Сонгуулийн жил ширүүн эхэлж байна. 2020 оны сонгуулиар парламентад орж ирэх магадлал, рейтинг өндөртэй шинээр сонгогдсон гишүүдийг “намнах” эхлэл тавигдсан бололтой.
Өнгөрсөн жил батлагдсан Улсын ерөнхий шүүгч, ерөнхий прокурор хоёрыг зөвлөмжөөр шууд сольж болдог хуулийг “барьцаалан” үг сөрдөг Улсын Их Хурлын гишүүнийг Улсын ерөнхий прокуророор дамжуулан гишүүнээс нь буулгадаг шинэ жишиг бий болох гэж байна. Үүний бодит жишээ нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр. Тэр өөрийн үзэл бодлыг шүүлтүүргүй хэлчихдэг цөөхөн гишүүдийн нэг.
Өөрөөр хэлбэл сонгогчдын санал авч төрийн түшээ болсон хүнийг айлгах, амыг нь таглах, дарамтлах, бүүр цаашилбал бүрэн эрхийг нь түтгэлзүүлдэг болох гэж байна гэсэн үг.
Энэ мэтээр үг сөрдөг гишүүдийг үдэж явуулсаар байвал Монгол Улсын ардчилсан ёс, Монгол Улсын парламентын ёсонд МУУ жишиг тогтох гэж байна.
“Транспэрэнси Интэрнэшнл Монгол” ТББ-аас олон улсын 2019 оны авлигын индексийг өнгөрөгч долоо хоногт танилцуулсан юм. Харамсалтай нь манай улс өнгөрсөн оныхоос 13 байраар ухарч дэлхийн 180 улсаас 106 дугаарт жагссан байна.
Энэ бол өнгөрсөн жил батлагдсан Улсын ерөнхий шүүгч, ерөнхий прокурор хоёрыг зөвлөмжөөр шууд сольж болдог хуулийн өөр нэг “гай” гэж харж байна.