Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.ЖАВХЛАН: ЗАСГИЙН ГАЗРЫН ХУВЬ ТАВИЛАН ТАТВАР НЭМСЭН АСУУДАЛТАЙГАА УЯЛДАН ШИЙДЭГДЭНЭ

С.ЖАВХЛАН: ЗАСГИЙН ГАЗРЫН ХУВЬ ТАВИЛАН ТАТВАР НЭМСЭН АСУУДАЛТАЙГАА УЯЛДАН ШИЙДЭГДЭНЭ

УИХ-ын гишүүн С.Жавхлантай ярилцлаа.


-Шинэ он гарсаар иргэдийн цалин нэмэгдээгүй ч татвар нэмэгдлээ. Иргэдийнхээ нуруунд төр ачааг харамгүй үүрүүлж байна. Засгийн газар, Их хурал үүн дээр анхаарахгүй юм. Та төрийн түшээгийн хувьд байр сууриа илэрхийлээч?

-Татвар нэмсэн асуудлаа эрх баригчид засч чадахгүй бол ганхана гэсэн үг. Засгийн газрын хувь тавилан татвар нэмсэн асуудалтайгаа уялдан шийдэгдэнэ. "Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа" гэдэг. МАН амлалтандаа хүрэх ёстой. Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй гэсэн амлалтаасаа буцаж шалчганасан зан гаргаж байгаа бол гэсгээлээ хүртэнэ.

-Үүнд таарсан гарцийг эрэлхийлэх ёстой байх. Засгийн газар нэгдүгээр сарын 25-нд ОУВС-тай хамтарсан ширээний ард суухаар болсон гэж байсан. ОУВС-гийн талаар манайхан зөв, буруу гэсэн янз бүрийн үг хэлж байна. Та ОУВС-гийн талаар ямар байр суурьтай байна вэ. Ерөнхий сайд ОУВС-гаас асууна л гэх юм?

-Айл гэрийн өрхийн тэргүүн гарч гүйгээд хамар хашааны айлын ааваас гэр бүлийнхээ асуудлыг хэрхэх талаар асууж байгаа нь монгол эр хүний хувьд зохисгүй зүйл. Үүнтэй адилхан гадаад аав, эзнээсээ асуучихаад ирье гэж байна. Гэрийн эзэн өрхийн тэргүүн гэрээ зөв удирдан авч явдаг. Улс гэр гэж байгаа юм бол хөрөнгө хогшилоо яах, нүүдэл суудлаа хэрхэх, хүүхдүүдээ яаж тэжээхээ гэрийн эзэн нь мэддэг. Монголын төрд эзэн шиг эзэн алга. Тиймээс гадаадын аавд зусардаж байна. Өөрсдийнх нь байж байгаа хэмжээ нь энэ л байна даа хөөрхийс. Хохь нь гэхээс өөр хэлэх үг даанч алга.

-Өрхийн тэргүүн, төрт улс гээд ярих юм бол монголчууд хэдэн мянган жилийн түүхийг сөхөж болно. Гэвч сүүлийн жилүүдэд бие биенээ үзэн ядсан, муулсан, талцсан дүр зураг л илүүтэй үзэгдэх юм. Биднийг манлайлаад явах хүн дутаад байгаа юм болов уу?

-Төрт ёс ярих юм бол өнөөдөр Монголд төр байна гэхэд хэцүү. Энэ хүмүүс Монголын ирээдүйн төлөө ямар сэтгэлээр ханддаг юм бүү мэд. Тархиных нь хэмжээ хүрэхгүй байна. Үүнийг хараад гутраад суух биш, хүн бүр голомт бүртээ өөрсдөө төрийг үүсгэж байгаа шүү гэдгээ л мэдрэх ёстой. “Би монголоо авч явж байгаа шүү” гэдэг итгэл үнэмшил хүмүүст бий болсон цагт өнөөдрийн худал хуурмаг, гадаадын байгууллага дагах шаардлагагүй болно. Бид эвлэлдэн нэгдэх ёстой. Монголчууд өөрсдийн хийж чаддаг байсан зүйлсээ хийдэг болох, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж шинэ шатанд гаргах цаг болсон. Энэ их баялагтай байж утаагаараа дэлхийд тэргүүлж, ядуурлаараа манлайлж байгаа нь гутамшиг. Нэг хүнд ногдох малын тоо толгойгоороо дэлхийд цойлж, түүнийг адгуулж яваа түмэн шүү дээ, бид. Дэлхийн шившиг болж гүйцлээ.

