Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Булгантуяа: Аливаа зүйлд золиос гэж бий

Х.Булгантуяа: Аливаа зүйлд золиос гэж бий

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэж байна. Энэ удаагийн зочноор Сангийн дэд сайд Х.Булгантуяаг урилаа.

 

 

ИРЭЭДҮЙД ЮУНД Ч САНАА ЗОВОХГҮЙ АМЬДРАХ УЛСЫГ БИД БҮТЭЭХ ХЭРЭГТЭЙ

Монголын хүн амын тал хувь нь нийслэлдээ амьдарч байна. Тэгэхээр эрүүл байгаад боловсролтой байвал бүх зүйл бүтнэ гэж боддог. Монгол Улс 1920-оод оны үед улсын хэмжээнд 3-4-хөн эмчтэй байсан гэдэг шүү дээ.

Тэгэхэд өв соёл, газар нутгаа аваад үлдэж чадсан. Өнөөдрийн бидний хөгжлийн эхлэлийг тухайн үед тавьсан гэж болно. Гэтэл өнөөдөр манай улс агаарын бохирдолд идэгдсэн байна. Энэ нь эрүүл мэнд хийгээд хүний хөдөлмөрлөх чадварт сөргөөр нөлөөлж байгааг мэргэжлийн хүмүүс, судлаачид хэлдэг. Түүнчлэн сургууль, цэцэрлэг эмнэлэг нь хүрэлцэхгүй болсноор гарах сөрөг үр дагаврыг арилгахын тулд маш урт хугацааг зарцуулаад ч хүссэн үр дүндээ хүрч чадахгүй эрсдэл бий.

Би олон улсын төсөлд зөвлөхөөр ажиллаж байхдаа нэлээдгүй орноор явсан. Тэнд эмнэлэг байгуулж өгье гэхэд эмч байхгүй гээд сууж байгаа нь харамсалтай дүр зураг. Аливаа улс мэргэжлийн эмчтэй болохын тулд 20 орчим жилийг зарцуулна. Мөн үндэсний авиа компанитай болно гэдэг тухайн улс орны бахархал байдаг атал нисгэгч байхгүй гэх шалтгаан олон зүйлийг хааж байсан юм. Гэтэл бидэнд эмч, нисгэгч гээд бүх мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэж чадсан боловч ухралт үүсэх вий гэх болгоомжлол бий.

Нийслэлийн агаарын бохирдол маш том асуудал, үр дагаврыг нь 5, 10, 20 жилийн дараа магадгүй бид ч амсах л байх. Эрүүл мэндээр хохирч байхын оронд эдэлж хэрэглэх зүйлс дутах нь илүү дээр шүү дээ. Ухаалаг гар утас хэрэглэхгүй, хоёр өрөө байрандаа олуулаа амьдарсан ч хамаагүй. Гагцхүү эрүүл мэнд хамгийн чухал гэдгийг үр хойчдоо захих хэрэгтэй. Хамгийн энгийн хэрэгцээ эрүүл амьдрах, боловсрол эзэмших, амьдралдаа тэмүүлэлтэй байх учиртай.

Ингэснээр улс орон хөгжиж, ирээдүйд сайхан амьдарна гэдэгтээ итгэлтэй байхын тулд хүний нүдэнд харагдах ёстой. Тиймээс юунд ч санаа зовохгүй улсад амьдрах боломжийг хойч ирээдүйдээ үлдээхийн тулд иргэн бүр зүтгэх ёстой.

ЭРҮҮЛ, БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛ ХҮН

Монгол Улс хөгжихийн тулд хүн ам нь эрүүл, боловсролтой байх хэрэгтэй. Эрүүл, боловсролтой хүн бизнесээ хөгжүүлж чадна. Тэгэхээр энэ бүхэн нийлж улсыг хөгжүүлэх хөшүүрэг болох юм. Эрүүл монгол хүнийг бүтээхийн тулд бид эхлээд энэ салбарт тулгамдсан асуудлыг алхам алхмаар шийдвэрлэх хэрэгтэй. Нэн тэргүүнд гуравдугаар шатлалын эмнэлгийн тоог нэмэх зайлшгүй шаардлага байна. Манай улсын эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлууд бий.

Түүнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байгаа. Нөгөөтээгүүр хувь хүн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал хандуулах ёстой. Түүнчлэн боловсролын салбарт ч нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал байгаа. Манай Засгийн газар хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил бий. Түүнийг хэрэгжүүлэхийн төлөө, үр дүн гаргахын тулд төрийн албан хаагчид төдийгүй, хувийн хэвшлийнхэн, хувь хүн бүр өөрийн хүчин чармайлтыг гаргах хэрэгтэй юм.

Бид эдийн засаг хүнд, амьдрал ядуу, ажил олдохгүй байна гээд бүхий л зүйлийг зөвхөн төрөөс шалтгаалж байгаа мэтээр аяглаж ирсэн. Гэхдээ үүнийг хүмүүсийн оролцоотойгоор бүтээдэг. Хэрэв эдийн засгийг сайн байлгая гэвэл эрүүл, боловсролтой байж бизнесээ хөгжүүлэхэд анхаарах нь зүйтэй. Мэдээж төрийн бодлого, хууль эрх зүйн орчноо тогтвортой байлгах нь төр, засгийн үүрэг.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧ МЭДЛЭГ, УР ЧАДВАРТАЙ БАЙХ ЁСТОЙ

Төрийн үйлчилгээг сайжруулахын тулд албан хаагчийн цалинг нэмэх шаардлагатай. Гэхдээ ингэж хэллээ гээд хий хоосон хардах хэрэггүй. Бид аль болох боломж бололцоогоо ашиглан иргэдийн сайн сайхан амьдралын төлөө төрийн бодлогыг чиглүүлж ажилладаг. Хэрэв төсвийн орлогыг нэмэх боломж бүрдвэл ард түмний сайн сайхны төлөө цалин нэмж болно. Мөн ирээдүйд илүү ихийг олно гэвэл урьдчилан зээл хэлбэрээр хөрөнгө босгож түүнийгээ хэрхэн зарцуулах төлөвлөгөө гаргаж болдог шүү дээ.

