Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эвлэрэх чиг авсан МҮБХ-ныхон одоо хүртэл эвлэлдэн нэгдэж чадаагүй байна. Учир зүйгээ олчих байх, эвлэлдэн нэгдээд тэргүүнээ сонгочих болов уу, МҮБХ шинэчлэгдэх байх гэсэн бөх, бөх сонирхогч, ард түмний хүлээлт ийнхүү талаар өнгөрлөө. Шалтгаан нь ердөө л хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх гэсэн Р.Нямдорж, Д.Данзан нарын дуусахгүй их шуналтай холбоотой.
Тэд өнгөрсөн 20 жилийн турш МҮБХ-г хууль бусаар удирдаж, начны найраа, допингийн бизнесийг цэцэглүүлсэнээс өөр гавъяагүй. Үүнийхээ үр дүнд хэдэн турбумыг чимээгүйхэн халаасалж, ард түмний хандив хөрөнгөөр боссон Бөхийн өргөөг өөрсдийн өмч болгоод авсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.
МҮБХ-нд шинэчлэл авчрах, эвлэлдэн нэгдэх түүхэн цаг үед Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, Д.Данзан нар дахин олон жилийн эцэс төгсгөлгүй талцал, хуваагдлын эхлэлийг тавьж байна.
Ингэж хэлэхийн учир нь.....
Энэ сарын 18-ны өдөр буюу баасан гаригт Их Эе хуралдахаар товлогдоод байсан ч хуралдаж чадахааргүй боллоо. Учир нь Р.Нямдорж, Д.Данзан, Б.Бат-Эрдэнэ нар өнгөрсөн 20 жилийн хугацаанд хийсэн бүх муу муухай бүхэн нь илчлэгдэх вий гэснээс айсан бололтой. МҮБХ-ны албан ёсны тэргүүнээр сонгогдсон ч нэрээ татаад буй Л.Чинбат өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Дархан аварга Х.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, Их Эеийг хуралдуулан тэргүүнийг дахин сонгохоор болсон байдаг.
Харин Ажлын хэсгийн ахлагч Х.Баянмөнх нарын зүгээс Бөхийн өргөөний сүүлийн 20 жилийн санхүүгийн тайланд аудит хийлгэх, допингийн хууль бус шантаажны бизнесийг "Аварга" дээд сургуулийн захирал, багш, хүргэний сүлжээ болгосон. Тиймээс уг этгээдүүдэд энэ эрхийг өгөхгүй, сонгон шалгаруулалт явуулах хүсэлт гаргасан байна. Тэдний гаргасан хүсэлтээс болж маргаан улам хурцдаж, юун эвлэлдэн нэгдэх, энэ сарын 18-нд товлогдоод байсан Их Эеийг ч хуралдуулах боломжгүй болсон аж.
Тэд юунаас ингэтлээ айв. Санхүүгийн тайланд аудит оруулж болохгүй, допингийн шинжилгээг авдаг этгээдүүдийг солихгүй байх маш том ашиг сонирхлын зөрчил тэдэнд байгааг өөрсдөө товлоод байсан Их Эеийн хурлаа хүртэл цуцалж байгаагаас харж болох юм.
2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулахаар улайрахын учир нь....
Р.Нямдорж нь 2002 онд ах дүү, хамаатан садан, найз нөхдөөсөө бүрдсэн Цэцдийн зөвлөлийг хуралдуулж, өөрийгөө тэргүүнээр өргөмжилсөн байдаг. Үүнийг нь гурван шатны зургаан удаагийн шийдвэрээр хууль бус гэж тогтоочихоод байхад дахин 2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулахаар улайрч байна.
Ямар сайндаа 2002 оны Цэцдийн зөвлөл, Их Эеийг хуралдуулж, МҮБХ-ны тэргүүн болоод, гүйцэтгэх захирлын суудлыг Ц.Магалжавт авч өгнө гэсэн байх юм. Мөн МҮБХ-ны өмч байх ёстой Бөхийн өргөөний өмчлөлийн асуудлыг Бөхийн өргөө заавал МҮБХ-ны нэр дээр байх ёсгүй гэж зүтгүүлэхээр болжээ.
Энэ сарын 3-ны өдөр Р.Нямдорж, Д.Данзан, Б.Бат-Эрдэнэ тэргүүтнүүд Цэцдийн зөвлөлийг хуралдуулсан байдаг. Ингэхдээ хуралд 2002 оны дөрөвдүгээр Их Эеэс сонгогдсон гишүүдийг оролцуулж, дараагийн Их Эеийн хурлын тов, хуралд оролцох гишүүдийг сонгуулсан юм. Улмаар өөрийн талын хүн Улсын заан Ж.Ганболд хурлыг удирдах эрхийг өгч, энэ сарын 18-нд Их Эеийг хуралдуулахаар товлосон. Тэгэхдээ Л.Чинбатын тэргүүлдэг холбоог Улсын заан Ж.Ганболд төлөөлөн оролцсон хэмээн худал ташаа мэдээлэл түгээсэн байдаг юм. Р.Нямдорж, Д.Данзан, Б.Бат-Эрдэнэ нар 2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулахаар үхэн хатан тэмцэх нь учиртай. Учир нь 2002 оны Цэцдийн зөвлөлийг Р.Нямдорж нь өөрийн ах дүү, хамаатан садан, найз нөхдөөсөө бүрдүүлсэн. Хэрвээ 2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулж чадвал хүсээд байгаа МҮБХ-ны тэргүүн, гүйцэтгэх захирлын суудлаа Ц.Магалжавт өгч чадах юм. Зургаан удаагийн шүүхийн шийдвэрийг зөрчин байж дахин хууль бус хурал хийж, эцэс төгсгөлгүй дахин 20 жилийн маргаан үүсгэх нь монгол бөхийн хөгжил, бөхчүүд, бөх сонирхогчдод хэнд нь ашиггүй. Зөвхөн Д.Данзан, Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, Ц.Магалжав нарт л ашигтай.....
