Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг ноцтой зөрчин, хууль бус тогтоол, шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Монгол Улсын их хурлаар хүчингүй болсон Сонгуулийн тухай хуулийн 159.4, .160.4 дэх заалтыг үндэслэн тус дүүргийн 10, 19 дүгээр хороондөнгөрсөн гуравдугаар сарын 23-нд хууль бус дахин сонгуулийг зохион байгуулсан байна.
Улмаар нийслэлийн Засаг дарга хүчингүй болсон хуулийн заалтаар зохион байгуулсан сонгуулийн дүнг үндэслэн дүүргийн Засаг даргыг чөлөөлж, томилох хууль бус Захирамж гаргажээ. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд цөөнх байгаа Монгол ардын намын 18 төлөөлөгч хуралдаж хуурамч тамга, тэмдгээр хууль бус тогтоол гаргаж нэгнийгээ ийнхүү Засаг даргад өргөмжилсөн байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан нутгийн өөрөө удирдах байгууллагын онцгой бүрэн эрхэд халдаж хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар дүүргийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, томилох асуудал нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар эсвэл Засаг дарга өөрийн хүсэлтээр өргөдлөө өгснөөр шийдвэрлэгддэг байна. Харин Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж дүүргийн Засаг даргыг томилж, чөлөөлөх асуудлаар Нийслэлийн Засаг даргад санал уламжлаагүй мөн Засаг дарга Т.Баясах нь хотын даргад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй аж.
Иймд Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас хотын дарга С.Амарсайханыг хууль бус шийдвэрээ цуцалж, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа аливаа хууль, тогтоомжийг чанд биелүүлж ажиллахыг шаардсан байна.