Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Оюунхорол: Өнөөдөр гартаа зарчим барьдаг лидерүүд, өндөр төвшний эрэмбэтэй төрийн зүтгэлтнүүд хомсдож байна


Улс төр улайсч, түүнийг нь дагаад олон нийт уурсаж байна. Үнэндээ эрх баригч намынхан дотоод хямралаа Монгол төрийн хоймор луу чирээд оруулчихлаа. Энэхүү ээдрээ, бужигнаанаар дүүрэн цаг үед эрчүүд нь илүү гайхшруулж, хор хонзонгоо ил гарган шидэлж, олон жилийн турш хийж ирсэн үйлийн үрээ ухалцан эрээ цээрээ алдаж буйд эгдүү хүрч байна. Тийм ч учраас элдвээрээ гоочлуулан нүдүүлж, тэгэх тусам хатуужин босч ирж, үгээ айж ичихгүй хэлж чадаж буй нэгэн эмэгтэй улстөрчийг сонгон зочноороо урихаар шийдсэн юм. Тэр бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол. Үнэндээ түүнээс асуух зүйл нэг биш ч байна. Ингээд бидний ярианд анхаарлаа хандуулна уу.

 

-Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлын талаарх асуултаар л яриагаа эхлэе дээ. Үнэндээ өөр асуудал ярих бололцоо ч алга. Уг нь тантай уулзаагүй их удсан байлаа?

-Нээрээ ч өөр асуудлууд руу анхаарал хандуулах, илүү чухал сэдэв хөндөх бололцоог байхгүй болтол улс төр эзэгнэж байна. Хаанаас нь эхэлж яримаар ч юм бэ дээ. Хэцүү байна шүү. 

-Ер нь юу болоод байна аа?

-Ард түмэн Монгол ардын намд итгэл хүлээлгэж 65 суудал өгсөн. Харамсалтай нь олонх болсон нам маань хоёр хуваагдчихлаа. Энэ байдлаас болоод УИХ-ын чуулганы үйл ажиллагааг хэвийн явуулж чадахгүй, ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүлээд сууж байгаадаа маш их харамсаж байна. Ер нь бол манай улстөрчдийн наад захын ёс зүй байх ёстой хэмжээнээсээ хальж үсрээд даваад явчихлаа. Олон түмэн бидний хэн нь ямар үг үйлдэл хийж байгааг харж, дүгнэж цэгнэж байгаа. Улстөрчдийн замбараагүй хийж байгаа мэдэгдэл, улс төрөөс үүдэлтэй энэ олон эмх замбараагүй байдал монголын нийгмийг маш их бухимдуулж байна. Энэ бүхэнд олонхийн бүлгийн 64 гишүүн дүгнэлт хийх цаг нь болсон. Улстөрчид маань хариуцлагаа ухамсарлаж, нийгмийг зөв чиглүүлж, улс орныхоо хөгжлийн асуудлаар улс төржиж, намчирхалгүй зөвшилцөлд хүрч, ард түмнээ хүндэтгээд, төрийн хүний ёс жудаг гаргаж, нийгмээ айх айдасгүй байлгаж, төрийн тогтвортой байдлыг хангах ёстой. Намын дарга маань хоёр хуваагдсан бүлгийнхээ нэг бүлгийн өмнөөс ярьж, байн байн хагарал хуваагдалд цучил нэмсэн мэдэгдлүүд хийж болохгүй. Асуудалд ийм байдлаар хандаж хэрхэвч болохгүй шүү дээ. Өнөөдөр Монголын улс төрд холыг харж хөдөлдөг, хувь хүнийхээ хувьд нуруутай, аливаад зарчим барьж асуудлыг шийддэг лидерүүд, өндөр төвшний эрэмбэтэй төрийн зүтгэлтнүүд маш их хомсдож байна. Холын бодолгүй хүнээс ойрын зовлон салдаггүй гэдэг. Улс төрийнхөө дотоод нөхцөл байдлыг намжааж чадахгүй, мэдрэмжгүй улс төр хийж, төрийн хямралаасаа гарч чадахгүй байгаадаа Монголын Төр дүгнэлт хийх цаг ирээд байна. Улс төрийн намууд ч өөрсдийн хийсэн боловсон хүчний томилгоо, бодлогын алдаагаа залруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. 

-Намуудын энэ алдаа завхрал бол өнөөдөр шинээр гарч ирсэн зүйл биш. Маш олон жилийн турш ужигарсан асуудал шүү дээ. Гэтэл одоо 60 тэмбумынхан гэдэг бүлэглэлийн эсрэг тэмцэж байгаа гэсэн л нэг хийсвэр мессэж нийгэмд түгэж байна. Ийм хөнгөхөн, хөгийн дарцаг барьж шинэчлэл хийнэ гэж байхгүй?

-Энэ асуудлыг л ярьж талцал үүсгээд байна. Гэхдээ энэ сэдвээр нээлттэй сонсгол хийж ярилцах нь зүйтэй гэдэг дээр миний байр суурь хатуу байгаа. 

-Батлагдаж нотлогдоогүй ч гэсэн барьж гүйгээд, нийгмээр нь халууруулж байгаа сэдэв учраас нээлттэй сонсгол хийх нь зөв байх л даа.

-Хэдэн оноос, хэний үеэс бодлогын алдаа завхрал явж эхэлсэн юм. Тэгээд одоо яаж шинэчилж, цэвэрлэж авах юм. Хэзээ үеийн ямар баримтууд батлагдаж нотлогдсон юм. Тэрийгээ тэгээд яаж шийдвэрлэцгээх юм гээд нээлттэй, хоёр үзүүргүй, хутган үймүүлэлтгүй хэлэлцэе л дээ. Тэгэхгүй бол одоо бүлгийн 65 гишүүн бүгд л тэр 60 тэрбумтай холбоотой гэж үзээд байгаа юм байна. МАН-ын боловсон хүчний бодлогод гарсан алдаа завхралд олон түмэн бухимдаж байна. Энэ бол бодит зүйл. Тийм учаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байсан шиг тэр ургийн мод гээчийг нь зураад, УИХ-ын гишүүд ямар ажил албан тушаал дээр ямар хүмүүсийг яаж томилсон байна. Үнэхээр мөнгө төгрөг авсан юм уу, аваагүй юм уу гэдгээ ил тод ярих цаг нь болсон. Цаг үеийн энэ шаардлага нь төрийн албыг томилохдоо ах дүү, төрөл садан, найз нөхөд, нутаг ус гэсэн цөөхөн хүрээнд л харж хийсэн, үүнээсээ болж төрд итгэх ард түмний итгэлийг сулруулсан алдаан дээр гарч ирсэн шаардлага юм. Бас үүнийгээ зас гэсэн хамгийн том сануулга юм. 

Туршлагатай, бэлтгэгдсэн олон сайхан хүмүүс энэ хуурамч даланг сэтэлж чадахгүй гадна үлдэж байгаа учраас нийгмийн бухимдал болон түрж байна. Энэ байдал Монгол улсын хөгжилд чөдөр тушаа болоод байна. Тийм учраас Монгол улсын төрийн албыг мерит зарчмаар шалгаруулдаг тэр тогтолцоог хоосон ярих биш, ажил хэрэг болгох зайлшгүй шаардлагатай. Ингэж чадвал л төрийн албаны дархлаа сайжирна. Нэр хүнд нь, чанар чансаа нь, улмаар иргэдийн төрд итгэх итгэл сэргэнэ. 

-Салбаруудад мэргэжлийн хүмүүсийг нь томилдоггүй учраас, бүх томилгоо улс төрийн нүдээр харж хийгддэг учраас нийгэм бухимдаад байна шүү дээ. Мэргэжлийн цөөн хүн завсар зайгаар нь гарч ирээд, тодорхой төвшинд ажилласан ч намын шалгуураар ажлыг нь дүгнэх гээд байдаг.

-Үнэн. Мэргэжлийн бус хүмүүсийг томилдог улс төрийн намуудын тогтоосон муу загвар нь төрийн албыг цус ойртсон, эрх ашгаа буруу эрэмбэлсэн, чадваргүй хүмүүсийн цуглуулга болгосонд харамсдаг. Төрийн албанд орж ажиллая гэхээр л заавал танил тал, ар өврийн хаалга байх шаардлага үүсдэг болчихсон. Энэ гажиг тогтолцоог устгаж хаях хэрэгтэй. Эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс үүнийг заавал бодолцох шаардлагатай болсон. Гэтэл шууд барьж аваад шийдээд, цэвэрлээд явахын оронд нам дотроо бужигнаад, Төрийг гацаанд оруулаад сууж байгаад хэлэх ч үг алга даа.

-Засгийн газрын гишүүд нь УИХ-ын нэгдсэн чуулгандаа суухгүй байгаа. Үүнээс нь болоод сүүлийн хагас сар чуулганы ирц бүрдсэнгүй. Энэ байдал хэр удаан үргэлжлэх юм бэ?

-Засгийн газрын 15 сайд маань УИХ-ын нэгдсэн чуулгандаа суухгүй байна. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил. Цаашдаа Монгол улсын Засгийн газар давхар дээлтэй хүмүүсийнхээ дээлийг дан болгоод үйл ажиллагаагаа явуулах нь монголын төрд ч, улсын хөгжилд ч зайлшгүй шаардлагатай юм байна . Давхар дээл тайлна гэдэг уриаг бодит ажил хэрэг болгох цаг нь үнэхээр болсон юм байна гэдгийг хэн хүнгүй харж байгаа байх. Шаардлагатай бол Үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийг оруулаад энэ асуудлаа ярьцгаая гэж мөн ч их хэлж, уриалж байна. Даанч сонсохгүй байна шүү дээ. 

-Таны бодлоор Үндсэн хуулинд нэн тэргүүнд оруулах шаардлагатай өөрчлөлтүүд юу вэ?

-Гол асуудлуудын нэг нь мэдээж давхар дээлийг тайлах, хоёрдугаарт УИХ-ын гишүүдтэй сахилга хариуцлагын асуудлыг ярьдаг, тооцдог болох хэрэгтэй. УИХ-аас баталсан хууль тогтоомжоо зөрчвөл эргүүлэн татдаг байх заалтыг ч оруулж өгөх шаардлагатай гэж үзэж байгаа. Мөн Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүдээ томилдог, хариуцлагаа тооцдог байх, Засгийн газар тогтвортой ажиллах боломжийг олгох асуудлыг хуульчлах ёстой. Дараагийн нэг чухал асуудал бол орон нутагт зохих эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. 

-УИХ-ын дөрвөн гишүүн Үндсэн хуулийн цэцэд хандсан байгаа. Энэ талаар таны байр суурь ямар байна?

-Монгол Улсын Их хурлын үйл ажиллагаа доголдож эхэлж байна. Тасралтгүй явах хуультай. УИХ-ын өмнө Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй Ерөнхий сайд болон Засгийн газрын давхар дээлтэй 15 гишүүн УИХ-ын  үйл ажиллагааг хууль бусаар хойшлуулж байна. Энэ нь ахин хэлэхэд Үндсэн хууль зөрчсөн үйлдэл юм.  Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх үүрэгтэй. Мөн хуульд зааснаар Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнах ёстой байдаг. Түүнчлэн Засгийн газраас санаачилсан хууль, бусад асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд оролцох ёстой. Чуулганы дэгийн тухай хуульд зааснаар УИХ, Засгийн газрын гишүүн буюу давхар дээлтэй гишүүд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы хуралдааныг таслах эрхгүй байдаг.  Одоо манай Засгийн газрын гишүүд нь дөрвөн хуулийн заалтыг тус тус зөрчөөд яваад байна. Үндсэн хуулийн хоёр заалтын гурван зүйлийг зөрчсөн байна. Тиймээс бид Үндсэн хуулийн цэцэд хандсан. Хэрвээ Үндсэн хуулийн Цэц Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзвэл Засгийн газар тарах хамгийн том үндэслэл болно.

-Хуулийн зөрчлүүдийг та хэлж байна. Хоёулаа илүү энгийн өнцгөөс ярья. Шууд хэлэхэд энэ бүх “зодоон”-ы цаана байгаа гол асуудал бол татвар төлөгчдийн мөнгийг буруу зарцуулж, идэж завшсан явдлууд шүү дээ. Энэ бохир явдлууд л ард иргэдийг чинээнд нь тултал бухимдуулж байна?

-Татвар төлөгчдийн мөнгийг мэдээлэл, албан тушаалд ойр хүмүүс танил тал, ах дүү, найз нөхдийн хүрээнд тендер, концесс, төсөл хөтөлбөр нэрээр идэж уудаг явдлууд ил гарч ирсэн. Энэ явдлууд ард иргэдийн бухимдлын гол шалтгаан мөн үү гэвэл мөн. Бас байгалийн баялгийг лиценз нэрээр цөөн хэдэн хүмүүс эзэмшсэнээс үүдэж баян хоосны ялгаа хоёр туйл руугаа явсан нь үнэн. Энэ явдал нийгмийн эсэргүүцлийн бас нэг том шалтгаан мөн үү гэвэл мөн. Эдгээр асуудлуудыг нэн даруй засаж залруулах шаардлагатай. Ер нь нийгмийг бухимдуулаад байгаа хоёр том сэдэв нь энэ шүү дээ. Оффшорт нуусан олон тэрбум долларын хөрөнгийг оруулж ирэх асуудал яригдаж, УИХ дээр бүлэг хүртэл байгуулж байсан. Том пиар явуулаад л зарлаад байсан нь саяхан. Гэтэл энэ асуудлаар өнөөдрийг хүртэл яригдсан, хийгдсэн зүйл байхгүй л байна. Ажил биш, аймшигтай сүрлэг пиарууд л хийдэг. Ард нь юу ч хийдэггүйн нэг жишээ энэ. Дуулиантай том хэргүүдийн асуудлыг шийдвэрлэж олон түмэнд таниулан тайлбарлах, мэдээлэх шаардлагыг ард түмэн өдрөөс өдөрт шаардаж байна. Хаана байна, хариу нь. Гарч ирж нийгмээр тоглохдоо л гарамгай улстөрчид олон болж.

Олон жил парламентад сууж байгаа манай зарим нэг УИХ-ын гишүүд маань өөрийнх нь ашиг сонирхол хөндөгдөхөөр бусад улстөрчдөө сүрдүүлнэ, сонгууль дөхөхөөр би шударга хүн, аймаар аймаар хэргийг илрүүлнэ гэж ирээд л худлаа ярьдаг. Нүдэн дээр төрөл арилждаг болж. Өнөөдрийн тэр яриад байгаа шударга бусын хонгил нь бий болчихсон юм бол бий болгосон хүмүүс нь тэд нар өөрсдөө шүү дээ. Шударга ёс тогтсонгүй, авилга хээл хахуулийн хэрэг буурсангүй, Монгол улсын авилгын индекс жил бүр хэдэн арван байраар хойш ухарсаар ирсэн. Энэ үед хэн хууль зүйн сайд байсан, хэн шударга ёсны тухай ярьж байсан гэдгийг олон түмэн мэдэж байгаа л байх.

-Одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлаас гарах гарцыг та хэрхэн харж байна вэ?

-Парламентад 65 суудалтай нам маань эв эеийг олж хамтран ажлаасай гэж хүсч байгаа. МАН-ыг төр барих туршлагатай гэж ард түмэн үнэлж, итгэж хариуцлага үүрүүлсэн. Энэ хариуцлагаа ухамсарлаж өнөөгийн Монголын төрд үүссэн алдаа завхарлыг нэн даруй засаж залруулах шаардлагатай байна. Эргэлзээ таамаглалаар, эсвэл бие биенээ хий хоосон хардах сэдлээр, баталгаагүй хов живээр, олон жилийн өш хонзонгоор асуудалд хандахаа больцгоо. Хариуцлагыг эзэнтэй болгоод, шударга ёсоо тогтоогоод, бие биенээ хүндэтгээд, ойлголцоод, зарчим дээр суурилсан улс төрийн зөв бодлогоо тодорхойлоод урагшаа хараад алхмаар байна. Ингэхгүй бол монголын улс төр нь хөгжлөө зогсонгишуулж, нийгэм, эдийн засгийн байдлыггүн хямрал руу татан оруулах гэж байна шүү гэдгийг би эрчүүддээ олон хэлж байгаа. УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулж, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эргэлт рүү далдуур хөтлөх буруу мессежүүд явуулж байгаад анхааралтай хандах ёстой. Монголын ард түмний эв эвдэрч болохгүй гэдгийг 2008 оны 7 сарын 1 ний үйл явдал харуулж байсныг тодхон санах ёстой. Өнөөдөр ард түмний амьдралд тулсан олон асуудал байна. Валютын ханш болон нефть шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, Улаанбаатар хотын агаар орчны бохирдол, утааны асуудал, иргэдийн амьдрал ахуй эрүүл мэндтэй холбоотой тулгамдаж байгаа олон асуудлууд шийдэгдэхгүй байгаад дүгнэлт хийх хэрэгтэй. Инфляцитай уялдуулаад цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжээ нэмэх шаардлагатай. Засгийн газар эдийн засгийн өсөлт 6.4 хувь хүрсэн тухай мэдээллийг хийж байгаа. Харамсалтай нь энэ үр өгөөж иргэдийн амьдралд мэдрэгдэж нөлөөлөхгүй байна. Иргэдийн зүгээс орон сууцны зээлийн хөтөлбөрт хамруулж өгөөч, амьдрах орчны маань нөхцлийг сайжруулахад дэмжлэг болж дэд бүтцийн шугам татаж өгөөч, шахмал түлш, халаагуур олгож өгөөч, гэрийнхээ ойр орчим хүүхдээ сургууль, цэцэрлэгт өгөх боломжийг бүрдүүлж өгөөч гэж хүсч, уламжилж байна. Үүний тулд Засгийн газар маш хариуцлагатай ажиллахшаардлагатай байна. Улс орныхоо хөгжлийн төлөө ихийг хийх сэтгэлтэй олон сайхан хүмүүсийг дэмжиж хамтран ажиллах хэрэгтэй. 

-Та эвлэрэл, ойлголцлыг санал болгож уриалж байгаа. Гэтэл танайхны талцал улам алсарчихаж байгаа юм биш үү?

-Уур хилэн, хэрүүл маргааныхаа бузраас болоод бидний бие биенээ ойлгох орон зай улам алсарч бидний нүд, зүрх улам сохорчих вий дээ гэж санаа зовж байна. Засгийн ажил хямарч, журмын нөхдийн чинь эв нэгдэл цууран эмзэгшиж, хүчгүйдэж, намын нөхөд чинь итгэлээ алдаж байгаад тал талаасаа дүгнэлт хийгээсэй гэж Ерөнхий сайд, намын даргаасаа хүсч байна.Хүн болгон дор бүрээ хичээж, өөр өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрч засаж залруулах, өөрөө өөртөө дүгнэлж хийж эрх ашгаа эрэмбэлэх шаардлагатай байна. Намын дарга нар маань нам төрийнхөө ажлыг захиргаадалтаар бус шударга ёс, зөвшилцөл, ойлголцлоор удирдаж, ардчилсан нийгмийн засаглалын үнэт зүйлийг эрхэмлээсэй гэж хүсч байна. Ухаантай хүн бусадтай таарч амьдардаг, мунхаг хүн бусдыг дарамталж өөртөө тааруулах гэж зөрүүдэлдэг гэдэг үгийг дор бүрнээ бодож ажиллаасай. 

-УИХ-ын даргыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн 26 нь ЖДҮ-тэй холбогдсон гэсэн мэдээлэл явж байна. Энэ яг үнэн үү. Эсвэл бас л нэг нэгэндээ тавьсан дэгээ, бүгдийг хоморголж нэг нүх рүү чихэх гэсэн ажиллагаа юу?

-Хэн хэн, яг хэдэн гишүүн авсан талаар мэдээлэл дутмаг л байна. Ер нь нэлээд олон гишүүд болон тэдний хамаарал бүхий этгээд ЖДҮДС-аас зээл авсан асуудал яригдаж байгаа. Өнөөдөр зарим УИХ-ын гишүүд маань ЖДҮ жижиг асуудал, том том асуудлуудаа ярья гэж өөрсдөө холбогдсон асуудлуудаа бүдгэрүүлэх оролдлого хийгээд байх шиг байна. Хууль зөрчсөн хүмүүс хуулийнхаа дагуу хариуцлагаа хүлээх ёстой. Ард түмнийхээ төлөө ажиллаж, амьдралыг нь сайжруулна гэж гарч ирчихээд зөвхөн өөрсдийгөө бодсон явуургүй үйлдэл гаргаж, иргэдийнхээ хоолны мөнгөнөөс хороож, хоосон хоноход хүргэж байгаа хүмүүс зохих ёсны хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Бодвол хууль хяналтын байгууллага 2-3 янзаар авч үзэх байх. Үнэхээр ББСБ-аар дамжуулж мөнгө угаасан, мөнгө хүүлж ард түмнээ шулсан, ийм үйлдэл хийсэн УИХ-ын гишүүд байгаа бол хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Ингэж чадахгүй бол шударга ёсны төлөө сэдвийг бид нар яриад хэрэггүй. 

-ЖДҮДС-ийн эргэн тойронд үүссэн энэ асуудал тэгээд яг шалгагдаж байгаа юм байгаа юм уу. Байгаа бол хаагуур, яаж яваад байгаа юм бэ?

-Энэ асуудалд хариуцлагатай хандаж, илээд өнгөрүүлэхгүйгээр илүү нухацтай хандаасай гэж бодож байна. Бас хурдан шуурхай шийдвэрлэх хэрэгтэй, цаг хугацаа өнгөрөөж байгаад л замхараад алга болдог зуршил бий болоод байгаа шүү дээ. Жишээ нь, компаниудын нэр солигдох, эзэмшигч, өмчлөгчийн нэр солигдох гээд янз бүрийн асуудлууд гарах вий гэдэг болгоомжлол хэвлэл мэдээллээр яваад байгаа нь бас ортой гэж би хувьдаа хардаг. 

-ЖДҮДС асуудал ассаар байтал 2019 оны улсын төсөвт УИХ-ын ажлын хэсэг тэр “торх” руу ахиад мөнгө суулгасан нь шүүмжлэл дагуулж байгаа?