МҮБХ-г авахаар улайрахын учир....
Б.Бат-Эрдэнэ, Р.Нямдорж тэргүүтэй хүмүүс хууль зөрчин зөрчин, нэр хүндээ гишгэлэн гишгэлэн МҮБХ-нд улайрах ямар шалтгаан байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тэд бол өнгөрсөн 20 жилийн турш МҮБХ-нд үүссэн, бугшсан, муу муухай бүхний эхлэл. Ялзарлын гол цэг. Тэдний шуналаас болж начны найраа, допингийн бизнес цэцэглэж, энгийн нэг аавын хүү алдар нэрд хүрч чадахгүй, заавал мөнгө төгрөг хахууль өгч байж, цол хүртэж байна.
Бөхийн өргөөнд болж буй тоглолтуудаас олох орлого, одоогоор 500 сая хүрээд байгаа начны найраа 700 сая болсон гээд бидний хэзээ ч төсөөлж байгаагүй олон тэрбум төгрөг тэнд яригдаж байна. Мөн дургүйг нь хүргэсэн хэнийг ч болов допинг хэрэглэсэн болгож чаддаг гэх яриа бөхчүүдийн дунд байна. Нэг бөхөөс допинг илэрсэн гэж шантаажлаад 30-100 саяыг авдаг гэх. Учир нь УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан "Аварга" дээд сургуулийн захирал С нь Допингийн Үндэсний төвийн захирлаар ажилладаг. Допингийн Үндэсний төвийн Их эмчээр түүний шавь Э, Э-гийн нөхөр нь Э нь Допингийн Үндэсний төвийн дээж авагчаар ажилладаг. Дээж авагч Э-гийн дүү нь Допингийн Үндэсний төвийн хянагч Х. Ц.Магалжав нь Аварга дээд сургуулийн гавьяат багш А-гийн хүргэн гээд сүлжээ үүсчихсэн байгаа юм.
Тэгэхээр энэ олон тэрбум төгрөгийг чимээгүйхэн халааслачихдаг бизнесээ алдахгүй байх сонирхол бөхөөс төрсөн тэмбумтнуудад байгаа нь эргэлзээгүй. Ийм ашигтай бизнесээ алдахгүйн төлөө зургаан удаагийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг эсэргүүцэх нь, шүүхээс хүчингүй болгосон тамга тэмдэг, гэрчилгээ ашиглаад 2002 оны Цэцдийн зөвлөл, Их Эеийг хуралдуулж, Ц.Магалжавыгаа зүтгүүлэхээр улайрах нь тэдний хувьд юу ч биш. Тэдэнд зөвхөн энэ ашигтай бизнесээ авч үлдэх нь хамгийн чухал.
Иргэд зөвхөн допингүй, найраагүй, шантаажгүй үндэсний бөхийг үзэх чин хүсэл эрмэлзэлтэй. Харин Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, Ц.Магалжав нар зөвхөн бизнэсээ авч үлдэх чин хүсэл эрмэлзэлтэй.
Гарц...
Нэгэнт мөнгөний амтанд орсон гэх тэд Бөхийн холбоог тийм ч амар өгчихгүй. Гэхдээ өгөхгүй гээд зүгээр сууж болохгүй. Ард түмний хамгийн их таашаал авдаг энэ салбарыг хууль бус бүлгэмээс салгах учиртай. Хууль бусаар сонгогдож, хууль бусаар холбоог 20 жил удирдсан. Дараагийн хүнээ сонгохдоо шүүхээс хурал хийж болохгүй гээд байхад хурал товлож байгаад сонгочихдог. Бүр болохоо болиод ирэхээрээ хууль бус үйлдлээ хаацайлуулах залгамжаа бэлдчихдэг энэ хууль бус этгээдүүдээс МҮБХ-г салгаж, бүх зүйлийг хууль ёсны дагуу ном журмаар нь хийдэг, ОӨУБЕГ-т албан ёсны бүртгэлтэй, шүүхийн шийдвэрийн дагуу сонгогдсон, МҮБХ-нд шинэчлэлийн салхи сэвэлзүүлж чадах тэр л хүмүүст МҮБХ-г даатгасан нь дээр болов уу. Түүнээс биш өнгөрсөн 20 гаруй жилийн турш Бөхийн холбоонд шинэчлэл огт хийгээгүй, харин ч хууль бусын хонгил үүсгэчихээд одоо болохоор Бөхийн холбооны үйл хэрэгт оролцохгүй ч бөхийн шинэчлэлд гар бие зүтгэх болно гэж ярих нь дэндүү утгагүй. 20 жил хийгээгүй зүйлээ гэнэт одоо хийнэ гэдэг шиг үлгэр байхгүй. Тиймээс Р.Нямдорж, Д.Данзан нарын фракцид, залгамжлагчид МҮБХ-г өгөх нь "Чононд мах хадгалуулж байгаа"-тай агаар нэг.
Юутай ч энэ сарын 18-нд албан ёсоор хуралдахаар товлогдоод байсан Их Эеийн хурал начны найраа, допингийн бизнесээ хадгалж үлдэх гэсэн, бүр цаашлаад санхүүгийн тайланд аудит оруулуулахаас айсан Р.Нямдорж, Д.Данзан, Б.Бат-Эрдэнэ, Ц.Магалжав тэргүүтнүүдээс болж хуралдаж чадахааргүй боллоо.
Эх сурвалж: Uls.mn