Амгалангийн дулааны станцад гэмтэл гарч, уржигдар шөнөөс өчигдөр оройны 19.00 цаг хүртэл дулаан түгээсэнгүй. Өвлийн эхэн сарч дундаа орж, гадаа хасах 15-аас дээш хэм хүйтэрч байгаа энэ үед Улаанбаатар хотын тэн хагас, тэр дундаа Баянзүрх дүүргийн ард иргэд бүтэн өдөр хүйтэн гэртээ хөхөрч суулаа.
Нийслэлийн зүүн бүсийг дулаанаар хангадаг Амгалан станцын шугамд уржигдар шөнө гэмтэл гарч, өчигдөр оройн 19.00 цаг хүртэл айл өрхүүд дулаанаа авч чадаагүй байна. Эх сурвалжуудын мэдээлснээр нэлээд олон цаг зарцуулж байж хэвийн үйл ажиллагаанд нь оруулах дайны томоохон хэмжээний гэмтэл гарсан гэх. Харин Эрчим хүчний яамнаас тодруулахад “Амгалан дулааны станцаас албан ёсны ослын мэдээ ирүүлээгүй. Ойролцоо шугамд гэмтэл гарсан юм шиг байна лээ. Дүүрэг хариуцсан албаны хүрээнд засвар хийж, хэвийн үйл ажиллагаанд нь оруулахаар ажиллаж байгаа” гэсэн юм. Тэгвэл шил дараалан гаргах болсон гэмтэл доголдол өвлийн дүн өвлөөр тохиогоогүйд олзуурхууштай гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Учир нь нийт 75.9 сая ам.долларын өртгөөр сүндэрлэсэн Амгалангийн станцыг анх 2015 онд ашиглалтад оруулсан бөгөөд хотын зүүн хэсгийн 50000 өрхийг өвлийн улиралд дулаанаар хангадаг, мөн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи суурилуулсан нь гэдгээрээ станцууд дундаа хамгийн залуу нь.
Энэ утгаараа хэдийнэ 30-50 жил настай болсон ТЭЦ II, ТЭЦ III, ТЭЦ IV-тэй харьцуулахад хамгийн найдвартай гэж үзэж болно. Гэвч нийгэм, эдийн засгийн суурь дэд бүтэц болсон цахилгаан, дулааны станцуудад гарч буй осол гэмтлийн шалтгааныг тодруулалгүй, бас буруутныг нь олохгүй өнгөрөөгөөд байж болохгүй юм. Эдгээр гэмтэл доголдол хэдхэн цагийн асуудал мэт боловч хуучирсан эх үүсвэрт түшиглэдэг системтэйн дээр эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж мэдэх анхааруулга. Үндэсний аюулгүй байдал талаас нь авч үзвэл, нийтээрээ цахилгаан эрчим хүчгүй, дулаангүй, халуун хүйтэн усгүй, харилцаа холбоогүй, интернетгүй, шатахуун түлшгүй, эмнэлэггүй, банкгүй болж амьдрал зогсоно гэсэн үг. Хэрвээ энэ зогсолт идэр есийн хүйтэнд тохиолдвол нийслэл хот хоёр цаг болоход захаасаа хөлдөж, 6-12 цагийн дотор сэргээж чадахгүй бол бүрэн хөлдөх аюултай гэдгийг учир мэдэх инженерүүд анхааруулдаг юм билээ. Тиймээс л туршлагатай инженерүүд нь өдөр шөнөгүй зүтгэж, хуучин станцуудаа өдий зэрэгтэй ажиллуулж ирсэн. Гэвч мэргэжлийн салбарт улс төрийн томилгоо хэт ихэссэнээр энэ байдал алдагдахад хүрсэн түүхтэй.
