МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ. Тодруулбал, НИТХ-ын хуралдаанаар Су.Батболд даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх бөгөөд Ерөнхий сайдын зүгээс уг саналыг Удирдах зөвлөлөөрөө оруулан хэлэлцүүлж огцруулах бичгийг хот руу хүргүүлээд байгаа нь энэ юм.
Улс төр бужигнасан энэ өдрүүдэд олон л зүйл болж байна. Одоо сүүлдээ аль институц нь ажилтайгаа үлдэх нь ч мэдэгдэхээ байлаа. Өчигдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх гэж бөөн юм болсон ч адаг сүүлд нь Ерөнхийлөгч өөрөө хоригоо өөрчилж "жонхууруулаад" асуудал өнөөдөр хүртэл сунжирхаар болсон. Гэхдээ Ерөнхийлөгчийн хоригийг үдээс хойш хэлэлцэнэ. Нэн түрүүнд өглөө 09.00 цагт эхлэх хуваарьтай байгаа хотын даргыг огцруулах асуудал олны анхаарлыг татах болно.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хотын даргыг огцруулах асуудлыг шуурхайлж магадгүй бөгөөд Засгийн газрын хувь заяатай уялдуулж маргаашдаа багтааж шийдвэрлэх магадлалтай гэнэ. Тэгвэл НИТХ-аас хотын даргыг огцруулахыг дэмжсэн тохиолдолд түүний оронд хэнийг томилох вэ гэсэн албан тушаалын "сунгаа" албан ёсоор эхлэх болно. Харин тус "сунгааг" хэн өнгөлөх эсэх нь бас таамаглахад бэрх, товчоор хэлбэл бүрхэг болчихоод байна.
Өөрөөр хэлбэл, хэд хоногийн өмнө хэвлэлд "сонгогчид зөвшөөрвөл хотын дарга болно" хэлсэн УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг эс тооцвол "би дарга болъё" гэх хүн тодорсонгүй. Ганц ам нээсэн Х.Нямбаатар гишүүн ч дараа нь "би хотын дарга болно гэж хэлээгүй" гэж хэвлэлээр тайлбарласан сурагтай байсан.
Мэдээж огцруулах эсэхийг шийдвэрлэсний дараа амбицаа гаргана гэсэн урт холын бодол дарсан эрхмүүд мэр сэр байгаа л байх. Харин олон нийтийн зүгээс хэрвээ Су.Батболдыг үүрэгт ажлаас нь огцруулбал түүний орыг залгахаар НИТХ-ын дарга С.Амарсайхан, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, орлогч Ж.Батбаясгалан зэрэг хүмүүсийн нэрийг таамаглаж дэвшүүлж харагдана лээ.
Арай байж болох хувилбарууд нь эдгээр эрхмүүд байх. Бүр дөхүү нь хувилбар нь НИТХ-ын дарга С.Амарсайхан юм. Түүнээс биш зарим сошиалоор сэвээд байгаа шиг Ц.Батбаяр тэргүүтэй нэр бүхий хэтэрхий "сайн дурын уран сайханчид" хотыг авахгүй нь тодорхой. Угаасаа тэдэнд өгөх ч үгүй биз. Харин энд ганцхан л туйлын үнэн байгаа нь хотын намыг авсан талаас хотын даргад хүнээ томилох нь ойлгомжтой. Юу үнэн, энэ үнэн. Нийслэлийн МАН-ын дарга нь ямар сайд, гишүүнээсээ татгалзаад гүйгээд ирэхгүй нь тодорхой. Урвал, хамаарал бүхий нөхдөөсөө л дараагийн даргыг томилох болов уу.
Ер нь улс төрийн нөхцөл байдал улам л ээдрээтэй нөхцөл байдал руу шилжиж, өнөөдөр хотын даргыг огцруулах уу, үгүй юу гэдэг ч асуудалтай болоод ирлээ. Тиймээс дараагийн дарга нь байх вэ гэдгээс илүүтэй, өнөөдөр Су.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үү гэдэг л байна. Дараагийн асуудлыг дараа нь яръя.
Ч.Ган