Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” спорт хорооны бөхчүүд Улсын баяр наадмынхаа бэлтгэлд гал болон гараад хоёр долоо хоног өнгөрчээ. Энэ галд гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв, аймгийн арслан А.Даваанямын удирдлага дор улс, аймгийн цолтой 30 гаруй бөх бэлтгэл сургуулилтаа хангаж байна. “Сүлд” галд улсын заан Н.Жаргалбаяр, харцага Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий, начин Ж.Чулуунбат, Ч.Цогбаяр, аймгийн арслан А.Давааням, Ц.Мөнхбаяр, Д.Хүдэрбулга тэргүүтэй өнөө цагийн шилдэг хүчтэнүүд бэлтгэл хийж байгаа юм. Тус галын барилдаан өчигдөр болсон бөгөөд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, аймгийн арслан Ц.Мөнхбаяр үзүүрлэжээ. Б.Бат-Өлзий харцагын хувьд өнөө жилийн Цагаан сарын баярт зориулсан барилдаанд түрүүлээд зогсохгүй бөхийн чансааг тэргүүлж байгаа билээ.