Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Цэрэнбат: Жуулчдын тоог саяд хүргэж, энэ салбараас олох мөнгийг нэг тэрбум долларт хүргэх зорилгынхоо араас явж байна

Байгаль орчин аялал жуулчлалын яамны нээлттэй өдөрлөг улсын хэмжээнд гуравдугаар сарын 14-өөс 21-ний хооронд болох аж. Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр иргэдээс ирсэн гомдол саналуудыг нэгтгэн байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр авч хэлэлцэх юм байна. Улс орон даяар болох тус өдөрлөг нь аймаг, орон нутагт харьяа байгууллагууд хийх бол Улаанбаатар хотод Цаг уур, орчны шинжилгээний газрын зааланд болох юм.

Энэ талаар БОАЖЯ-ны сайд Ц.Цэрэнбат “Энэхүү өдөрлөг нь хэд хэдэн ач холбогдолтой. Нэгдүгээрт энэ салбарт ард иргэд, аж ахуй нэгжүүдэд ямар хүндрэлүүд тулгараад байна. Энэ дээр нээлттэй бүртгэл хийгдэнэ. Хоёрдугаарт үүний дагуу бидний зүгээс, тухайн асуудлаар ажилладаг албан тушаалтнуудтай холбоотой асуудал байна уу. Мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, заавартай холбоотой асуудал байна уу гэдэг дээр нэгдсэн системийн дүн шинжилгээ хийнэ. Шинжилгээ хийж, мэдээллийг боловсруулах бол БОАЖЯ-аас тусдаа ,хараат бус хөндлөнгийн судалгааны байгууллагууд дүгнэлт гаргана. Дөрөвдүгээр сард багтаагаад байгаль орчин аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг хийнэ. Энэ зөвлөгөөнөөр өөрсдийнхөө салбарт тулгарч байгаа хүндрэл бэрхшээл мөн ямар дүрэм журмууд дээр ард иргэд аж ахуй нэгж маань буруу ойлголттой байгааг засна гэж бодож байгаа” гэв.

Шинээр байгуулагдах цэвэрлэх байгууламжийн асуудал одоог хүртэл тодорхойгүй хэвээр байгаа юм. Энэ талаар тэрээр “Барилга хот байгуулалтын яам дээр нэгдсэн бүтээн байгуулалттай холбоотой ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Манай яамнаас шинээр байгуулах цэвэрлэх байгууламжид тавигдах байгаль орчны үнэлгээ болон цаашид лаг нь аюултай хог хаягдлын ангилалд ордог учир тээвэрлэх, үнэр дарахтай холбоотой мэргэжлийн ажлын хэсгийг гаргаад заавар зөвлөмжөө өгсөн. Хойшлогдоод байгаа тодорхойгүй байгаа гэдэг нь ажлын хэсгүүд хуралдаад эцсийн шийд гаргаагүй байгаа юм. Түүнээс биш дэд ажлын хэсгүүд хүлээсэн үүргээ хийгээд явж байгаа” гэлээ.

Үүний дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Та “ITB Berlin-2018”-д оролцоод ирлээ. Манай улс сая жуулчин хүлээж авна гэсэн зорилт тавьсан. Эндээ хэзээ хүрэхээр байна.Хийгдэх гол ажлууд юу байна вэ?