-Баялгаа зөв зарцуулж чадах гарц гаргалгаа л бидэнд дутаад байна гэсэн үг үү?

-МАНАН-г арилгаж байж утаагүй болно. Сэтгэлийн утаа бүрхчихээд байгаа учраас бодит утаа бий болчихоод байгаа юм. Овт шаартан буруу гарын хүмүүс олширсон. Монголчуудыг жигшээх буруу мууг мэдрүүлэх гэж энэ хүмүүс төрсөн ч юм шиг. Нийгэм тэр чигтээ буруу муйхар байсныхаа гэсгээлийг амсаж байна. МАНАН-гийнхан хувьчлал нэрийн доор хууль бус, сэтгэл бусаар бүгдийг авсан. Зөв явж байсан нийгмийн зохион байгуулалтыг цааш нь зөв авч явж чадаагүй. 27 жилийн өмнө утаа байгаагүй. Энэ хугацаанд өөрсдөө утааг бий болгочихоод ардчилсан хувьсгал гэж ирээд гийгүүлчихсэн юм шиг ярьдаг. Үнэндээ энэ чинь доройтлын хувьсгал байсан. Цагийн хүнд шалгуурыг давахын тулд дотооддоо бид хийж, бүтээдэг болох ёстой. Овт шаартнууд, тэрбумтнууд гээд цээжээ дэлдээд яваа хүмүүс гурван сая монгол, дэлгэсэн тэрлэг шиг эх орныг минь хуурч хумсалж олсон мөнгөөрөө таахалзаж байна. Эдгээр хүмүүс барууны ч юм уу аль нэг улсад ядаж төмс шардаг мухлаг ажиллуулж үзсэн юм уу. Юу ч хийгээгүй байж гадаадад данс нээсэн байна гэдэг чинь Монгол Улсын буян хишгийг зарж, үрсэн байна гэсэн үг. Энэ хүмүүсийг удахгүй гэсгээх цаг ойртож байна. Бүгдээрээ өвгөдийнхөө ёс жудгийг бадрааж байгаад эрх тэгш сайхан эх оронд амьдрах ёстой.

Харамсалтай нь биднийг “Би л ганцаараа сайхан амьдаръя” гэдэг уралдаан руу зохион байгуулалттай тархи угааж түлхсэн учраас аминчхан үзэлтэй болсон. Аминчхан үзэлтэй, харийг шүтэгчид удахгүй хоцрогдоно. Хэлбэрт баригдаж буйгаа мундаг амьдарч байна гэдэг сэтгэхүй алга болно. Монголын өндөр их өвгөдийн сайн сайхан зүйлс оюуны гэгээрлийг бий болгож бадрааж чадсан хүмүүс өнгө орно. Миний бие муулуулж сайлуулан, доромжлуулан 10 гаруй жил үүнийг ярьж үлгэрлэж ирлээ. Монголоо, байгаль орчноо, ажил хөдөлмөрийн тухай ярьсан мөнчгөрөөрөө ажил гололгүй хийдэг нийгмийн сэтгэлзүй одоо хэрэгтэй байна. Энэ хамгийн том гарц, хамгаас том баялаг.

-Таныг нэг хэсэг нь эх оронч гэж магтаад л, нөгөө хэсэг нь залуу хүн байж хуучинсаг үзэлтэй гэж муулаад л. Ийм эсрэг тэсрэг байр суурийг сонсох амаргүй байдаг уу?

