Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс "Жаст групп” ХХК-ийн “Стандарт” банкнаас авсан зээлд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан асуудлыг прокурорын хяналтан дор шалгаж байгаа.
Шалгалтын явцад уг хэргийн цар хүрээ нэмэгдсэн тул АТГ-аас Ажлын хэсэг томилогдож нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тухайлбал, “Стандарт” банкнаас авсан зээлийн асуудал “Эрдэнэт үйлдвэр”-ийг 51 сая ам.долларын ерөнд оруулсан үндэслэлээр Ш.Батхүүг баривчилж, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулсан. Үүнтэй холбоотойгоор Ш.Батхүүгийн эрүүл мэндийн асуудал сөхөгдөх болсон. Учир нь Ш.Батхүүг хуурамч бичиг баримт үйлдэж, бусдыг залилан мэхэлсэн гэсэн үндэслэлээр цагдан хоригдож байх үед буюу 2013 онд эрүүл мэндийн шалтгаанаар Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлгээс Нэгдүгээр эмнэлэг рүү шилжүүлсэн байдаг.
АТГ-аас Ш.Батхүүг “Стандарт" банкнаас зээл авахдаа тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ нийгэмлэгийн дарга Т.Очирхүү нарын гарын үсгийг дуурайлгасан эсэх, зээлсэн мөнгөө юунд зарцуулсан зэргийг шалгаж байгаа. Эх сурвалжууд “Алтжин” группийн ерөнхий захирал Г.Алтанг хил давах оролдлого хийх үед нь хууль хяналтынхан зогсоож, саатуулсан хэмээн мэдээлэл тараасан.
Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодруулахад Г. Алтантай холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газар болон АТГ шалгаж байгаа. Одоогийн байдлаар баривчилж, хорих ажиллагаа явуулаагүй” гэв. Харин АТГ-аас Г.Алтанг Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан гэрчээр дуудаж, мэдүүлэг авахаар болсон гэнэ.
Эргэн сануулахад, Олон-Овоотын ордод хийсэн хөрөнгө оруулалт нь бүтэлгүйтсэн учир Ш.Батхүү “Стандарт" банкнаас авсан зээлээ төлж чадаагүйгээр барахгүй 2013 оны долоодугаар сард өөрийн “Жаст" группийн дампуурлыг зарласан.
Ингэхдээ тус ордын лицензийг эзэмшигч “Олон овоот гоулд” компаниа бизнесийн хамтрагч Г.Алтанд шилжүүлсэн байдаг. Мөн АТГ-аас төрийн өмчийг барьцаалж “Стандарт” банкнаас зээл авсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй учир гэм буруутай этгээдүүд ял завших боломжгүйг мэдэгдсэн билээ.
Б.Билгүүн
Эх сурвалж: Өглөөний сонин
Г.Алтанг гэрчээр дуудаж, мэдүүлэг авна
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.