Харамсалтай нь, энэ удаагийн саатал Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн үед гарч буй анхны “тэг” зогсолт биш. Өнгөрсөн есдүгээр сарын 15-нд Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 70 хувийг дангаараа хангадаг IV станцад гэмтэл гарч, бусад станцуудын үйл ажиллагаанд нөлөөлснөөр нийслэл хот, төвийн таван аймагт арай ч эмх замбараагүй байдал үүсчихээгүй. Тухайн үед Ц.Даваасүрэн сайд нэг мэдлэггүй хүний алдаатай үйл ажиллагаанаас болж осол гарсан талаар тайлбар хийж, өөрийгөө өмгөөлж байсан. Гэвч салбараа арван хуруу шигээ мэдэх инженерүүдийн зүгээс Төвийн эрчим хүчний системийн “тэг” суултанд нэг биш нэжгээд хүн буруутай, цаашлаад салбарын нэгдүгээр хүн болон сайд Ц.Даваасүрэн өөрөө хариуцлага хүлээх ёстой талаар байр сууриа илэрхийлж байсан. Учир нь Засгийн газрын болон Эрчим хүчний тухай хуулиар салбар хариуцсан сайд нь салбараа бүрэн хариуцаж, төлөөлөх учиртай. Компанийн тухай хуулиар төрийн өмчит компаниудын ТУЗ-д Эрчим хүчний яам, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар эзэмшиж байгаа өмчийнхөө хувь хэмжээгээр төлөөллөө оруулж өөр өөрийн чиглэлийн дагуу хяналт тавьж компанийн удирдлагыг хэрэгжүүлж ирсэн. Тэгвэл Ц.Даваасүрэн сайдын үед Эрчим хүчний яам бүх давуу эрхийг авсан юм. Тодруулбал, Засгийн газар өнгөрсөн сарын 31-ний хуралдаанаараа Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын хувьцааны 70 хувийг Эрчим хүчний яаманд, 30 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмшихээр холбогдох журамд өөрчлөлт оруулсан юм. Өөрөөр хэлбэл, тус яамны зүгээс эрчим хүчний компаниудын ТУЗ-ийн гишүүдийн 70 хувийг шууд томилж, улмаар гүйцэтгэх удирдлагыг гартаа авсан гэсэн үг. Нөгөө талаар энэ оныг “Хариуцлагын жил” хэмээн зарласан Засгийн газар хоёр сар хүрэхгүй хугацаанд дараалан гарсан хоёр удаагийн доголдлын хариуцлагыг ойроос хайх боломж харагдаж байна.
Мөн улсын онцгой салбарын “тэг” зогсолтын давтамж нь ойртож байгаа нь Амгалангийн станцаас бусад үйлдвэрүүдийн техник технологи хуучирч доголдол гарч эхэлсний илрэл гэдэг. Олон жилийн өмнөөс Багануур, Тавантолгойн нүүрсний уурхайн болон V цахилгаан станц тэргүүтэй өндөр технологийн эрчим хүч, дулааны томоохон эх үүсвэрийг бий болгохыг ярьж, заримынх нь суурийг тавьсан ч өнөөдөр ажил хэрэг бололгүй гацсан байдалтай байна. Ялангуяа, Ц.Даваасүрэн сайдын үед эрчим хүчний системд хамгийн их нөлөө үзүүлэх ажлаа эхэлсэн Багануур, тогтчихсон байсан Тавантолгой, төлөвлөсөн V цахилгаан станцын төслүүдийн үйл явц замхарсан юм. Тухайлбал, V цахилгаан станцыг байгуулах газрыг тодорхойлоогүй гэдэг шалтгаанаар, Багануурын станцын бүтээн байгуулалтыг дахин судална гэж үзэн зогсоосон. 700 МВт-ын эх үүсвэр бий болгох уг төслийн нийт өртөг 1.2 тэрбум ам.доллар. Барих-ашиглах-шилжүүлэх гэрээг 2015 онд хөрөнгө оруулагч талтай үзэглэсэн бөгөөд төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс 25 жилийн дараа Монголын төрд үнэ төлбөргүй шилжүүлэх юм. Технологийн хувьд хүчин чадлаа 140 МВт хүртэл бууруулан маневрлан ажиллах боломжтой 350 МВт-ын хоёр турбин суурилуулахаар төлөвлөж суурийг нь цутгачихаад байгаа. нэг ч төгрөг төлөлгүйгээр өөрийн мэдэлдээ авахаас гадна 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтад ямар нэг баталгаа гаргахгүй гэдгийг хатуу гэрээлчихсэн. Тодруулбал, концессын