"Эрдэнэс-Тавантолгой" ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутагт орших Хужирын хонхорын булгийн эхийг хашиж хамгаалах ажлыг 2018 оны 11 дүгээр сарын эхний 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Уурхайн байгаль орчны ажилтнууд нийт 3000 м2 талбайг хашиж хамгаалсан бөгөөд энэхүү булаг орчмоос нутгийн малчид малд өгөх хужир бэлтгэдэг юм байна. Булгийн эхийн ойр орчимд дулааны улиралд шавар их тул мал амьтан шигдэж осолдох эрсдэлтэй байв. Уг булгийн эхийг хашиж хамгаалсан нь уг эрсдлээс сэргийлж, малчдын талархлыг хүлээсэн ажил боллоо.
"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн орон нутагтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд орон нутгаас ирсэн саналд үндэслэн 2018 онд Цогтцэций Билгэх, Цагаан-Овоо багийн нутаг дэвсгэрт 5-аас доошгүй худаг сэргээн засварлаж буй бөгөөд 2019 онд шинээр 2 худаг гаргах юм.
Компани орон нутагтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд усны нөөцийг хамгаалах бодлого хэрэгжүүлж, хүн амын ундны усны чанарыг сайжруулах, хэрэглээний усыг нэмэх, булаг, шанд, рашааны ундаргын эхийг хамгаалах ажлыг эрчимжүүлж, хур бороо, цас, мөсний усыг хуримтлуулах, усан сан, хөв цөөрөм байгуулах замаар зэрлэг ан амьтдын болон малын бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлнэ