-НИТХ-ын дарга С.Амарсайхан ажлын байрандаа архидан согтуурч бусдын биед халдлаа-
Энэ сарын 11-ний өдөр буюу өнгөрөгч мягмар гарагт НИТХ-ын дарга С.Амарсайханы өрөөнд НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл хотын захиргааны хэлтсийн дарга н.Өлзийбаярыг зодож танхайрчээ.
Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга, Сүхбаатар, Бат-Амгалан, Батбямба, Н.Батсүмбэрэл нар хурлын дарга С.Амарсайханыхаа өрөөнд бөөгнөрч архидсанаас үүдэж зодоон гарсан байна. НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэлд зодуулсан хэлтсийн дарга Өлзийбаяр энэ асуудлаар цагдаад хандах гэсэн боловч төлөөлөгчид түүнийг ятгаж хууль хяналтын байгууллагад мэдэгдэлгүй Н.Батсүмбэрэлийг эрүүлжсэн хойно асуудлаа шийдэхийг зөвлөснөөр цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй аж.
Хэрэв хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бол НИТХ-ын дарга С.Амарсайхан албан тушаал дээрээ байх уу, үгүй юу гэдэг асуудал яригдах учраас НИТХ-ын төлөөлөгчид тийнхүү элдэв арга саам хэрэглэн Өлзийбаярыг өргөдөл өгүүлэхийг нь зогсоож чаджээ. Түүнчлэн С.Амарсайхан ч эл зодооны талаар амаа хамхихыг ажилтнууддаа үүрэгдсэн гэдгийг эх сурвалж хэлж байна.
Уг нь өнгөрсөн наймдугаар сарын 22-ны өдөр буюу ЗТХЯ-нд гарсан хүн амины хэргийн дараахан “Төрийн байгууллагын ажлын байранд согтууруулах ундаа, хүйтэн зэвсэг хадгалж, хэрэглэсэн нь тогтоогдвол АЖЛААС ХАЛНА” гэсэн тогтоолыг У.Хүрэлсүхийн Засгийн газраас гаргаж байсан. Өөрөөр хэлбэл, ажилтан, албан хаагчдын сахилга бат, дэг журам, ёс зүй, ажлын хариуцлагыг өндөржүүлж, төрийн албаны стандарт, байгууллагын дотоод журмыг чанд мөрдүүлэн ажиллах, ажлын байранд архидан согтуурах, тамхи татсан тохиолдолд Монгол Улсад дагаж мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хариуцлага тооцож ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах тухай тусгасан гэсэн үг.
Харамсалтай нь, энэхүү тогтоол төрийн байгууллагад тэр тусмаа хуулийг өөрөө манлайлан мөрдөх ёстой НИТХ-ын дарга С.Амарсайханы өрөөнд үйлдэгдсэн нь яалт ч үгүй гэмт үйлдэл. Төрийн захиргааны байранд архидан согтуурснаас нэгнийхээ аминд хүрсэн хэргийн шүүн таслах ажиллагаа ч эцэслэгдээгүй байхад Хотын захиргааны нь байранд мөн архидалт, танхайн хэрэг ийнхүү үргэлжиллээ. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх та асуудлыг сайтар шалгаж хатуу хариуцлага хүлээлгэхгүй бол муу үйл модон улаатай гэгчээр сархад тойрсон танхайрал улам бүр хавтгайрч, дахин нэг эрдэнэт хүний амь эрстэхэд тун ч ойрхон байна шүү.