-Ирэх оны улсын төсөвт энэ санд 47 тэрбум төгрөг суулгасан. ЖДҮ бол хамгийн их ажлын байр бий болгодог, өрхийн орлогыг нэмэгдүүлдэг, яг жирийн иргэдийн эрхэлж байгаа тэр үйл ажиллагааг л дэмжих ёстой. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид тэгж тэрбумаар нь хүсдэггүй. Тэдний бараг 90 хувь нь тоног төхөөрөмжийн шинэчлэл, эргэлтийн хөрөнгөндөө 2-15 сая төгрөг л хүсдэг гэсэн судалгааны дүн гарсан байна лээ. Ирэх онд суулгасан мөнгийг жижиг дунд бизнес эрхлэгчдэд тоног төхөөрөмж материаллаг баазаа бэхжүүлэхэд нь зориулж арилжааны банкаар дамжуулж олгох, хүүг нь гурван хувиас нэмэгдүүлэхгүй байх, зээлийн батлан даалтын үйлчилгээг давхар үзүүлж, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр урт хугацаатай “Итгэлийн зээл” олгох боломжийг бүрдүүлэх шаардлагатай. Сангийн үйл ажиллагааг шилэн болгох хэрэгтэй. Мөн төрөөс дэмжлэг авч үйл ажиллагаа сайн явуулж байгаа, ажлын байр нэмэгдүүлсэн ААН-үүдийг сайн сурталчлах, ЖДҮ эрхлэгчдэд чиглэсэн төсөл хэрхэн бичих, боломжуудыг яаж ашиглах, тоног төхөөрөмжөө хэрхэн шинэчлэх зэрэг сургалтуудыг зохион байгуулах гээд хэд хэдэн шинэчлэлийг хийгээсэй. Өсөх дэвжих боломж бүх хүнд байгаасай л гэж хүсдэг. Ингэж чадвал ажилтай, орлоготой монгол өрхийн тоог нэмэгдүүлж чадна шүү дээ.

-Энэ намрын чуулганы хугацаанд та ямар хуулийн төслүүд дээр сууж байгаа вэ?

-2019 улсын төсвийг УИХ-ын нэгдсэн чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахалж ажиллалаа.Цаг хугацаатай, хариуцлагатай том ажлын ард гарсан. Мөн Тендерийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Үүнээс гадна Улс төрийн намын тухай, сонгуулийн тухай хуулийг өөрчлөн шинэчлэх ажлын хэсэгт ажиллаж байна. Мөн эмэгтэй гишүүдтэй хамт 1990-1995 онд олон хүүхэдтэй гэх үндэслэлээр 35-45 насандаа хөдөлмөрлөх эрхээ хасуулж тэтгэвэрт гарсан ч, өнөөдөр тэтгэврийн нас нь хүрсэн боловч ажилласан жил нь хүрээгүй гэдэг шалтгаанаар хувь тэнцүүлсэн тэтгэвэр буюу 280 орчим мянган төгрөгний тэтгэвэр авч байгаа 18.6 мянган ээжүүдийн тэтгэврийг улсын дундаж тэтгэвэрт хүргэж 340 мянга болгуулах хуулийн төслийг өргөн барьлаа.

-Хэдийгээр халамжийн бодлогуудад маш болгоомжтой хандах ёстой ч, наад асуудал тань үнэхээр чухал асуудал. Айл болгонд тэтгэвэр нэртэй хэдхэн төгрөг тойрсон зовлон байна. Тухайн үеийн төрийн явуулсан алдаатай бодлогын золиос болсон улсууд гэсэн үг. Насаараа ажиллачихаад цөөхөн хүүхэдтэй гэх мэт хөгийн шалтгаанаар тэтгэвэрт шахагдаж гарсандаа гомдоллодог ээж шиг минь улсууд...

-Үнэхээр ужиг асуудал л даа. Дээрээс нь тэр онуудад тэтгэвэрт гарч хэлмэгдсэн 44.4 мянган ээжүүд бий. Тэр ээжүүдээс монголын төр уучлал хүсч нэг удаагийн мөнгөн тусламж нэг сая төгрөг олгох ёстой гэж үзэж холбогдох хуулийг боловсруулаад дуусч байна. Сар гаруйн өмнө “Халамжийн бодлогоос хөгжлийн бодлого руу” хэлэлцүүлгийг Төрийн ордонд хийснийг санаж байгаа байх. Энэ хэлэлцүүлгээс гарсан санал санаачлагыг тусгаж гэр бүлийн тухай хуулинд орох нэмэлт өөрчлөлтийг боловсруулж байна. 

-Улс төрийн намын тухай хуулийг их олон жил ярьж байна. Хэр ахицтай байна вэ?

-Ажлын хэсэг ажиллаж л байна. Сүүлийн үед улс төрийн намууд маань үзэл сурталд тулгуурласан үнэт зүйл байхгүйгээс болж улс орны хөгжлийг дэмжихүйц бодлого үйл ажиллагаа явуулж чадахгүй болчихсон байгаа нь л хамгийн харамсалтай юм даа. 

-Тийм дээ, юун энэ мэт том асуудлуудыг барьж авах...Эрх барьж байгаа атлаа танай нам гэхэд л гүн ан цав суун хагарч, хуваагдлын өмнө тулж ирчихээд байхад...?

