Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нээлттэй сонсголоор асуудал илүү хурцдах уу, эсвэл...

Нээлттэй сонсголоор асуудал илүү хурцдах уу, эсвэл...

Солонгос улсад элчин сайдаар томилохоор нэр дэвшиж байгааБ.Хурцын асуудлаар УИХ нээлттэй сонсгол явуулах нь зүйтэй гэсэн саналыгУИХ-ын гишүүн Ж.Батзандан гаргасан. Энэ саналыг УИХ-ын 21 гишүүн дэмжсэн учраас УИХ-д албан ёсоор хандаж, нээлттэй сонсгол хийхээр боллоо. Тодруулбал, Нийтийн сонсголын тухай хуулийн 10.10.1 -т “УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол томилгооны сонсголыг явуулна” гэсэн заалтын шаардлагыг хангасан гэсэн үг. Иймд нээлттэй сонсгол хийх товыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос зарлах юм байна.
 
Олны анхаарал татсан энэүү хурц үйл явдал Төрийн ордонд өрнөсөн. Болсон үйл явдлыг эргэн сануулбал, энэ сарны 15-нд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболдын томилолтын хугацаа дууссан тул эгүүлэн татаж, оронд нь Б.Хурцыг томилох талаар зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэх үеэр үйл явдлын эхлэлийг тавьсан юм. Тэдний байр суурийг хүргэе.
 
Л.Болд: -Б.Хурц бол тушаал биөлүүлдэг, генерал хүн. Надтай хамт ажиллаж байсан хоёр хүн алтан амиа алдсан. Тэдний ар гэрийнхнээс хэн уучлалт гуйх вэ. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан хүнийг эрүүл мэнд нь маш хүнд байхад хүчээр авч явж, байцаалт авсан. БХЯ- ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнийг ч мөн ажлаа хийж байхад нь дуудаж аваачаад шалгасан. Тэд маш хүнд нөхцөлд байсны эцэст тэнгэрт хальсан. Энэ хэргийг дээрээс хэн захиалсан юм бэ.
 
Б.Хурц:-Уучлаарай. Л.Болд гишүүн өмнө хашиж байсан албатай холбоотой зүйл асуулаа, баярлалаа. Болд гишүүн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхад хоёр, гурван асуудалд орж, АТГ-т шалгуулж байсан. Нэгдүгээрт, хойд Солонгост зэвсэг зарах гэж 300 мянган ам.долларыг та авсан. Энэ оны зургаадугаар сарын 12-нд тус улсын прокурорын байгууллага таниас 300 мянган ам.доллар нэхэмжилсэн бичиг илгээсэн. Таниас болж тэнд хоёр хүн цаазлуулсан, нэг генерал ял авсан. Нээлттэй яръя. Энэ хүнээс болж “Молекул" гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. БХЯ-нд техникийн нөхцөлгүйгээр орон сууц барьсан. Тэдний гэрт албан албай ёсоор нэгжлэг хийсэн. ГХЯ-ны барилгыг та бас тэднээр бариулсан. Та шударга хүн мөн үү. Би цааш нь юм ярих уу, хэрэггүй юү. М.Борбаатар генералыг битгий хутга. Тэр хүн зүрхний шигдээсээр нас барсан.
 
Эдгээр эрхмийн дунд ийм яриа өрнөснөөр асуудал улам хурцадсан. Хил дамнаж зэвсгийн наймаа хийсэн, хоёр хүний амь насанд хүрсэн хүн ямар ч хариуцлага хүлээхгүйн зэрэгцээ ард түмнийг төлөөлж төрийн суудалд сууж байна. Монгол Улсын маш чухал, өндөр хариуцлагатай байгууллага болох ТЕГ-ыг удирдаж байсан хүн үүрэгт ажлаа хүлээлгэж өгснийхөө дараа ийм зүйл ярих нь хэр зүй зохистой бол зэрэг хариулт нэхсэн асуулт олны дунд хөвөрч байна.
 
