Бунхант индэр дээр заларч, хөдөлмөрчдийн баярын жагсаалд гар даллаж байсан удирдагч, Хүндэт харуулын өмнүүр сүрлэг алхалж, Төрийнхөө далбааг мандуулж, Төрийнхөө сүлд дууллыг эгшиглүүлж явсан Төрийн эрхэм түшээ хэдхэн жилийн дараа тээврийн тэрэгний жолоо мушгиж, хээрээр гэр хэцээр дэр хийж явлаа гэвэл одоо цагт итгэх хүн гарах уу даа? Адаг сүүлд нь эрүүлээрээ эрүүлжигдэж, цагдаад зодуулж, тэр зодуур нь үхэлд хүргэсэн гэвэл итгэх хүн бүр ч байхгүй.
Ингэхэд Аварзэд гэдэг залуу яагаад албан тушаалын шатаар ийм хурдан суга өгссөн юм бэ, юугаараа тоогдсон бэ гэдэг асуулт одоо болтол намтар судлалын маргаантай сэдэв хэвээр байна. Тэрээр Москвад дипломатын мэргэжилд гайгүй суралцсан төдийгүй франц хэлийг нэвт үзсэн, тэр хэрээрээ францын соёлд гэгээрсэн, түүний нөлөөнд автсан, францын чөлөөт сэтгэлгээний тусгал болж феодалын хоцрогдсон Монголд (социализм нь ч батжаагүй байсан тул би ахуйн талаас нь хэлж байна) эргэж ирсэн нэгэн байсан юм.
Нам, засагтаа танигдаж тоогдсон, бараг цоорсон нь 1955 оны 7 дугаар сард БНАВУ-ын Ерөнхийлөгч Хо Ши Мин (Вьетнамын Хөдөлмөрчдийн Намын Төв Хорооны даргa, Ерөнхий сайдын албыг хавсарч байсан) Монголд айлчилсан тэр түүхэн зурвас үе юмсанжээ. Вьетнамаар хэл нэвтрэлцдэг ганц ч хүн манайд байхгүй, монголоор хэл нэвтрэлцдэг ганц ч хүн Вьетнамд байхгүй, орос хэлээр нэвтрэлцэхэд бас тохиромжгүй, одоо яадаг билээ, айлчлал зогсох уу гэдэг дээрээ тулж байтал франц хэлтэй Аварзэд гэдэг залуу дээд дарга нарын нэгнийх нь санаанд орж, түүнийг Сайд нарын Зөвлөлийн хэлтсийн дарга байхад нь дайчлан авч орчуулга хийлгэжээ. Орчуулга ч амжилттай болсон биз, айлчлал өндөрлөөд Намын Төв Хорооны мэдлийн дэвших магадлалтай боловсон хүчин болжээ. Тэр оны намар нь Ерөнхий сайдын орлогч болгож, тэр лут орчуулгын дуулиан яван явсаар төд удалгүй ГЯЯ-ны сайдын сэнтий рүү түүнийг хөтөлжээ.
Түүний хань Л.Дугармаа гуай бол миний нагац эгч Барбаатарын Долгорсүрэнтэй багын найз, 10 жилийн 1-р дунд сургуульд нэг ангид суралцаж байсан, хэрэв яриа өрнүүлбэл миний бага насны амьдрал ба танил танил, хамаатан садны тухай маш их хууч яриа өрнөхөөр юм билээ. Аварзэд гуай Улсын прокурорын өөр нэг орлогч Хорхой гуайтай хөршлөн хоёр өрөө галладаг байшинд, одоогийн Спортын төв ордны хавьд өрх гэрээ босгосон, дараа нь нам-засгийн дээгүүр албан тушаалтай болмогц тэднийх Төрийн ордны арын хуучны тансаг сууцанд шилжиж ирсэн, Сайд нарын Зөвлөлийн өөр нэг орлогч С.Лувсан гуайг Москвад Элчин сайдаар явахад нөхцлөө сайжруулан тэдний сууцанд шилжиж орсон, Бага тэнгэрийн аманд Сайд нарын Зөвлөлийн бас нэг орлогч Ширэндэв гуайн (Ширэндэв нь хойшоо докторантурт явсан) зуслангийн байранд зуссан, Унгараас буцаж ирсний дараа 1-р 40 мянгатад төвхнөсөн, байраа томруулаад манай хөрш 69-р байранд ирж төвхнөсөн гээд тэдний нүүдэл хөврөөд байжээ. Ууган хүүгээ төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Цогт сумын нэрээр нэрлэсэн, удаахи хүү Шихихутаг нь манай хөрш байранд байхад нь, отгон охин Мичидмаа нь нутагтаа сум-нэгдлийн дарга байхад нь төрсөн. Социализмын хатуу чанга үед, тэр дундаа үндсэрхэг үзэлтэн Д.Төмөр-Очирыг ниргэсний хойно тэгэхээс тэгэх гэж хүүдээ Чингисийн 9 өрлөгийн нэг Шихихутагийн нэрийг зална гэдэг том зүрх зориг, бас аргагүй л халуун эх оронч цус биеэр нь гүйж явсных хэмээн өнөөгийн өндөрлөгөөс бахархан дүгнэмээр. Хүний хувьд бодсоноо шууд хэлчихдэг, айх эмээх хаширлах явдалгүй, хөнгөн шингэн, цайлган тэр чанар нь өөрийг нь хөөдсөн хэмээн дүгнэж ч болно.
