ОХУ-ын Батлан хамгаалах яам бямба гарагт цөмийн хоёр шумбагч онгоцноос балисстик пуужин харваж, туршсан байна. Энэ тухай тус яамны цахим хуудсанд мэдээлжээ. Туршилтыг АНУ "Томагавк" далавчит пуужингаа газраас харваж туршсаны хариуг “адилхан барина” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг баасан гарагт мэдэгдсэний дараа явуулсан байна.
Оросын "Синева", "Булава" баллистик пуужингуудыг Умард мөсөн далайн туйлын бүсээс болон Баренцын тэнгисээс стратегийн зориулалттай "Тула" болон "Юрий Долгорукий" шумбагч онгоцноос харвасан байна. Пуужингууд Архангейлск муж болон Камчаткийн цэргийн хээрийн сургуулийн талбайд байдаа оновчтой туссан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ.
АНУ Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээнээс наймдугаар сарын 2-нд албан ёсоор гарсан юм. Тус улсын эрх баригчдын үзэж байгаагаар, ОХУ 9М729 "Новатор" пуужинг зэвсэглэлдээ хүлээж авсан нь уг гэрээний нөхцөлийг зөрчсөн байна. Харин ОХУ үүнийг няцаасан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ мөн хэрэгжүүлэхээ зогсоосон билээ.
АНУ дунд зайн тусгалтай шинэ үеийн пуужин бүтээх хөтөлбөрийн хүрээнд "Томагавк" пуужингийн газраас харвадаг хувилбарыг наймдугаар сарын 18-нд туршсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АНУ-ын туршилтын хариуд адил арга хэмжээ авахыг Батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яам болон бусад байгууллагадаа үүрэг болгожээ.