-Би ийм л замаар явах тавинтай хүн юм байгаа биз ээ. Надад зорилго бий. Хүн том зорилго өмнөө тавьчихаар сайн, муу хэлж байгааг анзаарахаа больчихдог юм байна. Жавхлан гэдэг хүн монголоо цэвэрлье, дэлхийд монголоо мандуулъя гэдэг ганц том зорилготой. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэдэг шиг бид л энэ тухай ярихгүй юм бол өөр хэн энэ дэлхий дээр энэ тухай ярих юм. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. “Өдрийн сонин”-оор дамжуулан ярилцлагыг маань уншиж буй ахмад, дунд, залуу үеийнхэн минь энэ тухай хоорондоо ярилцаач ээ гэж хэлье. Монголоо гэсэн том зорилготой болохоор надаас энэ их эрч хүрч гардаг. Танаас ч гэсэн энэ их эрч хүч, монголоо гэх сэтгэл гарна аа. Настан буурлууд маань ач, зээгээ мэндлүүлж, хүндлүүлэх ёсноосоо эхлээд хүн чанарыг сургасан уу. Та ач зээдээ монгол хүн чанарын тухай ярьсан уу, эсвэл мөнгө олоод ир гээд байгаа юм уу. Жавхлан загнаад байгаа мэт санагдаж магадгүй. Уучлаарай, амьдралын хатуу бодит үнэнийг чинь ярьж байна. Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч гэдэг. УИХ-д суугаа эрх дархтангуудыг аав, ээж нь яаж хүмүүжүүлсэн юм бол. Тэгэхээр ахмад үеийнхэн минь зөв үлгэрээ үзүүл. Сонгосныхоо дараа уйлдаг байж болохгүй. Одоо бол хумсалсаар хумсалсаар УИХ-ын гишүүн, хуурсаар хуурсаар овтшаар данстан болж байна. Өвгөд хөгшидийн минь гашуун ч гэсэн алт шиг үгс дутаад байна шүү дээ. Буурлууд минь хэзээ хатуу үнэнээ хэлэх юм бэ. Хэзээ та нар минь ухаарах юм. Дор бүрнээ энэ цэвэрлэгээг хийж эхлээрэй гэж уриалъя.

-Та УИХ-ын гишүүн болохоосоо өмнө “Хамаг монгол” гэж төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч мөн “Олуулаа болцгооё” хэмээн уриалга гаргаж байсан. Энэ төслөө үргэлжлүүлэхгүй юм уу?

-“Хамаг Монгол” төсөл шиг одоо “Манай Монгол Мандана” гээд том төслийн танилцуулгыг Төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүдэд өгсөн. Үүнийг ойлгох зүрх сэтгэл алгаа. Сэтгэлзүйг нь бодохоор өрөвдөөд байх юм. “Үүнийг чинь дэмжье. Улс нийгмээрээ сайхан болцгооё” гээд залуусаа дэмжээд явах хүч нь байхгүй байна. “Эвлэлдэн нэгдье” гээд байдаг хэрнээ яагаад зөв зүйлээ дэмждэггүй юм бэ. Үнэнийг хэлэхэд би сэтгэл дундуур байгаа. Яасан ч ханаж цаддаггүй шунаг сэтгэл байдаг юм. Яасан ч муухай атаа хорсол байдаг юм. Энэ хүмүүсийн атаа хорсол амьдралд нь мөнхөрчихсөн юм биш үү. Монгол хүний гэгээн сэтгэл хаана байна. Гишүүд надаас ахмад хүмүүс л байх юм. Үлдсэн амьдралынх нь цаг хугацааны тоолуур 20-25 жил л байгаа байх. Ийм арчаагүй байж болохгүй. Бидний өрсөлдөх ганц зүйл цаг хугацаа, хайрлах ганц зүйл нь эх орон шүү дээ. Гэтэл зөвхөн өөрсдийнхөө хар амийг хоохойлоод хэвтэх юм даа. Тэхдээ энэ санаачлага маань хүссэн эс хүссэн ч маш үр өгөөжтэй зүйл болж дэлгэрнэ.

-Парламентын гадна байхдаа Их хурлыг та хэрхэн төсөөлж байв. Дунд нь ороод явахаар ямар байх юм бэ?

-Жавхлан хаана ч байсан зөв зүйлийг өнгө оруулан дэмжиж, бурууг нь шүүмжилж ирсэн. Төр гэдэг үгний үндсийг нь бодоорой. Төрсөн, тавилан заяасан хүмүүс нь авч явдаг юм. Түүнээс биш мөнгөөр худалдан авч болдог гэсэн сэтгэхүйгээр явна гэж байхгүй. Би чинь сонгуулиар мөнгө биш морио унаж яваад гарсан. Миний сонгуулийн зардал дэлхийн сонгуулийн түүхэнд байгаагүй бага зардал байсан. Өнөөдөр мөнгө ялах уу, сэтгэл ялах уу гэдэг том тулааны өмнө ирсэн байна, бид. Их хурлын гадна, дотно байсан ялгаагүй би хийх зүйлээ хийнэ. Их хуралд би зовлонгүй орж ирсэн. Их хуралд орчих юмсан гэж хүмүүс шиг өдрийн бодол, шөнийн зүүд болж, орж үзэх юмсан гэж омойтоогүй. Энэ хүмүүсийн тархийг, биеийг нь цэвэрлэхээ би мэдэж байгаа.