Аварзэд хилийн хэлэлцээнд Зөвлөлтийн Элчин сайдтай гөжүүдлэн харьцсанаас үүдэн түүнийг улс төр, дипломат албанаас хэргээр хөндийрүүлсэн болов уу гэхээр үйл явдал өрнөжээ. 1958 онд түүнийг намын их хурлаас Улс төрийн Товчоонд сонгосонгүй, тэрээр Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга бөгөөд ГЯЯ-ны сайдын албыг хавсарч байхад нь албан тушаалаас нь чөлөөлөөгүй хэрнээ “ГЯЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч” гэх албан тушаалтай Баянбаатарын Очирбат гэдэг хүнийг давхар ажиллуулж байсан байх юм. Баярын цахилгаан утас, эмгэнэлийн цахилгаан утас Аварзэдийн нэрээр явж ирж, харин албан ёсны арга хэмжээнд нь ГЯЯ-аа төлөөлөн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Очирбат оролцоод, тэр тухай мэдээлээд байсан байх юм. Тэр ч бүү хэл БНМАУ, БНАГУ-ын Найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээний батламж жуух бичгийг Б.Очирбат, Ардчилсан Германы ГЯЯ-ны коллегийн гишүүн нэг нөхөртэй 1985.03.05-нд Улаанбаатарт солилцсон тухай мэдээ явж байна. Нэг улс, нэг Засгийн газарт хоёр Гадаад хэргийн сайд хослоод ажиллаад байж дээ. Бүтэн жилийн “Үнэн” сонин шүүж үзээд нэг дүгнэлт хийлээ. СССР-ийн Элчин сайд В.Молотов оролцсон, ЭСЯ-наас зохион байгуулсан, Монгол-Зөвлөлтийн найрамдлын агуулга бүхий аливаа арга хэмжээ ГЯЯ-ны сайд С.Аварзэдгүй болж байсан байх юм. “Аварзэдийг очуулбал би очихгүй” хэмээн Зөвлөлтийн Элчин сайд В.Молотов гөжүүдлэн, тунирхаж байсан юм болов уу, эсвэл хонзонтой тэр хоёрыг нүүрэлдүүлэхгүй, учруулахгүй хэмээн манай мэргэн нам-засгаас шийдсэн юм болов уу гэмээр сэтгэгдэл төрөхөөр юм.
“Эр хүний замын хүзүү урт” гэж Аварзэд гуайд зориулаад хэлэгдсэн үг ч гэлтэй, хачин, харамсмаар, бахархмаар, “Соёлын хувьсгал”-ын үед л Хятадад сэхээтнүүдийг тэгж цээрлүүлж байсан байх гэмээр түүх нүдний өмнө жирэлзэнэ. “Хөдөлмөрийн дэвтэр”-ийг нь би Дипломат албаны музейд тавиасай гэж бодлоо. Хэлмэгдэж хохирсон, бас хэлмэгдлийг сөрсөн аугаа түүх тэр жижигхэн бор дэвтэрт бичээстэй байна. Би он оноор нь дэлгэе.
