Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

\“Бандаажгүй\“ улс төр

"Бандаажгүй" улс төр

Австралид болсон Ази номхон далайн орнуудын чуулга уулзалтад оролцсон таван гишүүний гурав нь казинод орсон гэнэ. УИХ дахь АН, МАН-ын бүлгийн дарга, дээр нь УИХ-д долоо дахь удаагаа сонгогдоод байгаа /УБХ-ыг оролцуулаад 30 жил энэ танхимд суусан/ Д.Лүндээжанцан гишүүн...

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр энэ асуудлаар мэдээлэл хийхдээ “Лүндээ гишүүнд ямар юмны мөнгө байх вэ дээ” гээд хэлчихэж. Хэл хальтарсан хэрэг биз. “Яалаа гэж казино тоглохов дээ” гэх гэсэн байх.

Ер нь бол чуулга уулзалт тарсны дараа чөлөөт цагаараа УИХ-ын гишүүд Сидней хоттой танилцсан, танилцах аяллын нэгэнд тус улсын аялал жуулчлалын гол төв болох Сидней хотын казино багтсан юм байна. Нээлттэй казино учраас гишүүд ямар нэг төлбөр төлөлгүйгээр орж сонирхсон, казинод тоглох зорилго байгаагүй, тоглоогүй гэж мэдэгдээд байгаа. Шаардлагатай бол казинод нь хүсэлт гаргаад бичлэгийг нь аваад, үнэхээр тоглосон эсэхийг шалгачихаж болох байх л даа.

Гэвч нөхдийн хувьд ганц гомдолтой зүйл нь хамт явсан нөхөд нэгнийхээ бичлэгийг хийж, бусдад дамжуулсан явдал. Казинод байсан гэх гурван гишүүний хувьд лав бие биенээ хардах боломжгүй нь тодорхой. Харин тэднийг дагуулж явсан ЭСЯ-ны нөхдөөс уг бичлэг гарсан байх магадлалтай гэдэг хардлага одоогоор байгаа юм байна. Ялангуяа Д.Тогтохсүрэн Өвөрхангайгаас сонгогдсон, Д.Лүндээжанцан нь ирэх сонгуулиар Өвөрхангайгаас дэвшиж магадгүй /өмнөх удаа Баянголоос дэвшсэн/ гэх мэдээ гарах болсон зэргээс “Өвөрхангайн тойргийг онилсон ажиллагаа” гэх хардлага, таамаг ч хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр яваад эхэлсэн байна лээ. Иймэрхүү “ажиллагаанд” гаршсан нэг хоёрхон л хүн улс төрийн хүрээнд бий л дээ.

Ер нь бол нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн байр суурийг ажиглавал яаж ийгээд “хариуцлага үүрүүлчих” сонирхол нь давамгайлж байх шиг. Хуулийн хариуцлага байдаггүй юм бол ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой л гэж байна. Гэвч тэр нь яг ямар хариуцлага вэ гэдэг нь нэгдүгээрт тодорхой бус. Өчигдрийн хувьд зарим нь “хариуцлага хүлээвэл ч хүлээе” гээд хэлчих шиг болно лээ. Гэхдээ яаж, эсвэл юуны төлөө?

Эрүүл ухаанаар бодоход тийм том хэмжээний айлчлал, хурал чуулганд явсан нөхөд, тэр тусмаа эсрэг намын нөхөд сонгууль дөхөж байхад хоёр талаасаа хөтлөлцөж очоод хэрэг тариагүй л байх. Нэгдүгээрт үүнийгээ нотлох хэрэгтэй. Хоёрдугаарт, хэрвээ тийм зүйл болоогүй бол манайхны хийдэг улс төр, өрсөлдөөн, сөргөлдөөн арай л утгаа алдаж, улам увайгүй болж байна. Одоо ер нь л бие биенийхээ бандаашийг тайлахад ойртож байна шүү.

Б.ЭНХ-АМГАЛАН: ХУЙВАЛДАЖ ХУЛГАЙ ХИЙДЭГ ЦАГ ҮЕ ӨНГӨРСӨН
Б.ЭНХ-АМГАЛАН: ХУЙВАЛДАЖ ХУЛГАЙ ХИЙДЭГ ЦАГ ҮЕ ӨНГӨРСӨН
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.