-Та “Улсын Их хурал уу, Улсын их задрал уу” гээд нээлттэй хэлэлцүүлэг хийнэ гэсэн ч танхим өгсөнгүй гэж байсан. Нээлттэй хэлэлцүүлгээ хийх үү?

-Уг нь би УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг хийж их хурал төр засагт иргэд түмэн ямар дүн тавьж буйг сонсоё, цаашид Монголчууд юуг төрөөс хүсээд ямар байхыг шаардаад байна. Өнөөдрийн хүндрэлээс яаж гарах талаар гарц гаргалгааг хэлэлцэе гээд "Улсын Их хурал уу, Улсын их задрал уу” гэдэг нээлттэй хэлэлцүүлгийг хийе гэсэн юм. Монголынхоо оюунлаг нас насны төлөөлөл олон хүнийг урьсан. Гэтэл тамганы тос дууссан, 7-14 хоногт багтааж хариу өгнө, танхим сул биш байна гэхчилэн аахар шаахар зүйлээр цаг авч саатуулсан. Сүүлдээ энэ хэлэлцүүлэгийг хийлгэхгүй гэдгийг Их хурлын тамгын газраас хэллээ. Хэрүүл талцал, дотоож бандаашны тухай ярих болохоор танхим зөндөө олдоод байдаг. Сайн сайхныг дуудъя, гарц гаргалгаа олъё гэхээр булан ч олддоггүй ийм л хавчилган дунд би байна. Ингэлээ гээд би зогсохгүй ээ. Жавхланг ингэж хааж боосноороо харин ч улам өнгө оруулж байна. Төрийн ордонд хийлгэдэггүй юм бол төмбөгөр цагаан гэртээ хийж бас чадна даа. Энэ бүгдийг зүгээр орхихгүй.

-Бие даагч байх хэцүү юм уу. Аль нэг намын нэр дээр гишүүн болсон бол ингэж ганцаардаж, гомдох шаардлага байхгүй байсан юм биш үү?

-Хүн болгон надад бие даахыг захиж, сургамжилж хэлдэг. Бид биеэ дааж чадахгүй, хүнээс хамааралтай явсаар өнөөдрийн ужиг үүссэн. Хүн бүр биеэ даагаад бор зүрхээрээ зүтгэж чадвал Монгол Улс гурван сарын дотор ч босох боломжтой. Монголчууд сэтгэлийн хөөрөл ихтэй, нэг зүйлд зорьвол ард нь гарч санаа нь амардаг хүчирхэг, цайлган, гэгээн түмэн. Би тэр цагийг хүлээж байна, ерөөж байна. Бие даагчийн зовлон гэхээсээ илүү муу сэтгэлийн үйлийн үрийн зовлонг өрөвдөөд сууж байгаа хүн дээ.

-УИХ-ын гишүүн байх нь гоё юм уу, Монголын ард түмний хайртай дуучин Жавхлан байх нь сайхан юм уу?

-Хугарсан хуурай мөчрийг гишүү гэдэг. Би Монголынхоо төрийг түших гэж орж ирсэн болохоор ганхаж унаж буй төрийн нэр хүндийг аврахаар орж ирсэн төрийн түшээ. Миний дуунууд ч гэсэн Монголын сайн сайхны төлөө ерөөж ирсэн. Төрт ёсоо унаж унтрахаас нь өмнө аварна.

-Заавал гишүүн болж микрофоны ард үг хэлж байхаар тэр сайхан дуунуудаараа үгээ хэлээд явах нь зарим талдаа ард түмэнд илүү хүрч магадгүй байх, тийм үү?

