Монгол Улсын хойч ирээдүй, эцэг эхчүүдийн эх орны бүтээн байгуулалтад гар бие оролцох, хөдөлмөрлөх орчинг бүрдүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж ирсэн Нийслэл, дүүргийн тэргүүний 115 дугаар цэцэрлэгийн 30 жилийн ойн баяр энэ онд тохиож байна. Өдгөө 700 гаруй хүүхэд 50 гаруй багш ажилагсадтайгаар үйл ажиллагаа явуулж буй тус цэцэрлэгийн хамт олон түүхт 30 жилийн ойн хүрээнд олон бүтээлч ажил өрнүүлжээ. Б.Гэрэлцэцэг эрхлэгчтэй хамт олон цэцэрлэгийнхээ дэргэд Монгол гэр барьж “Ёслол хүндэтгэлийн өргөө”-г байгуулсан нь даяаршлын шуурга дэгдэж буй өнөө цагт яах аргагүй нүдээ олсон зүйл мөн. Уламжлалт ёс заншил жилээс жилд биднээс алсарч буй энэ үед хүүхэд багачууддаа монгол ёс заншлыг танин мэдүүлэх зорилго бүхий энэхүү өргөөг боловсролын мэргэжилтнүүд болон эцэг эхчүүд ихээхэн таалалтай хүлээж авсан билээ.
Үүнээс гадна “Бид цэцэрлэгтээ хайртай” бүтээлийн үзэсгэлэн, “Эко орчин бидний нөхөрлөл” амьд цэцэгсийн үзэсгэлэн”-г дэлгэж хүүхэд багачууд нийт эцэг эчүүдээ баясгасан юм. Амьд цэцэгсийн үзэсгэлэнд нийт 300 гаруй цэцэг байгаа нь тус цэцэрлэгийн өнгө үзэмжийг нэмэхээс гадна онцгой сэтгэгдэл төрүүлнэ. Ургамлын ногоон өнгө нь хvний мэдрэлийн систем, харааны нервийг сэргээн тайвшруулдаг гэдэг дээ. Үүнээс гадна тасалгааны агаарыг хэвийн чийглэг болгох агаад тоос шороог багасгах, агаарт буй элдэв нян устгах, дуу чимээг багасгах, цахилгаан бараанаас гарч буй муу энергvvдийг өөртөө шингээх зэрэг олон ач тустайг бид мэдэх билээ. Хамгийн наад зах нь цэцэг өөрөө амьд бодьгал учраас хүүхэд амьд бодьгалтай харьцаж сурах гээд олон давуу талыг дурдаж болно.
Энэхүү үзэсгэлэнгийн үйл ажиллагааг тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Гэрэлцэцэг нээж хэлсэн үгэндээ “Манай цэцэрлэгийн түүхт 30 жилийн ойн баяр энэ онд тохиож байна. Тэгэхээр манай цэцэрлэг ойгоо угтаж маш олон бүтээлч ажил зохион байгуулсан. Үүний нэг ажил нь буюу өнөөдрийн үйл ажиллагаа бол “Бид цэцэрлэгтээ хайртай” бүтээлийн үзэсгэлэн, мөн “Эко орчин бидний нөхөрлөл” нэртэй 300 амьд цэцгийн үзэсгэлэн юм. Энэхүү бүтээлч ажилд маань манай багш ажилтан алба хаагчид болон хүүхэд багачууд эцэг эхчүүд та нар бүгд идэвхтэй оролцснд талархаж байна. Тиймээс энд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдийн төлөөлөлд дахин баярлаж байгаагаа илэрхийлье” хэмээн онцолсон. Мөнхүү нэг үзүүштэй зүйл нь “Бид цэцэрлэгтээ хайртай” бүтээлийн үзэсгэлэнд тавигдсан хүүхэд багачуудын санаагаар бүтсэн зүйлс. Сурч хүмүүжиж буй цэцэрлэгийнхээ барилгаас эхлээд хүүхдийн гэнэн томоогүй өвөрмөц сэтгэхүйгээр урласан бүтээл ч харагдана. Үүнээс гадна хүүхдүүдийнхээ сэтгэхүйг шингээсэн бүтээлийг ч эцэг эхийн оролцоотойгоор урласан нь бий.
Дашрамд дурдахад, 115 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Гэрэлцэцэг нь 2010, 2012, 2014 онд “Дүүргийн шилдэг эрхлэгч”, 2015 онд “Дүүргийн хөдөлмөрийн аварга эрхлэгч”, 2016 онд “Нийслэлийн манлайлагч эрхлэгч”-ээр шалгарч байсан нь ч энэхүү цэцэрлэгийн ажлын амжилттай хаашаа ч үгүй зохицож таарна. Тус хамт олны өнгөрөгч 30 жилд бүтээсэн амжилт, бүтээн байгуулалтыг бид нэг удаад дурдаад барахгүй юм. Гэхдээ тоймлон хүргэвэл 1999, 2012 онд “Дүүргийн тэргүүний цэцэрлэг”-ээр шалгарч байсан бол 2016 онд “Нийслэлийн тэргүүний цэцэрлэг”, “Боловсролын шилдэг байгуулага”-аар шалгарч байв. Мөнхүү 2009, 2010, 2011 онуудад Нийслэлийн Цэцэрлэгүүдийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос зарласан уралдаанд хоёр, гуравдугаар байранд шалгарч байсан бол “Хүүхдэд ээлтэй байгууллага”, “Хүүхдийн авьяасыг дэмжигч байгууллага”, “Шилдэг охижилттой цэцэрэг”, “Шилдэг ногоон байгууламжтай байгууллага” зэргээр удаа дараа шалгарч байсан хамт олон юм. Үүнээс гадна нийслэл дүүргийн хэмжээний хүүхэд багачуудын дунд зарласан уралдаанд удаа дараа амжилттай оролцож шагнал хүртэж байсныг дуулгахад таатай байна.
Анх Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт “Ясли-цэцэрлэгийн комбинат” нэртэйгээр 325 хүүхдийн хүчин чадалтай, 11 багш, ажиллагсад, таван бүлэгтэйгээр 1987 оны наймдугаар сарын 18-нд үүд хаалгаа нээж байсан түүхтэй. Тиймээс амжилт бүтээлд тэмүүлсэн он жилүүдэд бүтээн байгуулалт, ногоон байгууламж ая тухтай орчноо хойш тавьж үзээгүй хамт олон гэдгийг ч дээр дурдсан амжилтаас нь харж болно. Тухайлбал, улсын болон нийслэл, дүүргийн, төсөл хөтөлбөрийн гэх зэрэг хөрөнгийн эх үүсвэрээр чамгүй ажлыг нугалжээ. Хамгийн сүүлийн жишээ дурдахад 2015-2016 онд улсын төсвийн хөрөнгө болох нэг тэрбум 150 сая төгрөгөөр 150 хүүхдийн багтаамжтай өргөлтгөлийн барилга барьж, 21 ажлын байр шинээр бий болгосон. Мөнхүү сүүлийн зургаан жилийн хугацаанд Япон Улсын Элчин сайдын яамны “Өвсний үндэс” хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг зургаан төсөл хэрэгжүүлж гадна орчин болон сургалтын нөхцлөө сайжруулсан шилдэг хамт олон билээ. Ийм л нэг хийж бүтээхийн төлөө ажиллаж амьдарч байгаа хамт олон ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар түүхт 30 жилийнхээ ойн баярыг тэмдэглэх гэж байна.
С.Ууганбаяр