Жишээлбэл, Татварын ерөнхий газрын сайн мэргэшсэн чадалтай ажилтныг хувийн хэвшил өндөр цалин, хангамж амлаад аваад явчхаж байна. Гэтэл тухайн компанид татварын шалгалт хийхээр очих төрийн албан хаагч тэнд ажиллаж байгаа хүнээс ч илүү мэддэг боловсролтой байх хэрэгтэй. Мөн цалин хангамж ч илүү байх ёстой. Учир нь тухайн татварын байцаагч бусдын нөлөөнд автахгүй байх боломжийг бүрдүүлэх ёстой гэж боддог.

Тухайлбал, компанийн ажилтан 4,000 ам.долларын цалинтай бол манай төрийн албан хаагч ядаж 5,000 ам.долларын цалин авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хувь хүн их дээд сургуульд дөрвөн жил суралцаж төгссөний дараа ажлын байртай мэдэхгүй байгаа ч жил бүр сургалтын төлбөрөө төлдөг. Илүү сайн сайхан амьдралыг бий болгоно гэж итгээд банкнаас зээл авч байгаад ч болов хүүхдээ сургуульд сургадаг. Үүнтэй нэгэн адил ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө хөрөнгө оруулалт хийх ёстой. Гэвч түүнийг зарцуулж байгаа хүн эргээд хариуцлагатай байх, зөв зүйлд зарцуулахад анхаарлаа хандуулж үр дүнтэй байдлыг хангах хэрэгтэй.

ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 

Монголын хүн ам өсөх тусам олон улсын гэрээ конвенцэд нэгдэн орж түүний өмнө хүлээх үүрэг, хариуцлага өндөр болохын зэрэгцээ санхүүжилт их шаардана. Саяхан Евроиын холбооны татварын зарчмуудыг нэвтрүүлэхээр боллоо. Ингэснээр татварын бүх шатанд өндөр төвшний IT, тоног төхөөрөмж, дэд бүтцийг бий болгох ёстой.

Үүнийг дагаад нарийн мэргэжлийн инженерүүдийг авах ёстой. Гэтэл мэргэжлийн өндөр төвшний бэлтгэлтэй хүмүүс 500 мянган төгрөгийн цалинтай ажилд ирэх эсэх нь бүрхэг шүү дээ. Нөгөөтээгүүр техник, тоног төхөөрөмжид хөрөнгө оруулалт хийхийн тулд байрны асуудал гарч ирнэ. Жишээлбэл, серверийн тусгай өрөөтэй байх шаардлагатай. Энэ бүгдийг шийдэхгүйгээр бид дэлхийтэй зэрэгцэж хөгжинө гэж ярихад хэцүү. Сүүлийн үед олон улстай харьцуулан ярих болсон.

Гэхдээ бид ямар хөгжилтэй хаана явж байгаа вэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Тухайлбал, хүн амын орлогын албан татварт 10 хувийг төлчхөөд 40 хувийн татвар төлж байгаа улсуудтай өөрсдийгөө харьцуулах хэрэггүй. Үнэн хэрэгтээ бид гадаадаас худалдан авалт хийхдээ хөнгөлөлттэй үнэгүй хийж чадахгүй гэдгийг мэдэх ёстой. Монгол Улсад өгч байгаа гэдэг нэрийн дор хямдхан бүтээгдэхүүн орж ирэхгүй гэдгийг хатуу сана. Ер нь манай иргэдийн хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж, эрэлт хэрэгцээ, хүн ам өссөөр байгаа шүү дээ. 1990-ээд оны үед энд тэнд ухагдчихсан замаа нөхөөд ч болов янзлаасай гэдэг байсан. 2000 оны эхээр шинэ зам тавих ёстой гэдэг болсон. Харин одоо бол өдрөөр биш, шөнөөр ажилла гэж шаардах болсон шүү дээ.

Түүнчлэн бид өмнө нь төрийн үйлчилгээг дугаарлаж зогсоод авдаг байсан. Гэтэл одоо тэр бүрийг цахимаар, ТҮЦ машинаар авч байгаа нь дэвшил, үүнийг буруутгах аргагүй. Хэрэв 4-5 сумын сургууль, цэцэрлэг, соёлын төв, дотуур байрыг нам даралтын зуухаар холбоход улсын төсөвт гурван тэрбум төгрөгийн ачаалал ирнэ.

Ер нь улсын хөгжлийг түүчээлэхийн тулд иргэн бүрийн оролцоо маш чухал гэж боддог.Аливаа зүйлд золиос гэж байдаг. Магадгүй тэр нь одоо бидний үе байх. Хэрэв өөрсдийгөө золиослохгүй гэвэл дараагийн үе маань үүнийг туулах л болно. Ингэж дараа, дараагийнх руугаа шидвэл төлөх золиосны хэмжээ өснө гэж боддог учраас өөрийн чадах, мэдэх бурийг улсаа хөгжүүлэхэд зориулахыг эрмэлздэг.

ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ, ИРГЭДЭД ХҮНД СУРТАЛГҮЙ ШУУРХАЙ ҮЙЛЧЛЭХ ҮҮРЭГ ӨГӨВ
ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ, ИРГЭДЭД ХҮНД СУРТАЛГҮЙ ШУУРХАЙ ҮЙЛЧЛЭХ ҮҮРЭГ ӨГӨВ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.