Тэрээр 1922 онд Говь-Алтайд малчны гэр бүлд төржээ. 1943-1944 онд нутагтаа малын эмч, 1944 онд хэдэн сар Хөдөө аж ахуйн яаманд орчуулагч хийж байгаад МУИС-д элсчээ. Хоёр жил суралцаад 1946 онд Москвад ОУХДС-д суралцахаар шилэгдэн анхны 6 оюутны нэг болж хойшоо явжээ. 1952 онд төгсөж ирээд ГЯЯ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар хагас жил ажиллаад 1953 оны эхээр Улсын прокурорын орлогчоор гэнэт дэвшжээ. 1954-1955 онд Сайд нарын Зөвлөлд хэлтсийн дарга, 1955 оноос нөгөө албан тушаалын дээд өндөрлөгүүддээ цэл залуудаа хүрчээ. “Монгол Улсын Засгийн газар, түүхэн товчоон (1911-2012)” гэсэн номд өгүүлснээр тэрээр ГЯЯ-ны сайдаар 1957.06.06-нд хавсран томилогдоод нэг жил нэг сар хэртэй ажиллаад 1958.07.15-нд ажлаа өгч, 17-нд Улс төрийн Товчооны нөгөө тогтоол гарч байсан байх юм. Гадаад хэргийн сайдаар нэг жил гаранхан ажиллахдаа хоёр сар нь хилийн хэлэлцээнд төлөөлөгчдөө тэргүүлэн оролцжээ.
1958 оны зун ГЯЯ-ны сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөөд мөн оны 11 дүгээр сар хүртэл Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаар нь байлгаж ажиллуулж байжээ. Тэгснээ 1959.01.02 хүрч байж БНУАУ-д суух Элчин сайдаар (АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг № 1), 1959.02.07-нд Болгарт суух Элчин сайдаар (АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг № 19) тус тус томилсон зарлиг буулгаж байжээ.
1959-1960 онд Унгарт Элчин сайд (Болгарт хавсран) байж байгаад “өвчний учир” гэсэн шалтгаантай нутагтаа буцаагджээ. Эргэж ирээд Намын Төв Хорооны боловсон хүчний мэдэлд нэг сар амарлаа гэсэн сүрлэг бичиг тамгатай байх юм. Амралтын дараа Улсын прокурорын газарт хэлтсийн даргаар (Шүүх хяналтын) томилогдон хоёр жил ажиллажээ. Дугармаа гуайн ярьснаар хүний муу үздэг, хүн шийтгэдэг прокурорын хуулийн ажилд тэрээр тун дургүй байсан тул ажлаа сольжээ. Дараа нь Улсын барилгын эдийн засгийн комисст 4 сар зөвлөгчөөр ажилласан байх юм.
Тэгснээ 1962 оны намар Намын Төв Хорооны шийдвэрээр ажлаасаа чөлөөлөгдөн МУИС-д багш болохоор очжээ. Түүх-хуулийн факультетын Төр эрхийн тэнхимд хоёр жил орчим багшилжээ. 1960-аад оны эхэн үеийн хуульч нар энэ хүний номын дууг сонсож байсан болж таарна. Харин тэндээсээ яагаад зайлуулагдсан юм бэ гэдэгт аман түүх хариу өгнө. Их сургуулийн хуулийн ангид элссэн хөгшин оюутнууд (ихэнхи нь цагдаа сэргийлэх, До яам, шүүхэд ажиллаж байгаад ирэгсэд) зарим багш нарынхаа хатгаасаар “Энэ эсэргүүнээр хичээл заалгахгүй” хэмээн жагсаж тэмцсэн юм билээ. Социализмын үед их сургуулийн багшийн эсрэг оюутнууд босно гэдэг ихээхэн ар тал, дэмжлэг байсных. Гол нь атаархал. Туулсан зам, өөртөө олж авсан мэдлэг, мэргэжил, сурсан гадаад хэл нь МУИС-ийн олон багш нарын цөсийг хөдөлгөчихгүй юү. Хуулийн тэнхимд тогтдоггүй ээ, оюутнууд нь эсэргүүцээд. Тэгээд франц хэлээрээ 1964 оны эхээр IIсемейстр эхэлмэгц Гадаад хэлний тэнхимд шилжин хэлний багшаар мөн оны намрыг хүртэл ажиллажээ. Архивын баримт сөхөж үзвэл Монголдоо франц хэл заасан анхны монгол багш нь тэр байсан болж таардаг. 