“Явган зорчигч ба гарц” арга хэмжээний талаар Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, Цагдаагийн ахмад Г.Отгонтамиртай ярилцлаа.
Гарцан дээр явган зорчигчид зам тээврийн осолд өртөх нь буурахгүй байна гэж албаныхан мэдээллэж байсан. “Явган зорчигч ба гарц” арга хэмжээний хэрэгжилт хэр явж байна вэ?
Баянгол дүүргийн ЗЦХ-ээс “Явган зорчигч ба гарц” арга хэмжээг наймдугаар сарын 10-аас есдүгээр сарын 10-ыг хүртэл зохион байгуулж байна. Учир нь Баянгол дүүргийн хэмжээнд 2019 оны эхний зургаан сарын байдлаар нийт 7894 дуудлага мэдээлэл ирснээс 206 хүн гэмтэж бэртсэн бөгөөд үүний 70 орчим хувь буюу 184 явган зорчигч гарцан дээр мөргүүлсэн байдаг. Тиймээс бид энэ тал дээр иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, танд тохиолдож болох санаатай болон санамсаргүй тохиолдлуудыг мэдээлэл хэлбэрээр хүргэж ажиллаж байна. Нэг үеэ бодвол иргэд гарцаар гарах нь нэмэгдсэн. Гэвч залуучууд гарцаар гарахдаа чихэвчний хөгжим сонсох, утсаар ярих, ногоон гэрлэн дохио ассан тохиолдолд гарцаар гарах тал дээр дутагдалтай талууд ажиглагдаж байна. Хичээлийн шинэ жил эхэлж байгаа учраас сурагчдын хөдөлгөөн ихсэхийн хэрээр зам тээврийн ослын зөрчил гардаг. Тиймээс “School police”-г Ерөнхий боловсролын сургуулийн захиргаа, багш, эцэг, эхчүүд хамтран идэвхтэй өрнүүлж, эрчимжүүлэх шаардлагатай. “School police” хөтөлбөрийн үр дүнд хүүхэд сургууль орчимд зам тээврийн осол, зөрчилд өртөх эрсдэл 80-90 хувь буурсан үзүүлэлт гарсан.
Сүүлд долоон настай хүүхдийг гарцаар гарч байхад автобус мөргөсөн хэрэг гарсан байсан. Энэ талаар?
Хамгийн сүүлд автобусны жолооч гарцаар гарч явсан долоон настай хүүхдийг мөргөж гэмтээсэн хэрэг гарсан. Хүүхдийн биеийн байдал нилээн тааруу ГССҮТ-д эмчлүүлж байна. Тухайн автобусны камерыг ТЦА-ны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийнхэн шүүж үзэхэд тухайн жолооч хүүхэд гарцаар гарч байх үед эсрэг талын эгнээнд явж байсан баазын жолоочтой ярьж байгаад тухайн хүүхдийг мөргөж гэмтээсэн байсан. Жолооч нар гарцан дээр явган зорчигчийг мөргөөд байгаа нь ерөөсөө л анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцож байгаагийн илрэл. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хэсэгчилсэн арга хэмжээг хяналт шалгалтандаа эрчимжүүлж ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Үр дүн гарах байх гэж найдаж байна.
2018 онд гэхэд л 134 хүүхэд гарцаар гарч байхдаа зам тээврийн осолд өртсөн. Тиймээс бид дүүргийнхээ ИТХ-тай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлынхаа хүрээнд хүүхдийн цацруулагч самбарыг харанхуй, гэрэлтүүлэг муутай газруудад байрлуулж өгсөн. Зарим цацруулагч самбар сурагч хүүхдийн зурагтай, анхааруулах хэлбэрээр зам дагуу байршсан байгаа.
Жолооч гарцан дээр хүн гэмтээвэл шинэ хуулиар ямар хариуцлага тооцож байна вэ?
2018 оны 11 дүгээр сарын 01-ээс шинэ замын хөдөлгөөний дүрэм мөрдөгдөж эхэлсэн. Уг шинэ дүрэмд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах чиглэлийн олон зүйл заалт тусгагдсан. Маргаан дагуулдаг олон төрлийн осол аваар шийдэгдэх зүйл заалтууд орсон. Хэрэв жолооч гарцан дээр явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол зөрчлийн тухай хуулийн 14.7-38 заалтаар 20 нэгжээр торгодог. Бид гарцан дээр явган зорчигчийн аюулгүй байдлыг хангахаар зөрчил гаргасан жолооч нарт газар дээр нь хариуцлага тооцон ажиллаж байна.
Жолооч нарын хувьд хурд хэтрүүлвэл, үзлэг оношилгоондоо ороогүй бол арга хэмжээ тооцогдоно гэсэн хуулиудаа л мэддэг. Харин гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх үүрэг, бас бусад явган зорчигчруу хандсан хуулийн мэдлэг тааруухан байгаа нь ажиглагдаж байна.
Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Энэ үетэй холбогдуулан ЕБС орчмын аюулгүй байдлыг хангах тал дээр ямар ажлууд хийгдэх вэ?
