Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-г “тоносон” түшээдийн баримт өдөр бүр шинэ сенсаациар баяжиж байна.
Хэвлэлүүдийн дэлгэж тавиад байгаа баримтаар Ерөнхийлөгч Х.Баттулга Тамгын газрын дарга З.Энхболдыгоо огцруулахаас өөр сонголт алга. Аавын хүүг алаг үзэж болохгүй биз дээ. Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч Хэвлэлийн албаны дарга Ж.Цэсэнг нөхрийнх нь компани ЖДҮХС-гаас зээл авсан гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Харин одоо Тамгын газрын даргаар ажиллаж байгаа З.Энхболдынх нь ЖДҮХС руу МАН-ынхнаас урьтаж, гар дүрсэн баримтыг хэвлэлүүд дэлгэж тавиад байхад нүдэн балай, чихэн дүлий хандвал ард түмэн гудамжинд гарч жагсан, Ерөнхийлөгчийг өөрийг нь огцруулах шаардлагыг тавьж эхлэх биз. Угаасаа ч энэ асуудлыг хөндөөд эхэлсэн. Юун УИХ-ыг тараах.
Баримтаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ардчилсан намыг эрх барьж байхад буюу УИХ-ын даргын алба хаших үедээ туслах, бизнесийн хамтрагч, бэр, худынхаа нэрээр займчуулан зээл “хусжээ”. Тодруулбал, 2013 онд “Арвай милк” ХХК нь ЖДҮХС-гаас 400 сая төгрөгийн зээл авсан байна. Энэ компани нь З.Энхболдын бизнесийн хамтрагч Ж.Даваасүрэнгийн нэр дээр бүртгэлтэй аж. Уг зээлийг авахдаа Алпин үүлдрийн ашиг шим ихтэй ямаа Франц улсаас оруулж ирнэ гэж зээл авсан ч эцэст нь зээлээ төлөлгүй луу унжиж, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам олгосон зээлээ буцаан авахын тулд шүүхэд ханджээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд бол Өвөрхангай аймгаас хоёр ч удаа УИХ-д сонгогдон ажиллаж байсан. Ж.Даваасүрэн нь Өвөрхангай аймаг дахь туслахуудын нэг, Өвөрхангай аймгийн Ардчилсан намын гишүүн аж.
Баримт үүгээр дуусахгүй, Төв аймгийн Баянчандмань суманд байрлах “Баянчандмань милк” ХХК нь З.Энхболдын бага дүү З. Хишигтогтохын эхнэр Алтантуяагийн аав Б.Ваанчигийн нэр дээр байдаг. Уг компани 2013 онд Франц улсаас 50 үхэр авчрах зардлыг нь Үйлдвэр хөдөө аж ахуйн яам даажээ. Энэ үед тус яамны сайдаар Ерөнхийлөгч Х.Баттулга ажиллаж байв. Харин тэд энэ булхайгаа илрэхгүй гэж бодсон бололтой юм.
Өнгөрсөн өдрүүдэд ЖДҮХС-гийн зээл тойрсон дуулиантай асуудал дэлгэгдэхэд Ардчилсан намынхнаас хамгийн томоор хашгирч, сошиалд идэвхтэй жиргэж МАН-ынхныг “шилийн сайн” хулгайчаар нь дуудсан хүн бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд.
Ерөнхийлөгч Х.Баттулга ч “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ өөрийн хамаарал бүхий компанид болон Ардчилсан намын нөлөө бүхий хүмүүст Хүнс хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа зээл олгоогүй гэж ярьсан ч удалгүй баригдлаа.
Салбарын сайд хүлээн зөвшөөрөөгүй байхад Франц улсаас авчирсан үхрийн тээврийн зардлыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцах уу. Яамныхаа төсвийг салбарын сайд нь УИХ-аар хамгаалуулж, батлуулж авдаг. Юунд хэдэн төгрөг зарцуулахаа, тэр тусмаа хэний үхрийн зардлыг төсвийн хөрөнгөөр даах болсныг тухайн үеийн сайд Х.Баттулга мэдэлгүй гарын үсэг зурсан гэвэл ёстой хүүхэд, нохойн доог болох биз.
Аавын хүүг алаг үзэхгүй гэж ардын үг бий. Нэгэнтээ Тамгын газрын дарга тань ЖДҮХС-гаас бизнесийн хамтрагчдаа зээл авч өгсөн нь баримтуудаар илэрч, худынхаа нэр дээр байгуулсан компанийнхаа үхрийг татвар төлөгчдийн мөнгөөр даалгасан байхад явуулахгүй бол жинхэнэ онигоо болно биз дээ.
М.Болд
Эх сурвалж: Shuud.mn