Сүүлийн үед Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр өөрийн эзэмшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан түүний эзэмшлийн компаниуд хэвлэлийн эрх чөлөөг хаасан гэх зэрэг мэдээлэлийг цацаад байгаа билээ. Уг маргаан дагуулсан асуудлаар Соёлын төв өргөөнд болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөний дараа Хотын даргаас цөөн асуултад хариулт авлаа.
–Сайн байна уу. Уучлаарай. Тантай холбоотой цацагдаад буй мэдээллийн талаар тодруулъя
- Сайн, сайн байна уу. Аан за, ямар асуудал юм бол.
-Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр гэдэг хүн өөрийн эзэмшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тантай холбоотой мэдээлэл түгээж, таны хамаарал бүхий компани хууль зөрчсөн гэж ярьсан нь бий. Та энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ?
-Сэтгүүлчид та бүхэн өөрсдөө сайн мэдэж байгаа байх, түүний яриад байгаа компани болон Туул голын эрэг дагуу хууль бус үйл ажиллагаа явуулсан, мод бут огтолсон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг би өөрөө захирамж гаргаж зогсоож, газрыг нь чөлөөлүүлэх үүрэг өгсөн. Гэтэл аж ахуйн нэгж хоорондын асуудлыг хувийн сонирхолоо гүйцэлдүүлэх хэрэгсэл болгож байгаа явуургүй үйлдэл. Үүний цаана тэс өөр сонирхол бий гэж харж байна.
-Туулын бургасыг хөндөх шалтгааны цаана өөр сонирхол байгаа гэж хэллээ. Ямар сонирхол байгаа юм бол?
Сар гаруйн өмнө МСНЭ-ийн Ерөнхийлөгч надтай уулзсан. Энэ үеэрээ олон жил бизнес эхлүүлэх гэж зүтгэлээ. Одоо л нэг хувийн бизнесээ хөл дээрээ босгох боломжтой болж байна гэсэн. Миний өмнөх хотын даргаас Сэтгүүлчдийн ордон барина гэж газар авсан байдаг. Ингэхдээ элдэв дарамт, шахалт хийж газар авсан гэдэг юм билээ. Яг ямар арга хэрэглэснийг мэдэхгүй юм. Тус газрын төлбөр болох 70 сая төгрөөс чөлөөлж өгөх, сэтгүүлч ордон нэртэй орон сууцны барилгын 400 сая төгрөгийн өртөг бүхий ус дулааны дэд бүтэц хотын хөрөнгөөр татаж өгөх асуудлыг шийдвэрлүүлэх, дахин нэмж газар олгож өгөх гэсэн хэд хэдэн хүлээж авах боломжгүй шаардлага тавьсан. Хүсэлтүүдийг нь шийдвэрлэж өгвөл МСНЭ-аас таны хэвлэлийн асуудлыг бүрэн хариуцан ажиллаж болно гэсэн санал тавьж байсан. Тухайн үед би газрын төлбөрөөс чөлөөлөх, төсвийн хөрөнгөөр хувийн орон сууцанд дэд бүтэц татах асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэдгийг илэрхийлсэн. Элдвээр гүтгэж бичээд байвал би хүлээж аваад хувийн хүслийг нь биелүүлнэ гэж байгаа бол их л том эндүүрэл. Энд онцлон нэг зүйлийг дурьдая. Х.Мандахбаяр мэтийн зарим хүмүүс улс төр, бизнесийнхэнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шар сайтуудаар элдэвээр дарамталж, шантаажлаж амьдарч сурсан, ажил хэргээ гүйцэлдүүлдэг нь гэм биш зан нь. Тэр зангаараа асуудалд хандаж, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн нэр барьж, намайг гүтгэж, ичээгээд хууль бус хүслээ биелүүлэх гэж бодож байгаа бол хэзээ ч бүтэхгүй гэдгийг хэлье.
Энэ асуудлаар яагаад өдийг хүртэл байр сууриа илэрхийлэхгүй байсан юм бэ?
Би ямар хулгай хийж, худлаа ярьсан биш юунд нь айж, эмээж, ичиж сандрах вэ. Хотын даргын хувьд хагас бүтэн сайн өдөр амралтгүйгээр ажиллаж байна. Зун цагтай уралдан хот бүтээн байгуулалтын ажлуудаа амжуулах ёстой. Гэхдээ чимээгүй байна гээд ямар ч үндэслэлгүйгээр хүнийг удаа дараалан гүтгэж байгаа асуудалд дуугүй өнгөрч болохгүй биз дээ. Тиймээс хууль хяналтын байгууллагад хандан шалгуулж байгаа. Асуудлыг нь хуулийн байгууллага эцэслэн шийдвэрлэх биз.