
Тиймээс УОК энэ асуултад хариулж, иргэдийн нэрсийг ил тод болгох ёстой