гэрээнд “Монгол Улсын Засгийн газраас ямар нэгэн баталгаа шаардахгүй” гэх утга бүхий заалтыг тусгаад өгчихөж. Мөн эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд тусгаснаар станц ашиглалтад орсноос хойш эхний 1-4 жилд 220 МВт-ыг нэг блокоор нийлүүлнэ. Тав дахь жилээс хоёр блокийг тус бүр 220 МВт-аар, зургаа дахь жилд тус бүр 245 МВт-аар шат дараатай нийлүүлэх уян хатан нөхцөлийг зааж өгчээ. Арван жилийн дараа буюу 2028 онд блок тус бүр нь 315 МВт-аар ажиллаж эхлэх юм. Өөрөөр хэлбэл, ашиглалтад ормогцоо эрчим хүчний салбарт нийлүүлэлтийн илүүдэл үүсгэж, цахилгаан худалдаж худалдан авах талаар маргаан үзүүлэхгүй гэсэн үг. Энэ нь эрчим хүчний салбарын хөгжлийг технологийн талаас нь нэг шат ахиулах дэвшил, бас цахилгааны найдвартай аюулгүй ажиллагааг ойрын таван жилдээ хангах хэмжээний шинэ эх үүсвэр билээ. Тус станц нэг кВт цахилгааныг өнөөдөр ОХУ-аас импортолж буй цахилгааны тарифаас харьцангуй доогуур үнээр Төвийн бүсэд нийлүүлэх нөхцөл тавьсан. Эрчим хүчний зохицуулах хорооноос Багануурын цахилгаан станцын эрчим хүч борлуулах гарааны үнийг 6.3 цент байхаар баталсан.
Тэгвэл 2016 оны байдлаар импортын цахилгааны дундаж тариф 8.2 цент байгаа нь Багануурын станцын нийлүүлэх үнээс хамаагүй өндөр байгааг харуулна. Нөгөө талаар Монгол Улс нүүрсээр баялаг. Тиймээс нүүрсний цахилгаан станц байгуулах нь өртгийн хувьд хямд тусдаг. Ялангуяа нүүрсний уурхайн аман дээрээ станцаа байгуулж чадвал илүү үр ашигтай. Багануурын цахилгаан станц яг шаардлагыг хангаж буй анхны төсөл бөгөөд ашиглах 21 жилийн хугацаанд хамгийн ихдээ 70 сая тонн нүүрс шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Тэгвэл Багануурын нүүрсний уурхайд 2014 онд АНУ-ын “Norwest”, Монголын “Эрдгео” компанийн хамтарсан консорциум геологи хайгуулын ажлыг хийж, уурхайн нүүрсний нөөцийг 274 сая тонноор өсгөж, 812 сая тонноор баталсан байдаг. Одоогоор энэ ордын аман дээрх сүндэрлэх цахилгаан станцын үндсэн бүтээн байгуулалт болох яндангийн суурь ажлуудыг хийж дуусгаад байгаа. Станц ашиглалтад орсны дараа ашиглагдах оффисын барилга зэрэг гурван барилгын ажил 40 хувьтай баригдаж байна. Үндсэн тоног төхөөрөмжүүд болох турбин генератор, зуухыг захиалан үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд хөрөнгө оруулагч талаас төсөлд 214 сая ам.доллар зарцуулжээ. Төслийн хэрэгжүүлэгч “Багануур Пауэр” компани Монгол Улсад бүртгэлтэй бөгөөд барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр 2015 онд концессын гэрээ байгуулсан. Сүүлийн үеийн дэвшилтэт технологитой станцуудад 200-300 хүн л ажилладаг болсон шаардлагыг харгалзан Багануурын станцын ТЭЗҮ-д ашиглалтын үеийн ажилчдын тоог 300 байна гэж яс зааж оруулжээ. Түүнээс гадна Монгол улсын Хөдөлмөрийн хууль, Засгийн газраас олгодог гадаад ажилчдын квотын дагуу хятад ажилчдын тоо хязгаартай. Ашиглалтад орсноор таван жилийн дотор ажиллагсдын 90 хувь нь монголчууд ажиллана. Ажилчдын тоог ийнхүү нарийн зааж, тооцсон нь төслийн санхүүгийн үр өгөөжтэй холбоотой бөгөөд олон мянган хятад ажиллуулна гэдэг нь ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй хардлага байсан нь баримтаар нотлогдсон. Түүнчлэн баригдсан даруйдаа эдийн засгийн үр өгөөжөө өгөх Тавантолгойн цахилгаан станцыг Ц.Даваасүрэн сайд гацаасан гэдгээ зарласан юм.
Үндэсний шуудан