-Намын дотоод ардчилал хумигдаж, санхүүжилт, эрх зүйн орчны талаарх бодлогууд хаалттай, гаргаж байгаа шийдвэрүүд нь нээлттэй биш байна. Дорвитой шинэчлэлүүдийг хийхгүй бол улс төрийн намын ч, улсын ч хөгжил явахгүй нь. Тийм учраас улс төрийн нам нээлттэй, хариуцлагатай дотоод ардчилалтай байхыг бид шаардаж байгаа. Хүмүүсийн улс төрийн намд итгэх итгэл алдарч, залхаж, намын нэр хүнд унаж байгаа энэ цаг үед эрс шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлагатай байна.

-Намууд жирийн гишүүдийнхээ биш зөвхөн дээд зиндааныхныхаа тоглодог талбар болчихсонд дэмжигчид нь эгдүүцээд байх шиг санагддаг...?

-Үнэн. Улс төрийн намууд дотор жирийн гишүүдийнхээ үгийг сонсдоггүй, асуудал шийдэхэд оролцуулдаггүй гэх шүүмжлэл хүчтэй өрнөх болж. Энэ хүйтрэл нь явсаар зөвхөн сонгуулийн үеэр санал өгүүлэх зорилгооргишүүдээ ашигладаг гэх ойлголт руу түлхэн оруулж байна. Улс төрийн намууд төлөвшиж бэхжиж чадахгүй байгаа гол шалтгааны нэг энэ юм. Улстөрчид, намууд гоё мөрийн хөтөлбөр дэвшүүлж чаддаг. Гэвч түүнийгээ хэрэгжүүлэх санаачилга гаргах, манлайлах үүргээ умартаж байна. Улс төрийн намууд үзэл суртлын, соён гэгээрүүлэх ажлаа хийхгүй, хэрүүл маргаан тэмцэл рүү иргэдээ уриалан дуудах ажлыг хийж байгаа нь дэндүү харамсалтай.Улс төрийн намууд төлөвшөөгүй байгаагаасаа болоод мөнгөтэй хэсгийнхний карьер хөөдөг, албан тушаал өгсөххэрэгсэл болсонд олон нийт дургүйцэж байна. Парламентад ч гэсэн насны хязгаар тогтоож, чадвартай, мэргэжил, боловсролтой, туршлагатай хүмүүст шалгуур тавьж оруулж ирэх нь монголын төрийг төлөвшүүлэхэд том хувь нэмэр болно. 

-Элдэв муулсан, гүтгэсэн сөрөг пиар энэ удаагийн бүрэн эрхийн үед таныг ч бас тойрсонгүй бололтой. Энэ талаар та ямар дүгнэлттэй байна вэ?

-Ганцхан намайг ч биш монголчууд бүгд бие биенээ харааж зүхэж, хардаж, гүтгэж, шархлуулахын аянд морджээ гэлтэй цаг үеийг туулж байх шиг байна. Олон нийтийн цахим сүлжээгээр пиар хийж байгаа нэрээр мөнгө төлж өрсөлдөгчдөө гүтгэж, өөрийгөө магтуулах ажил хийдэг сүрэг бий болчихсон. Ард түмнийг талцуулж, зориуд буруу мэдээлэл цацаж, улс орноо хар бараанаар будаж байна. Үр дүнд нь цөөхөн монголчууд бид бие биенээ үзэн яддаг болж, тайван амьдарч чадахгүй бухимдалд идэгдэж байгаад харамсаж байна. Бие биендээ итгэх итгэлээ алдаж, оюун санааны хувьд ядуурч эмзэгшиж байгаад дүгнэлт хийгээсэй. Би ард иргэд, сонгогч түмнийхээ итгэлийг хүлээж төрийн түшээгээр дөрвөн удаа, Засгийн газрын гишүүнээр хоёрудаа сонгогдон ажилласан. Энэ явцдаа Монгол улсын Үндсэн хуулийн өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмнийхээ итгэлийг дааж, төрд шударгаар зүтгэж, эрх ашгаазөв эрэмбэлж, Монгол төрийн төлөө 20 гаруй жил үнэхээр хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн. Албан тушаалаа урвуулан ашиглаж, хувийн эрх ашгаа ард түмнээс дээгүүр тавьсан удаа байхгүй. Хурал чуулган дээр төр засгийн болж бүтэхгүй байгаа зүйлийг үнэнээр нь дуугарсаны төлөө, ЖДҮ-ийн мөнгө завшсан сайд нартаа хариуцлага тооцохыг шаардсаны төлөө нэр төрд халдаж,элдвээр харлуулах, гүтгэх захиалгат ажил өдөр шөнөгүй явагдаж байгаад үнэхээр харамсаж байгаа. Монголын ард түмэн ухаантай, буруу зөвийг ялгаж салгаж ойлгоно гэж бодож, элдэв тайлбар тавьсангүй. Өндөр үнэ, хөлсөөр ажиллаж байгаа зохион байгуулалттай пиарын эсрэг би дуугараад ч нэмэр олохгүй бололтой. 10-20 минутанд элдэв гүтгэлгийн мэдээлэл нь мянга мянгаар хувилагдан, нүд ирэмхийн зуурт л комент нь хэдэн мянга болоод байдаг. Бидэн шиг хэвлэл мэдээллийн албагүй хүмүүс чинь ёстой бут авахуулдаг юм байна аа. Энэ том үнэтэй программ, пиарчдад ямар их мөнгө урсгаж байна вэ. 

-Монгол –Кувейтын судалгаа хөгжлийн төв таны өмч мөн үү, ер нь ямархуу обьект байдаг юм бэ. Энэ талаар та нэг тайлбар өгөөч. Олон л сонин юм сонсогддог ?

