Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УЯЛДААГ НЭМЭГДҮҮЛЖ ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛНА

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас холбогдох яамд, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллийг оролцуулан “Хог хаягдлын менежмент” үндэсний форумыг “Хаягдалгүй эдийн засаг руу шилжих гарц ба шийдэл” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Тус форумыг нээж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлсэн үгэндээ “Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулснаар хог хаягдлын асуудлыг цогцоор нь шийдэх боломж бүрдэнэ. Тиймээс энэ чиглэлд анхаарлаа хандуулж ажиллаж байна. Мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд иргэдийг соён гэгээрүүлэх ажилд хамтран оролцох хэрэгтэй байна. БОАЖ-ын сайдын ажлыг аваад “Хандлагаа өөрчилье” багц ажлыг санаачлан иргэд, олон нийтийн ойлголтыг өөрчлөх, уриалан дуудсан аянуудыг зохион байгуулсан нь үр дүнд хүрсэн. Бид ЕБС-ийн ахлах ангийн сурагчдаар дамжуулж, гэр бүл цаашлаад нийгэмд байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аяныг эхлүүлээд 1 жил болж байна. Мөн монголчуудын уламжлалт баяруудаар “Цэвэрхэн шинэлцгээе, Цэвэрхэн наадацгаая” аянуудыг зохион байгууллаа.

Хог хаягдал үйлдвэрлэчихээд хариуцлага хүлээдэггүй компаниудыг хариуцлагажуулж, дахин боловсруулагчдыг дэмжих Эко төлбөрийн тухай хуулийг санаачилж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Манай улс газар нутаг том ч хүн ам цөөн улмаас хог хаягдлын дахин боловсруулалтын бизнес тогтвортой хөгжиж чадахгүй байна. Тиймээс улсын хог хаягдлын менежментэд санхүүжилтийн асуудал тулгараад байгаа юм. Улаан Чулуутын хогийн цэгийг өөрчилнө. Бид энэ тухай ерөнхий концепцээ боловсруулж, их хуралд өргөн барьсны дараагаар тогтвортой ажиллаж эхэлнэ. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичигт 2030 он гэхэд хог хаягдлын дахин боловсруулах хэмжээг 40 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан байдаг. Гэтэл нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал боловч ердөө 10 хүрэхгүй хувийг нь л дахин боловсруулж байна” хэмээсэн.

Манай улсад импортоор

  • архи, согтууруулах ундааны шил жилд дунджаар 87,390,691 ширхэг,
  • автомашин, өөрөө явагч хэрэгслийн дугуй 1,318,286 ширхэг,
  • аккумулятор 210,317 ширхэг,
  • ахуйн хэрэглээний зай хураагуур, батарей 6,459,757 ширхэг  орж ирдэг байна.

Аккумулятор, баттарей бол байгальд булж устгах аюултай хог хаягдлуудын нэг . Гэвч орон нутгийн захиргаанаас аюултай хог хаягдлыг булж устгах газар, талбай гаргаж өгдөггүйгээс болж эдгээр хог  ил задгай,  байгальд маш их хэмжээний хохирол үүсгэж байна. Тиймээс энэхүү асуудлыг шийдэх ёстой гэдгийг хуралдааны үеэр төлөөлөгчид онцолж байсан юм.

“Хог хаягдлын менежмент” форумд  оролцогчид дараах байр суурыг илэрхийлж байна.

Та хэдий чинээ хог тарина төдий чинээ төлбөр төлнө 

НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Биате Транкман “НҮБ болон манай төрөлжсөн агентлагууд Монгол Улсын хог хаягдлын менежментийг бодитоор сайжруулахад бүх талуудыг дэмжин ажиллахад бэлэн байна. Хог хаягдлыг бууруулж, дахин ашиглаж, боловсруулснаар бид бүхэн Монголын тал нутгийг ногоон, хотуудыг нь цэвэр, бүх нийтээр эрүүл амьдрах нөхцөл бүрдүүлэх болно.” хэмээн илтгэлдээ дурдсан юм.

 

БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган “Хог хаягдалтай холбоотой статистик баримтыг гаргахад бага зэрэг хүндрэлтэй . Учир нь орон нутаг бүрийн хог хаягдлын хэмжээ, санхүү зарцуулалт нь харилцан адилгүй, зөрүүтэй байгаа юм”

Хог хаягдлын тухай хуулийн 41.6 дахь заалтад “Айл өрхийн хэрэглээнээс үүсэх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг нэг иргэнээр тооцно” гэсэн байдаг. Энэ нь өрхийн гишүүдийн тоо харилцан адилгүй байдгаас болж шударга байх үүднээс тогтоосон хэмжээ бөгөөд танайх хэдий чинээ их хог хаягдал гаргана төдий чинээ их мөнгө төлнө гэсэн үг.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригун “Хог хаягдлын тухай хуулийн 41.13 дахь заалтад Хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээлэл өгсөн иргэнд уг мэдээлэл нь батлагдсан тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгуулийн 15 хувиар тооцож сум, дүүргийн Засаг дарга мөнгөн урамшуулал олгоно” гэж заасан байдаг. Гэтэл энэ хууль хэрэгждэггүй. Хэрэв энэ хуулийн заалтуудыг хэрэгжүүлээд явбал зарчмын хувьд хог хаягдлын хэмжээ багасна.

 

Монгол улсын хэмжээнд 2018 оны байдлаар хог хаягдал төвлөрүүлсэн 390 цэгт 3,4 сая тонн хог хаягдал байгаа бол, зориулалтын бус газарт 150 мянган тонн хаягдаж, 22 мянган га талбайг бохирдуулсныг цэвэрлэсэн аж.

Форумын үеэр хог хаягдал дахин боловсруулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн төлөөлөл үзэсгэлэн гаргажээ. Тодруулбал нийлэг уутыг дахин боловсруулж худгийн доторлогоо, түлхүүрийн оосор, яндангийн хаалт хийдэг, жижиг хаягдал цаасыг дахин боловсруулж зузаан цаасан хайрцаг хийдэг үйлдвэр, барилгын хаягдал чулуу цемент зэргийг дахин боловсруулж битон,  зэрэг хогийг хэрхэн дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа талаараа олон нийтэд танилцуулж байсан юм.

 

ЗАВХАН АЙМАГ ШИНЭ АВТОБУУДАЛ, ОНОШЛОГООНЫ ТӨВТЭЙ БОЛНО
ЗАВХАН АЙМАГ ШИНЭ АВТОБУУДАЛ, ОНОШЛОГООНЫ ТӨВТЭЙ БОЛНО
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.