-Төрд үлгэрлэн дуурайх хүнгүй болсон. Төр нь түмэн олныхоо төлөө гэсэн шийдвэрийг гаргахаа больсон учраас дуунаас хол харагдаад байгаа юм. Төр нь урлагаа удирдаад зөв ханайлгаад явах учиртай. Соёлын яамаараа дамжуулан энэ бүгдийг хийж байх ёстой юм. Дээр хэлсэн “Манай Монгол Мандана” гэдэг төсөл чинь нийгмийг соён гэгээрүүлэх соёлын довтолгоо. Амьдрал, хөрсөн дээр буусан иргэддээ нэмэртэй хууль, тогтоомж, шийдвэр Их хурлаас огт гарахаа больж. Сая банкны тухай хуулийг хэлэлцэж баталлаа. Монголын баялгийг хулгайлж зарсан овт шаартнуудыг яагаад ярьсангүй вэ. Өнөө С.Баяр, С.Баярцогт хаачсан бэ. Энэ хүмүүс сул жаргалаа эдлээд явж байгаа даа. Овт шаартай нөхдүүдийг олж авч ирээд Монголбанкинд мөнгөө байршуул, утаанаасаа салъя, ажлын байр бий болгоё, үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гээд яриад сууж байсан бол энэ жинхэнэ ажил болох байлаа. Ядаж хоёр оюутан нэг нэгэндээ тав арван мянган төгрөг шилжүүлэхэд дундаас нь арилжааны банкууд дундаас нь шимж аваад байгаа мөнгө шимтгэлийг болиулчихсан байсан бол энэ үр дүн мөн биз. Гэтэл ердөө тийм зүйл байсангүй. Амьдралаас тасарсан зүйл яриад байгаа болохоор энэ Их хурлын чинь нэр хүнд унаж, хүн ч тоож сонсохоо байлаа. Монголын төр ингээд өнөөдөр түмэн олныхоо сэтгэлээс арчигдаж эхэлсэн. Өнөөдөр төр засгийн толгойд суусан хүмүүсийн тархины хэмжээ жижигдэж байна.

-Таны бухимдал их байгаа юм байна. Утаа, татварын нэмэгдлээс эхлээд яалт ч үгүй бухимдах зүйлс их байх юм. Энэ бүгдийг цэгцлэх боломж байна уу?

-Манайд дэлхийн том хотууд шиг хотоо тойрсон том үйлдвэрүүд алга. Бид зөвхөн амьжиргаагаа дагаад утаанд дарлуулаад байж байна. Үүнийг шийдэх сэтгэл алга. 1937 онд гэрээс нь авч гараад өчиггүй буудаж алж байсан нам нь өнөөдөр одоо хүртэл монголчуудыг дараад авчихсан утаагаар угжин амьдаар нь борцолж хэлмэгдүүлж байна. 40, 50 жилийн дараа утааны хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүс гээд Улаанбаатарынхаа иргэдийн нэрсийг гаргачихсан сууж байх болчихоод байна. Улс төрийн МАНАН-г арилгаагүй цагт "утаа" арилахгүй ээ. Иргэд болохоор ганц бие даагч гишүүн гаргачихаад Жавхлан тэмц, тэмц гээд байх юм. “Ганц дайчин ганцаардахгүй, алаад өгөөрэй” гээд наддаа бас цаасан малгай өмсгөчихнө. Жавхлан чадлынхаа хэрээр явж байна. Битгий л дээ, ах дүүсээ. Сонгочихоод араас нь битгий уйлдаг байгаа ч дээ. Зөв хүмүүсээ тодруулж бай л даа. Монгол ёс, жудаг ярьсны төлөө яагаад Жавхлангаасаа зугтаад байгаа юм бэ. Би буруу зүйл яриагүй. Хүн өнгөрсөн түүх, өвөг дээдсээ ярьж байж ирээдүйн сайн сайхнаа зурдаг. Өвөг дээдсээ дурсахгүйгээр яаж амьдрах юм бэ. Жавхлан агуу монгол мандан бадрах зүйл яриад байхад чихнийхээ хажуугаар өнгөрүүлэн, намайг яагаад ганцаардуулж байгаа юм бэ. Яагаад үнэнг ярьж байгаа хүнээ ганцаардуулах ёстой юм бэ. Та хэд наслах болоод чив чимээгүй суугаа юм бэ. Залуус минь та нарт ямар амьдралын түүх байх ёстой болоод ингээд чимээгүй байгаа юм бэ. Монголоо монголоор нь зураач. Монголоо монголоор нь мандуулаад түүхээ бүтээгээч. Өвөг дээдэс минь ингэж дэлхийд төрт ёсыг тогтоож байсан. Гуравхан хоногийн дотор Монголын хууль дэлхийн нөгөө захад очдог байсан шүү дээ. Гучин жил хэрэлдээд учраа олдоггүй улс төрд цэг тавиачээ. Монголчуудаа сэрцгээ. Энэ ярилцлагыг уншаад огшиж байгаа бол та язгуурын монгол хүн юм байна. Харин манай намыг муулчихсан байна даа гэж харж байгаа бол эрүүлээр сэтгэж сур гэж хэлье дээ.