-Монгол улсын Засгийн газар болон Кувейт улсын Засгийн газар хооронд "Хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай" харилцан ойлголцлын санамж бичгийг 2007 оны 11 дүгээр сард хоёр тал үзэглэж "Монгол-Кувейтын судалгааны төв" байгуулагдсан. МУ-ын Засгийн газрын 2016 оны 110 дугаар тогтоолоор "Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв"-ийг аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газар болгон, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн. БОАЖЯ-ныхарьяанд ажилладаг учраас үе үеийн энэ салбарын сайд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан. Дутуу баригдаад орхигдсон, ус, дулааны асуудлыг нь шийдээгүй, балгас болгох шахсан барилгыг сайд байхдаа төсөл мөнгө олж бариулж гүйцээж, бүрэн тохижуулж, бүртгэл данстай болгож Төрийн өмчийн хороонд хүлээлгэж өгсөн. Түүнээс Оюунхорол гэдэг хүн хувьдаа авсан зүйл биш. Харин 2018 оны 4 дүгээр сарын 25-ны Засгийн газрын хуралдааны “Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагын тухай” Засгийн газрын 104 дүгээр тогтоолоор “…Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, мэдээлэл, сургалт, сурталчилагааны ажил зохион байгуулах чиг үүрэг бүхий “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Ногоон хөгжил говь” сангийн дор ажиллуулахаар шийдвэрлэж, энэ бий болгосон, бүтээсэн том хөрөнгө оруулалт, барилга байшинг Ерөнхийлөгчийн мэдэлд шилжүүлсэн байна лээ. 

-Юу гэнээ? Огт анзаараагүй юм байна. Улсын үйлдвэрийн газрыг Ерөнхийлөгчийн мэдлийн нэг сангийн дор шилжүүлсэн хэрэг үү ?

-Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлээд явчихсан шүү дээ. Олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэл шингэсэн том бүтээн байгуулалт болсон шүү. 150 ортой зочид буудал, 150 суудалтай хурал, хүлээн авалтын заал, судалгааны байрнууд, фитнес заал гээд тохижилт ч сайн хийсэн. 

-Бодит байдал тэс өөр юм аа. Та чинь өөрөө бас 750 шонхор зараад 75 сая доллар авчихсан юм биш үү?

-Нөгөө эцэс төгсгөлгүй сөрөг пиарын нэг жишээ энэ л дээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа “Арабуудад 750 шонхор шувуу зарж 75 сая долларын авилга авсан гэдгийг Авлигатай тэмцэх газар шалгаж тогтоосон” мэтээр зарим мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр зохион байгуулалттайгаар түгээсээр байгаа. Монгол улсын Засгийн газрын2012 оны 101 дүгээр тогтоолоор шонхор шувууг “Үндэсний бахархалт шувуу”-гаар зарлаж, 2013 оны 15 дугаар тогтоолоор идлэг шонхорыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг 5 жилийн хугацаагаар хориглосон. Холбогдох хууль, тогтоомжоор уг шувууг соёлын зориулалтаар экспортлож болох бөгөөд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоог тогтоосон Засгийн газрын тогтоол бий. Үүнийг үндэслэн төрийн өндөр, дээд хэмжээний айлчлалын үед Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр зөвшөөрөл олгодог хуулийн зохицуулалттай. Ийм байтал намайг албан тушаалаа урвуулан ашиглаж, шонхор шувуу зарж хувьдаа их хэмжээний ашиг олсон мэтээр гүтгэж, гүжирдэх явдал хэрээс хэтэрч байгаа. 

-Танд тагтаачин гэдэг нэр хүртэл өгчихөөд явуулаад байгаа харагдсан. Хууль журам нь ийм байдаг юм аа гээд тайлбараа өгөхгүй яасан юм бэ ?

-Зав хаана байгаа юм бэ. Юм болгон дээр орилоод л тайлбар хийгээд, хэвлэлийн хурал зарлаад байж би сураагүй. Манай зарим эрэгтэй улстөрчид шиг айхтар хорон, нэр төрдөө жигтэйхэн хайртай, сүрхийзан надад байдаггүй. 

-Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг юугаар нотлоод байгаа юм бэ гэж хэлсэн таны ярианы нэг бичлэг байна. Та үүндээ тайлбар өгөхгүй юу. Их л бухимдал төрүүлж байгаа бичлэг дээ.

-2014 онд Байгаль орчны сайдаар ажиллаж байх үеийн хэлэлцүүлэг дээр ярьж байсан бичлэг байна лээ. Уг нь агаар, хөрс, орчны бохирдол ямар хэмжээнд очвол ард иргэдэд зарлах ёстойг, ямар хэмжээнд хэр хугацаатай байвал гамшиг гэж үзэх тухай тогтоосон хууль эрх зүйн бичиг баримт манай улсад байхгүй тухай л хэлж ярьж байсан бичлэг. Энэ салбарын сайдаар ажиллахдаа 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан 286 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар агаар, хөрс, орчны бохирдлын хэмжээ ямар түвшинд, ямар хугацааны турш очвол гамшиг зарлах тухай батлуулсан. Хоёр дахь удаагаа энэ салбарын сайдын ажлыг аваад 2017 оны 3-р сард Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, арга хэмжээ, төсөв тооцооллынх нь хамт батлуулсан. Уг нь үр дүнд нь агаар орчныг бохирдуулагч эх үүсвэрүүдийн норм, нормативыг тогтоож өгсөн. Ингэснээр Монгол улс анх удаагаа гар дээрээ барих бичиг баримттай болсон юм. 

-Сая танай намын бага хурал болж өнгөрлөө. Эвлэрч, галын дэргэд сууцгаах, гацаанаас гарах зүг алхам хийгдсэнгүй гэж харсан. Төрийн хямрал руу намын зодооноо чирч байгаа энэ байдлаас яаж гарах вэ?

