Энэ зургийг хараад өөрийн эрхгүй нүүрэнд тань инээмсэглэл тодорч байна уу?
Тийм гэж хариулж байгаад итгэлтэй байна. Учир нь инээд “халдварладаг”. Үүнтэй адилаар хандлага, харилцаа, уур бухимдал бүгд халдварлана.
Мэдээж хэн ч бай бусдад “өвчнөө” халдаая гэж боддоггүй. Тэд зөвхөн өөрсдийн санамсар болгоомжгүй үйлдлээсээ болоод л аливааг бусдад “халдаачихдаг” болов уу. Тэгвэл та бусдад юуг халдаахыг хүсэж байна вэ?
Бид энэ удаад цахим орчинд сөрөг мэдээллийг түгээхгүй байж, эерэг хандлагыг “халдаах”-ыг уриалж байна. Учир нь цахим орчинд та бидний түгээсэн сөрөг мэдээлэл, “халдаасан” уур бухимдал тэр бүгд зөвхөн та бидэнд төдийгүй бидний үр хүүхэд, бяцхан дүү нарт минь ч хүрэх аюултайг анхаар!
Тэгэхээр бүгдээрээ ингэе.
Яг өнөөдрөөс эхлээд өөрийн цахим хуудсандаа их цэвэрлэгээ хийцгээж, эерэг цахим орчныг бий болгоё
Үүний тулд:
1. Цахим орчинд байнга сөрөг мэдээлэл түгээдэг, сөрөг сэтгэгдэл бичдэг найзуудаа unfriend хийе, ингэх боломжгүй бол unfollow хийснээр танд тухайн хүний хийсэн үйлдлүүд харагдахгүй.
2. Огтоос хэрэггүй, онц их ач холбогдолгүй, байнга хов живийн шинжтэй мэдээлэл түгээдэг page-үүдийг unlike хийе.
3. Танд болон бусдад ямар хэрэгцээ шаардлагагүй, чухал ач холбогдолгүй, хэдхэн хоног хэн хүнгүй муулаад жигшээд хараагаад өнгөрөх “хэрүүлийн алим”-ыг түгээхгүй байя. Үүнийг түгээсэн найз нөхөд, page-үүдийг дээр дурдсан алхам 1, 2-оор зохицуулъя.
Тэгвэл одоо эерэг цахим орчныг бүтээснээр бидэнд ямар ач холбогдолтой тухай ярилцъя.
1. Их цэвэрлэгээний дараа та өөрт тань хэрэгтэй, таныг цэнэглэх тэр мэдээллүүдийг олж авч чадна. Учир нь урьд өмнө тэр бүгд өнөөх сөрөг халдвар тээгчдэд дарагдчихдаг байсан юм.
2. Өөрийгөө, дүү нараа, үр хүүхдээ цахим орчинд “эрүүл” байлгах болно.
3. Хэрэгцээгүй зүйлсийг түгээхгүй байснаараа магадгүй та илүү аз жаргалтай байхыг ч үгүйсгэхгүй.
Аливаа зүйл халдварладаг. Бүгдээрээ хамтдаа зөвхөн эерэг бүхийг “халдварлуулж” цахим орчныг эерэг болгож, эерэг байцгаая!