1963-1964 оны элсэлтээр МУИС-д франц хэлний анхны ангийг 21 оюутантай нээн хичээллүүлж эхлэхэд франц хэл заах монгол багш байхгүй, И.И.Радунская гэх зөвлөлтийн багш анхны цагаан толгойг заажээ. Дараагийн семейстрээс анхны монгол багш С.Аварзэд, зөвлөлтийн мэргэжилтэн багш А.Н.Рапанович нар хүч нэмж франц хэлний сургалт жигдэрчээ. Тэндээ С.Аварзэд үргэлжлүүлээд багшлаад байсансан бол доцент, профессор энүүхэнд байсан л даа. Бас л түүний шулуун шударга зан, түүн рүү өнгөлзсөн элдэв атаархал түүнийг хөөдсөн шиг байгаа юм. Дээрээсээ ч элдэв дарамт шахалттай (атаархлаас үүдэлтэй), франц хэлний ангийн хөгшин оюутнууд нь эсэргүүцэн тэмцээд хачин явдал өрнөжээ. Заасан хичээл нь ойлгогдохгүй, тэгснээр франц хэлний ангийг тарааж орос, монгол хэлний ангиуд руу шилжүүлнэ гэсэн яриа хөөрөө дэгдээж, заасан хичээл нь ойлгогддоггүй Аварзэд багшийг болиулж аль гэсэншүү утгатай өргөх бичиг оюутнуудаар хийлгэжээ. Тэр өргөх бичигт гарын үсэг зурсан оюутнууд хожмоо ихэд гэмшсэн хэмээн тэр үеийн гэрч ярьж байна. Үндсэндээ иргэн Аварзэдийг Улаанбаатарт багтах шингэх газаргүй болгочихсон шиг байгаа юм.
Тэр намартаа Хөдөө аж ахуйн яамны мэдэлд очиж, тэндээсээ томилолт өвөртлөн төрсөн нутаг–Говь-Алтай аймгийн Цогт сумандаа сум-нэгдлийн даргаар оджээ. Монголын хөдөө аж ахуйн түүхнээ анх удаа франц хэлтэй, дипломатч мэргэжилтэй сум-нэгдлийн дарга төрж байгаа нь тэр.
Францын соёлд гэгээрсэн, түүний нөлөөнд автсаныхаа хэрээр Монголын түүхнээ анх удаа сумын клубт төгөлдөр хуур аваачиж тоглуулcан (аймагт ч байхгүй үед шүү!) гэгээн түүх энд нэгийг өгүүлнэ. Аймагт нийтийн ганц хоёр халуун устай байхад сумандаа халуун хүйтэн устай тохилог сууц бариулсан, сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд бүтээсэн нь багадахгүй. Ийнхүү төрсөн нутгаа хөгжүүлэх үйлсэд хоёр жил хагасыг өнгөрүүлээд 1967 оны эхээр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөн Улаанбаатартаа ирж, хотын Намын хорооны мэдэлд очжээ.
1967 оны хоёрдугаар сараас 9 дүгээр сард ШУА-ийн Мэдээллийн тасгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллажээ. Энэ тасаг нь дараахан нь Дорно дахины судлалын хэлтэс, Дорно дахины судлалын хүрээлэн болж томроод эдүгээ 51 дэх жилдээ ШУА-даа Олон улсын харилцааны хүрээлэн гэж яваа. Энэ лут хүрээлэнгийн үндсийг тавилцсан, Монголд олон улсын судлал, олон улсын харилцааны судлалын шавыг тавьсан хэмээн би үзэж, хүрээлэнгийн 40 жилийн ойн номд (2008 онд) оруулсан баярын цахилгаандаа энэ тухай дурсаж байснаа би санаж байна. Хэрэв ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Ширэндэв түүнийг хажиглаж хөөж явуулаагүйсэн бол эрдмийн ямар ч оргилд хүрэх байсан юм билээ хэмээн би харуусдаг юм.