Нийслэлийн засаг даргын тамгын газар болон захирагчийн ажлын албанаас сургууль орчимд гэрэлтүүлэг хийх шаардлагатай гэсэн судалгаа гаргасан. Манай Баянгол дүүрэгт төрийн өмчийн 19 сургуулиас орчны стандартад 50-60 хувь дөхсөн 5 сургууль байна. Сургууль орчмын стандарт гэдэг нь зөвхөн нэг гэрэлтүүлэг тавиад болох биш хурд сааруулагч, гарцны тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохио болон тухайн сургууль орчмын бүсэд анхааруулах тэмдэг, камер гэх мэт зүйлүүд зайлшгүй байх ёстой.
Эдгээр шаардлагыг дутуу хангасан 14 сургууль байна. Одоогийн байдлаар дүүргийн хэмжээнд замын эвдрэлийг нөхөх, гарцны цагаан шугамыг тодруулах ажлууд хийгдэж байна. ТЦА-аас 8 дугаар сарын 20-оос 9 дүгээр сарын 20 хүртэл “Улсын дугаар” нэгдсэн арга хэмжээг явуулж байгаа нь маш цаг үеэ олсон.
Өдөртөө жижүүрийн албаны шуурхай удирдлага мэдээллийн хэлтэст 320-340 дуудлага ирдэг. Үүний 10-16 дуудлага нь бага насны хүүхдийг мөргөчихөөд хэргийн газраас зугтах эсвэл хүүхдийг мөргөсөн газраасаа өөр газар аваачаад хаядаг жолооч нар байна. Тиймээс иргэд аливаа осол аваарыг харсан тохиолдолд зайлшгүй 102 дугаарт мэдэгдэх эсвэл Цахим замын цагдаа буюу ТЦА-ны пэйж хуудсанд мэдээллэх боломжтой. Ингэснээр та нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлж, хугацаа алдахаас нь өмнө хэргийг илрүүлэх цаашлаад хүний амь насыг ч аврах юм шүү.
Тээврийн цагдаагийн албанаас бяцхан зорчигчид руу чиглэсэн олон санаачлагатай ажлуудыг хийдэг. Танай дүүргийн хувьд бяцхан зорчигчидруу чиглэсэн ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
Тээврийн цагдаагийн албанаас хүүхдийг осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Энэ жил ТЦА-аас ЕТГ-тай хамтран хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хүүхдийн модул” сургалтыг Нэгдүгээр сургуульд зохион байгуулсан. Мөн Баянгол дүүргийн хэмжээнд ТЦА-аас “Висе” ТББ-тай хамтран хүүхдийг замын хөдөлгөөнд оролцох чиглэлээр “Тоглоомын хотхон” баригдаж байна. Хүүхдийг чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, замын хөдөлгөөний дүрмийг багаас нь хэвшүүлэх чиглэлийн “Тоглоомын хотхон” юм. Уг хотхон нь энэ сарын 25 гэхэд бүх бэлтгэлээ хангаж дуусгаад ирэх сарын 5-нд албан ёсоор нээлтээ хийнэ. Хүүхэд тоглоомын хотхонд орж тоглох үедээ замын хөдөлгөөнд оролцохдоо юуг анхаарах вэ, замын хөдөлгөөн, цагдаатай холбоотой бүхий л зүйлийг тоглохдоо мэдэх боломж бүрдэж байна.
БГД-ийн Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр энэ ондямар ажлууд хийгдсэн бэ?
Энэ зун бид ЦЕГ-аас зохион байгуулсан “Яараад яахав дээ” аяныг дүүргийнхээ Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэстэй хамтран ЕБС-иудад зохион байгууллаа. Түүнчлэн ТЦА-аас “Бяцхан зорчигч” аяны хүрээнд дүүргийн прокурорын газартай хамтарч зуны амралт, сурагчийн аюулгүй байдал төрийн өмчийн сургуулиуд дээрээ зөвлөмж гаргасан. “Замын хөдөлгөөний ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнийг 37 дах жилдээ зохион байгуулсан. Энэ жилийн хувьд БСШУС-ын сайдын тушаал гарч хүүхдүүдийн дуд урлаг спортын арга хэмжээ зохион байгуулахыг нь хориглосон. Харин бид Дүүргийн засаг дарга болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлдөө танилцуулж, урлаг, спортын төрлийг хасаад яг л замын хөдөлгөөний мэдлэгийг сорих, тэлэх зорилгоор “Ногоон гэрэл- Цагаан шугам” тэмцээнийг энэ жил зохион байгуулсан. ТЦА-аас “Орон нутгийн хөдөлгөөний соёл-2019” нэгдсэн арга хэмжээг өрнүүллээ. Тун удахгүй эхлэх хичээлийн шинэ жилтэй холбогдуулан нийслэл хотод хөл хөдөлгөөн ихэсдэг. Мөн томоохон зах худалдааны төвүүдэд замын хөдөлгөөний ачаалал үүсч эхэлж байна. Дүүргийнхээ томоохон зах, худалдааны төвүүд орчмын замын хөдөлгөөний зохицуулалт дээр голчлон анхаарч байна.
Эх сурвалж: Монголын Үнэн сонин |