-Их хурлаар батлагдаж буй хуулиудын чанар хэр байна вэ. Лобби их явдаг гэдэг шүү дээ?

-Шуналын сэтгэхүйгээр хандаж байгаа нь зохихгүй байна. Өнөөдөр болж байгаа мэт, хүмүүсийн мэдэхгүйг мэдэж байгаа мэт царай гаргаад яваад байна л даа. Ирээдүйгээ хорлож байгаа юм шүү дээ. Чингис хааны хэлсэн “Өөрийн бүтээснээ өмс. Өөрийн хийснээ хүрт, эс тэгвээс бусдын идэш болно” гэсэн үг бий. "Харийг даган салбалзвал хөх монгол гутмуй. Хахаж цадталаа баяжвал хамаг олон жишгмүй” гэдгээс илүү хууль юу байна. Хуулийн дээр ёс бий. Ёсны дээр хөх тэнгэр байдаг юм. Монголчууд төрт хууль гэж ярьдаггүй. Төрт ёс гэж ярьдаг. Жавхлан ёс яриад байгаа шүү. Хүн бүр ёсоо дэлгэрүүлчихвэл хууль аяандаа биеллээ олоод явдаг жамтай. Бид өндөр дээд жудагтай хүмүүс.

-Таныг өөрийн хоёр нохойгоо МАН, АН шиг хоорондоо битгий хэмлэлдээд бай гээд загнаж буй бичлэг цахимд нэлээд хандалт авсан. Заавал тэгж хэлэх шаардлага байсан юм уу?

-Нохой жил гарч байна. Тахиа жил түмэн хөдөлж, нохой жил ноёд ховхорно гэж зурхайч Намсрай гуай надтай уулзахдаа хэлж байсан. Шинэ оны босгон дээр би хоёр нохойгоо загнав. Нохой жил монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүсийн жил байгаасай гэж ёгт ухаанаар ёжилсон юм. Жавхлан дээл яриад байдаг нь дэлгэсэн тэрлэг шиг монголыг хайрлаж явцгаая л гээд байгаа юм. Задлаад үзвэл маш том ухаан бий. Эх оронч үзлийг түгээх гэж Жавхлан дээл ярьсан. Би хоёр нохойг загнасан нь ард түмэн минь та нар нохойноос доор нам сонгоод амьдарч байна гэсэн үг. Нам гэдэг үгийнхээ үндсийг бод. Намхан. Монголчууд чинь өндөр заяатай түмэн. Өндөр уулын хөтлийг зорьж, өндөр тэнгэрээ харж, өндөрт мандаж буй нараа шүтэж сүү цайны дээжээ өргөдөг. Монголчууд яагаад нам сонгоод намхан болоод байгаа юм. Хүн бүр дор бүрнээ бодооч. Нам хуйвалдаж, сэм уулзахыг нам гэдэг. Монголчууд айлаараа, хотлоороо, бүлээрээ бадарч явах цаг болсон. Амны бэлгээс ашдын бэлгэ гэж байна уу. Нам гэдэг чинь нам дорой байлгаж байгаад бүх баялгийг нь сорно гэсэн үг юм биш үү. Тиймээс хоёр намын тарьсан хэлмэгдүүлэлтэд монголчууд өртчихлөө.

Эх сурвалж: Өдрийн сонин

Хөдөө орон нутагт С вирусийн идэвхжил тодорхойлох, сүрьеэгийн оношилгоог хийдэг болно
Хөдөө орон нутагт С вирусийн идэвхжил тодорхойлох, сүрьеэгийн оношилгоог хийдэг болно
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.