Өнгөрсөн ням гаригт Дүнжингаравт зохиогдсон хаврын бүсийн морин уралдааны үеэр 16 хүүхэд бэртэж гэмтсэн. Тэдний гурав нь хүнд байдалд байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээлсэн. Засгийн газрын тогтоолыг зөрчиж бага насны хүүхдүүдээр морь уралдуулсан эл асуудал олны дургүйцлыг хүргэж, Монголын уяачдын холбоог хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд буй. Үүнд УИХ-ын дарга М.Энхболд твиттер хуудсаараа дамжуулан уучлалт гуйсан юм.
Тэгвэл эл асуудалд бухимдсан Монгол Улсын Тод манлай уяач Л.Цандэлэг твиттер хуудсандаа “Монголчууд аа, морио дээдлээд Дүнжингаравт оролцсон бүх уяачдаа дүүжилж алцгаая! Морио дээдэлж, монголчууд аа устгацгаая!“, “Жоом уралдуулж, тахиа зодолдуулж сууцгаая!” гэх мэтээр жиргэсэн байна.