-2016 оны сонгуулиар Монголын ард түмэн МАН-д үнэмлэхүй ялалтын 65 суудал өгөхдөө иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж,чадна гэдэгт итгэж, төр барих арвин туршлагатай, улс төрийн тулхтай хүчин гэж итгэл хүлээлгэсэн. Гэтэл харамсалтай нь өнгөрсөн жил гаруй хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг маань хоёр хуваагдаж, сандал суудлын хэрүүл хийж, тэмцэлдсээр намынхаа нэр хүндийг унагаж, атаа хорслын өргөс шиг өөдгүй муухай үгээр бие биенээ өөд уруугүй балбаж байхыг хараад ард иргэд маань халаглаж сууна. 

Намын эв нэгдлийг сахин хамгаалах үүрэгтэй намын дарга маань намаа ялалтанд хүргэсэн 65 гишүүнийхээ үгийг сонсохгүйгээр нэг хэсгийг нь урд талаасаа гарсан хэмээн ивээлдээ авч, нэг хэсгийг нь хойд талаасаа гарсан юм шиг ялгаварлан гадуурхаж, хоосон эв нэгдлийг ярьж, мэдэл сүрээр хүч түрж, албан тушаалаар далайлган намын эв нэгдэлээ хагалж сууна. МАН-ын эв нэгдлийг сахин хамгаалж чадах намын дарга бидэнд үгүйлэгдэж байна. 

Монгол улсын улс төрийн ууган хүчин, 100 жилийн түүхтэй МАН-ын дарга бол бусдын гарын аясаар, хий хоосон хов живээр хөдөлдөг утсан хүүхэлдэй биш, улс төр эдийн засгийн өргөн чадварлаг бодлоготон, эв нэгдэл, тусгаар тогтнолыг сахин хамгаалагч байж, гишүүд, дэмжигчийнхээ итгэлийг төгс эзэмдсэн манлайлагч байх ёстой.

-Танай намын хоёр том лидер зөрчилдөж байна.Та нэгийг нь зэмлээд байгаа юм биш үү. Бага хурал дээрээ таныг эвлэрэлд дуудсан үг хэлж байна гэж сонссон юм. Гацааны ганц шалтгаан намын дарга биш шүү дээ?

-Үнэн. Би үг хэлсэн. “Та хоёр нэгэн цагт найз нөхөд байсан. Нэг намын үзэл суртлаар хүмүүжиж, нэг голын уснаас ундаалаагүй гэж үү,МАН-ын даргынхалуун суудал, хас тамгахүлээлцэхтэй хэлсэн үг үйлдэлчинь хаачихав аа. Намынхаа эв нэгдлийг зангидаж, ирэх 2020 оныхоо бүх шатны сонгуульд ялж 100 жилийн ойгоороо данагар сайхан зогсож байгаарай гэсэн гишүүдийн чинь ерөөл егөө больж хувирсан уу. Анд нөхдийн халуун тэврэлтийгчинь намын журмын нөхөд чинь мартаагүй ээ. Одоо энэ бүхнээ зогсоо” гэж би хэлсэн. “Шударга ёсны гол шалгуур бол амлалтаа биелүүлэх гэдгийг эрхбиш умартаагүй биз дээ” гэж сануулсан. 

Парламентын ардчиллаа зөв төгөлдөржүүлж, арчилж, хөгжүүлж авч явах нь бидэнд хамгийн чухлаар тавигдаж байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг ардын мэргэн үгээ санаж ухаанаа уралдуулахыг гишүүдээсээ хүсч байна. Ардчилсан нийгмийн үнэт зүйл болсон сонгуулийн тогтолцоо маань ганхаасай гэж ард түмэн огт хүсэхгүй байгаа. Энийг битгий март. 

-Төрөөс л энэ хэрүүл тэмцлээ холдуулмаар байна. Ядаж цагаан байшиндаа байлгах хэрэгтэй. Бага хурлаас иргэдийн хувьд хүлээж байсан үр дүн ирсэнгүй. Харин ч бүр хэвлэл мэдээллийнхнийг хөл тавиулахгүй байж байгаад хаалттай хэрэлдлээ.

-Ганчимэг сэтгүүлч ээ, үүний бурууг би хүлээхгүй. Ямар хүмүүс зохион байгуулж, ямар ажиллагаа явуулсныг та өөрөө ч мэдэж байгаа. Гучин жилийн алдаа завхарлыг ганцхан хүн дээр овоолох гэсэн увайгүй юм явсан нь үнэн. Муухай харагдсан нь бас үнэн. Харин тэр хэвлэлийнхнийг хөл тавиулаагүй энэ тэр тухайд та хийсэн хүмүүстэй нь ярилцах нь зөв. Бусдаар бол би энэ их хэрүүл тэмцэл зогсоно гэдэгт найдаж байна. Бидэнд ч, удирдлагуудад маань ч гэр орон дотроо учраа олох, эвлэрэх, намынхаа эв нэгдлийг хангаад явах орон зай байгаа. Алийн болгон гадны шидсэн чулуу болгонд цохигдож, өнхөрөх юм. Хоёулаа ухаантай, хүчтэй, жудагтай хүмүүс шүү дээ. Нэг зүйл ажиглагдаж байгааг энд хэлчихмээр байна. Өчүүхэн эрх ашиг харж, өш хонзон өвөрлөж, дундаас нь улс төрийн ашиг хонжоо хайж, хутгаж байгаа хоёр гурван хүн байна. Тэд мөн ч муухай харагдаж байна даа.

-Урилгыг маань хүлээж авч, нээлттэй ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

-Баярлалаа. 

Ганчимэг

Царцсан барилга, байгууламжууд ирэх оноос ашиглалтад орж эхэлнэ
Царцсан барилга, байгууламжууд ирэх оноос ашиглалтад орж эхэлнэ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.