-Аялал жуулчлалаар ирэх жуулчдын тоог саяд хүргэж, энэ салбараас олох мөнгийг нэг тэрбум долларт хүргэх зорилгынхоо араас явж байгаа. Сая болсон ITB Berlin-2018” үзэсгэлэн байгуулагдснаас хойш 52-дох жилдээ болж байгаа. Сүүлийн 14 жил Монгол Улс тасралтгүй оролцсон. Бидэнд алдаа дутагдал байна. Мөн ойлголцол хэрэгтэй. Түүнээс бидний хийж чадахгүй ажил биш гэдэг нь харагдаж байна. Гэхдээ гарааны нөхцөл нь бидэнтэй ижилхэн эхэлсэн тав, зургаан орон, оролцож байгаа цар хүрээгээрээ, хүлээн авч байгаа жуулчдынхаа тоогоор бидний өмнө гарсан байна. Энэ алдаагаа богино хугацаанд засаж урагшаа явах ёстой гэсэн байр суурьтай байгаа. БОАЖЯ-ын сайдын Монгол Улсад мөрдөгдөх аялал жуулчлалын маршрутыг батлах ажлын хэсэг ажиллаж байна. Энэ дөрөвдүгээр сардаа багтаагаад МУ-ын Засгийн газрын хуралдаанаар оруулж Монгол Улсад явагдах аялал жуулчлалын маршрутыг батална. Батлагдсан маршрутын хүрээнд аюулгүй байдал, үйл ажиллагааны стандартыг Монгол Улсын Засгийн газар хангана. Батлагдаагүй маршрутаар явж байгаад асуудалд орох, зардал гаргасан нөхцөлд тухайн аяллыг зохион байгуулагч болон аялалд оролцогчид зардлыг нөхөн төлөх ёстой гэсэн зарчимтай байгаа. Маршрут батлагдсны дараа аялал жуулчлалын компаниудтайгаа үйлчилгээний стандартыг сайжруулах, цаашдаа Монгол Улс аялал жуулчлалын ямар төрлүүд дээр, ямар бодлогоор өрсөлдөх вэ гэдэг илүү тодорхой болно.

-Ногоон зээлийн сан байгуулах ажил ямар шатандаа яваа бэ?

-Энэ сангийн Монголын талын ТУЗ өнгөрсөн долоо хоногт хуралдсан. Хоёр талаасаа ойлголцож чадвал зургадугаар сараас хэлэлцээр эхэлж, аравдугаар сард ажил эхэлнэ гэсэн төсөөлөлтэй байна.

-Цаашид шонхор барих зөвшөөрөл дээр хязгаарлалт тавих уу?

-Шонхор барих зөвшөөрөл олголтыг хориглосон байгаа. Намайг сайдын ажил авснаас хойш шонхортой холбогдолтой асуудал огт яригдаагүй.

-Нөхөн сэргээлт улсын хэмжээнд хэр үр дүнтэй хийгдэж байна бэ?

-Нөхөн сэргээлттэй холбоотой хууль тогтоомжуудын биелэлт улс орон даяар маш муу хэрэгжиж байгаа. Тухайн орон нутгийн ИТХ нөхөн сэргээлтээс олсон орлогоо зрриулалтын бусаар зарцуулдаг. Үүнээс үүдээд маш их асуудал үүсдэг. Бид энэ асуудлаа цаашдаа зайлшгүй засах хэрэгтэй. Зарцуулах ёстой мөнгөө бүгдийг нь зарцуулж хэвших ёстой. Иргэд итгэл хүлээж гарч ирсэн орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчид энэ чиглэлд илүү санаачлагатай ажиллах шаардлагатай байгаа.

-Богд уулыг тойроод барилга баригдаж байгаа асуудал шүүмжлэл дагуулдаг. Үүн дээр салбар яам ямар бодлого барин ажиллах бэ?

-Сайдын ажлаа авснаас хойш Богд уултай холбоотой 2-3 зөвшөөрлийг цуцалсан байгаа. Бидэн дээр ирж буй санал гомдлын бараг 80 гаруй хувь нь Богд уултай холбоотой асуудал байдаг. Тиймээс яамнаас тусад нь ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Ер нь цаашдаа энэ асуудлыг хот өөрөө шийдэж байх учиртай юм билээ. Манайтай холбоотой Богд уулын зургаан ам байдаг. Эдгээр амуудад аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд салбар яам анхааран ажиллана.

Б.Амартүвшин

Эх сурвалж: 
Доналд Трамп, Ким Жон Уны уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах найман шалтгаан
Доналд Трамп, Ким Жон Уны уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах найман шалтгаан
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.