-2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэргийн улмаас улсад 65.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Энэ бол зөвхөн энэ оны эхний 11 сарын мэдээлэл төдий-
Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас дуулиан дагуулсан ажиллагаа явуулж, төрийн албан хаагчдыг авлига авч байхад үйлдэл дээр нь баривчилсан. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт хууль хяналтынхан, МХЕГ-ын газрын Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Б.Баярсайхан нарын 10 гаруй албан тушаалтныг бусдаас их хэмжээний авлига авч байхад гүйцэтгэх ажиллагаа явуулсан байх юм. Харин эдгээр албан тушаалтны гэрт нэгжлэг хийхэд Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга нар тус бүр 200 гаруй сая төгрөг хадгалж байсныг хураан авсан аж.
Мөн Монгол Оросын хамтарсан "Монголросцветмет"-ийн захирал До.Ганболдыг мэргэжлийн хяналтынхантай хамт баривчилсан нь олны анхаарлыг татсан юм. Түүнийг төмрийн хүдрийг хилээр гаргахдаа холбогдох байгууллагын тогтоосон ханшаас доогуур гаргаж их хэмжээний ашиг олон хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр баривчилсан гэсэн мэдээлэл байна.
АТГ-ын хувьд оны төгсгөлд ийнхүү гялалзсан амжилттайгаар ажиллаж, төрийн албаны бусармаг булхайг илрүүлж, хий дэмий оршин байдаг гэх шүүмжлэлд өртөөд байсан нэр хүндээ өргөөд авлаа. Тус газрын тайлангаас харахад, 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэргийн улмаас улсад 65.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Энэ бол зөвхөн энэ оны эхний 11 сарын мэдээлэл төдий.
Хамгийн гол нь жил хүрэхгүй хугацаанд 65.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн гэдэг нь энэ хэрээр улсын төсөв хохирч, татвар төлөгчдийн мөнгө салхинд хийссэн гэсэн үг. Нөгөөтэйгүүр илэрсэн нь л энэ болохоос цаана нь хэр олон асуудал, булхай нуугдан үлдэж байгааг бид мэдэхгүй. 2016 онд олон улсын байгууллагууд Монгол Улсын Авлигын индекс 38 болж, өмнөх жилээс 15 байраар ухарсныг зарласан байна.
Үүнээс гадна, өнгөрсөн долоо хоногт Европын холбооноос Монгол Улсыг татварын эрсдэл бүхий, энэ төрлийн гэмт этгээдүүд луйвраар олсон хөрөнгөө нуухад боломжтой бүс гэж зарласан. Тэр ч бүү хэл, татварын орчноо сайжруулахгүй бог хориг арга хэмжээ авна гэж “сүрдүүлсэн".
Яг үнэндээ улстөрийн орчин бохирдож, төрийн шийдвэрүүд үнэ цэнэгүй, улсын хөгжилд ач холбогдолгүй болсон нь авлигаас үүдэн гарсан нөхцөл байдал. Үүний нэг жишээ нь, хяналтын байгууллагын удирдлагын гэр орноос ийм их хэмжээний мөнгө бэлнээрээ гарч байгаа явдал. Монголын төрийн алба хэзээ ч сайн цалинтай байгаагүй. Дарга даамлын нэмэгдэл, илүү цаг, өөр бусад хангамж байлаа гээд сард гар дээрээ сая төгрөг лав авч чадахгүй. Гэтэл Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга төрийн албаныхны 220-250 сарын цалинг бэлнээр хадгалж байгаа нь хачирхалтай.
Энэ бол Монголын жирийн иргэн арилжааны банкны тэнгэрийн шалгуурыг арайхийн давж байж авдаг орон сууцны зээлийн хугацаа. Харин авдаг зээл нь 30-50 сая төгрөгт л эргэлддэг. Тэгвэл төрийн албаны хурган дарга нар монголчуудын ихэнхийх нь мөрөөдөлдөө л барьж үзэх их мөнгийг гэртээ хээв нэг хадгалж байдаг гэхээр даанч шударга бус санагдахыг нуух юун. Манайхан муу юмны түрүүнд африкчуудаар жишээ авч, адгийн улс орныг ярихаараа мөн тэднээр төлөөлүүлдэг. Харин өөрсдөө авлигын индекс, банкны хүү, ялгаварлалаараа мөнөөх африкчуудтайгаа мөр зэрэгцэн, зарим үзүүлэлтээр бүр тэднээс хойно хаягдсанаа мэдээгүй байх. Тодруулбал, Монгол Улс авлигын үзүүлэлтээр Хойд Солонгос, Сомали, Хойд Судан, Өмнөд Судан, Замби зэрэг улстай “ана мана үзэлцэж”, дээр доороо орж яваа аж.
Тэгвэл Монгол Улсыг ийн харлуулахад хүргэсэн шалтгаануудын нэг болсон МХЕГ угаас хэл аманд өртөмтгий гэдгийг бүгд мэдэх биз ээ. АТГ-аас мэдээлж буйгаар, тус газарт хийсэн шалгалтын дараа “Аймаг, орон нутагт зарим нарийн мэргэжлийн боловсон хүчин хомсдолтойг далимдуулан уг албан тушаалд мэргэжлийн бус, Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлага, удирдлагаас баталсан албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангаагүй иргэнийг байцаагчийн албан тушаалд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаас нэр дэвшүүлж байгааг Ажлын хэсгээс дурдаж анхаарууллаа. МХЕГ 2015-2016 онд шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн томилогдсон 6 албан тушаалтанд ажилгүй байх хугацааны цалин 20.8 сая төгрөг олгосон байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Мэргэжлийн хяналтын байгууллага улсын төсөвт орлого оруулах чиг үүргийг хүлээхгүй” гэж заасан байхад нийслэлийн төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг бүхий Үр дүнгийн гэрээ байгуулсан нь зохисгүй байна. Гэрээний үүргийг хэрэгжүүлэхийн тулд мөнгөн дүнг байцаагч нартаа хуваарилах, тэднээр орлого бүрдүүлэх ажил хийлгэх шаардлага тулгарч байна” гэж дүгнэсэн байх юм.
Хатуухан өчихөд, төрийн албанд ажиллаж байгаа хэрнээ үнэтэй байр, машин, эд зүйлс хэрэглэж байгаа этгээдүүдийг онцгойлон шалгах шаардлагатай. ХОМ гээчийг ч нягталж, улайх ч үгүй худал ярьдаг хүмүүс ч энэ байнд өртөх нь зүй ёсны хэрэг. Байргүй, машингүй эрхмүүдийг өрөвдөх, гоочлохоос илүүтэй мэдүүлгийн эдийн засгийн агуулгыг задлан шинжлэх цаг болжээ. Ашиг орлоготой компаниудын эздийн уялдаа холбоо, хэн хэнийхээ халаасанд хэр зэрэг гар дүрсэн, тэр жилдээ гарсан хуулиудын үйлчлэл улстөрч эзэнтэй компаниудын ашиг орлогод хэрхэн нөлөөлсөн зэрэг дүн шинжилгээ хийж байж авлигын үнэн төрхийг гаргаж ирнэ.
Ямартай ч эцэст нь хэлэхэд МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээс энэ юу болоод байна вэ гэж асуумаар байна.
Өглөөний сонин
Р.Саруул