1967 оны намар академиас шахагдаж гарсан Аварзэд гуайн дуулиант түүх одоо эхэлнэ. Эрүүл мэндээр ШУА-д тэнцээгүй идэр залуу (45 настай) хүн Авто тээврийн 1-р баазад холын тээврийн цистерний жолоочоор тэнцэв ээ. Яг гурван жил тээврийн тэрэг барьсан байгаа юм. Кабиндаа францын ном, уран зохиол авч явдаг, францын жуулчдын автобус төөрөөд зам асууж, зам газарчилахад нь франц номыг нь цаадуул нь олж үзчихээд францаар ярилцаж бөөн сенсаац дэгдээлгэсэн тухай аман хууч яриа ганцаар тогтохгүй (өөр зохиомжоор) яригддаг юм билээ. Аман түүхээр бол францын жуулчдын дотор францын “Пари Матч” (“Paris Match”) сэтгүүлийн нэг ажилтан явсан. Тэрээр социалист Монголын хөдөөгийн нэг жирийн жолооч нь франц роман машиндаа уншаад явж байдаг тухай сэтгүүлдээ сонирхуулж бичсэнийг (энэ монголчууд чинь яасан их гэгээрсэн, боловсорсон ард түмэн бэ, Монголыг даан ч ийм гэж зүүдэлсэнгүй гэх мэт утгаар) зөвлөлтийн “Азия и Африка сегодня” сэтгүүл хөрвүүлж тавьж байжээ. Франц хэлтэй монгол жолоочийн тухай францын хэвлэлд мэдээ тавигдсанаар хэрэг дээрээ Аварзэд нь тэр үедээ эх орныхоо нэр хүнд имижийг өргөсөн хэрэг юм.
Хөдөө талаар жолоо мушгиж давхиж явахад нь Цэдэнбал олж сонссон гэв үү, жолооч ч арай хэтэрлээ хотод авчирч, төрийн яаманд мэргэжлээр нь оруулж мэдлэгийг ашигла гэсэн Төв Хорооны шийдвэр гарч, тэрээр Цалин хөлсний улсын хороонд 1970 оноос Хууль-эрхийн хэлтсийн зөвлөх болов. Жил ажиллаад мөн хэлтсийн даргаар дэвшив. 1977 оны зуныг өнгөртөл энэ албандаа зүтгэжээ. Гэнэт албанаасаа хусагдаад Авто тээврийн 22-р баазад жолооч боллоо. Хоёр жил орчим жолоо мушгиж будилж яваад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч Геологи уул уурхай яамны Олон улсын геологийн экспедицэд хуулийн зөвлөх-референтээр шилжиж ажиллав. Нэг жил ажиллаад 1980 онд тэндээсээ чөлөөлөгджээ. Чөлөөлөгдөх юу байхав, гэрчүүдийн ярьж байгаагаар МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга П.Дамдин (өмнө нь Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны сайд асан) байгууллагад нь ажил шалгаж яваад “Энэ эсэргүүг одоохон хөөж гарга” гэсэн юм гэнэ лээ гэж хаа нэгтэй биччихсэн байх юм. Ажлаасаа хөөгдсөн идэр залуу Аварзэдийг тосоод авах байгууллага гараад ирсэн нь Зөвлөлтийн барилгын 3-р трест байлаа. Трестийн орос дарга нарын жолооч болжээ. 1982 онд 60 нас хүрмэгц нь тэтгэвэрт хөөгөөд гаргатал өөрөө өргөдөл өгч орос трестдээ эргэж үлдэж ажиллажээ. Авто тээврийн комбинатын жолооч байсан гэж хөдөлмөрийн дэвтэрт нь бичээтэй байна. Бодвол тэр нь Зөвлөлтийн трестэд үйлчлэхээс гадна дуудлагаар дарга нарт явдаг байсан юм болов уу. 1985 он хүртэл тэндээ жолоочоор ажиллажээ. Тэндээсээ Авто тээврийн 37-р баазад жолоочоор авч ажиллуулав гэсэн мөр дуусаад цаашаа уг дэвтэр цулгуй хуудсуудаар үргэлжилнэ. Ардын хувьсгалын хоёр ойн медаль шагнасныг нөхөж бичсэн нэг мөр байна.
Хөдөлмөрийн дэвтэрт байгаа ажил алба, албан тушаалын бүх жагсаалтыг нь би байгаа эрэмбээр нь дараалан хуулан бичлээ. Мэдсэн сонссоноо завсарт нь нэмж хавчууллаа...
“Төрийн захиргаа” сэтгүүлийн 2018 оны Тусгай дугаараас бүрэн эхээр нь уншаарай
Д.Баярхүү
Нийтлэлч Д.Баярхүүгийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр нийтлэв