Ирэх пүрэв гарагт Улсын дээд шүүх дээр УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын өөртөө зориулж худалдан авсан 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг хаусыг УБТЗ-д буцаан авах шийдвэрийг ЗТХ-ийн Дэд сайд асан Б.Цогтгэрэл гаргаж байсан юм. Гэвч Л.Пүрэвбаатар уг шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсан бөгөөд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс Л.Пүрэвбаатарын талд шийдвэр гаргасан байдаг. Энэ шийдвэрт Дэд сайд асан Б.Цогтгэрэл эсэргүүцэл илэрхийлэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж хэргийг хянуулахад Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч Хуланг буруу шийдвэр гаргасан хэмээн үзэж 1,5 тэрбумын үнэтэй хаусыг УБТЗ-д өгөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Гэвч экс дарга Л.Пүрэвбаатар уг тансаг орд харшаа алдаад тавьчихыг бодсонгүй. Улсын дээд шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлэхээр болсон бөгөөд энэ долоо хоногийн пүрэв гарагт буюу 27-ны өдөр Улсын дээд шүүх энэ асуудлыг хэлэлцэх болоод байна. ЗТХ-ийн Дэд сайд асан Б.Цогтгэрэл Нийслэлийн хяналтын шатны шүүх хурлын шийдвэр гарсаны дараа "Энэ байрыг буцаан зарж борлуулаад 1,5 тэрбум төгрөгөөр 300 залуу төмөр замчны орон сууцны урьдчилгааг өгөх боломжтой тул яаралтай хураан авч залуу төмөр замчдаа дэмжмээр байна" хэмээн мэдэгдэж байсан юм.
УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын 1,5 тэрбумын үнэтэй орон сууцыг хураах шүүх хурал болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.