Төд удалгүй УИХ-ын гишүүн Ж.Батзандан ТЕГ-ын дарга асан Б.Хурцын талаар мэдээлэл хийж өөрийг нь УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байх хугацаанд нь Б.Хурцтай холбоотой маш олон өргөдөл ирүүлж байсныг зарласан. Тэрбээр “Д.Энхбат гэдэг залууд унтуулах тариа хийж хууль бусаар гаднын орноос авчран шоронд зургаан сар хорьсон. Хууль бусаар хүн хулгайлсан хэргээр гаднын шүүхийн байгууллагууд Б.Хурцыг шалгаж байна. Тэр Европын холбоо руу орох эрхгүй болсон. УИХ-ын гишүүд Б.Хурцаас маш их айдаг. Алийн болгон түүнээс айж амьдрах юм бэ. Б.Хурцад газраа, бизнесээ дээрэмдүүлсэн хүмүүс одоо УИХ-д өргөдлөө өг. УИХ-аар нээлттэй сонсгол хийж, энэ асуудлыг ярилцах цаг болсон” хэмээсэн юм.
 
Цаашид ямар үйл явдал өрнөж, хэн нь хэнийхээ нууцыг ил болгох талаар олон нийт таамаг дэвшүүлж байх зуур ТЕГ-ын дарга асан Б.Хурц “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож гэнэтийн бэлэг барилаа. Нэвтрүүлгийн үеэр нэг хэсэг үзэгчид “Юу ярьж, ямар баримт дэлгэх бол” хэмээн өндөлзөж байсан бол нөгөө хэсэг нь “ТЕГ-ын даргаар ажиллаж байсан хүн телевизийн нэвтрүүлэгт долоон булчирхайгаа тоочиж болно гэж үү. Ёс суртахуунгүй юм" гэж шүүмжилж байв. Харин учир мэдэх нь “Сэтгэлийн хөөрлөөр хандаж, ам алдахвий, асуудлаа мэдэж ярих байгаа даа” хэмээн улсын нууцтай холбоотой мэдээллийг дэлгэчихвий гэсэн байдлаар ' санаа зовниж байсан талаар сошиал ертөнцөд давалгаалж байна. Тухайлбал, ТЕГ- ын даргаар ажиллаж байсан, бэлтгэл хурандаа М.Батсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Б.Хурцын талаар ийн дурджээ. Тэрбээр “Тагнуулын байгууллагын удирдлагын мэдэгдэл гэдэг маш ноцтой. Ер нь энэ байгууллагын ажилтан, албан тушаалтнууд улсаас олгосон эрх хэмжээний хүрээнд олж мэдсэн баримт материалыг хууль бусаар, хувийн сонирхлоор, сэтгэл хөөрлөөр ашиглах явдал байх ёсгүй. Б.Хурцын үйлдлийг би зөвтгөх ч арга алга, буруутгах ч зүйл алга. Тагнуулын мэргэжлийн байгууллагыг удирдаж байсны хувьд тэрбээр сэтгэл хөөрөл, уур бухимдлаа барих байсан гэж бодож сууна” хэмээжээ.
 
“Цензургүй яриа” нэвтрүүлгийн сэтгүүлчийн асуух асуултыг урьдчилан таамаглаж, холбоотой баримтыг аль хэдийнэ бэлдчихсэн байв. Ярилцлагын онцлох ишлэлийг хүргэж байна.
 
-Байнгын хорооны хурлын дараа Д.Эрдэнэбатын өрөөнд Лу.Болд бид гурав суутал Ж.Батзандан орж ирсэн. Намайг харангуутаа үсэрч хажууд суугаад миний гуя руу цохиод “Юу байна аа”гэсэн. Би “Юу  байдаг юм. Чи юу гээд балайраад байгаа юм” гэсэн. Тэгсэн урдаас дарваганаад байгаарай ална шүү гэсэн. Үнэн. Ж.Батзандан өөрөө намайг ална гэснээ яагаад хэлэхгүй байгаа юм. 
 
-Лу.Болд хойд Солонгосоос мөнгө луйвардсан. 2013 оны хэрэг. Намайг АТГ-т ажиллаж байхад Хойд Солонгосын албаныхан иржуулзаад  Л. Болдоос 300 мянган ам. Доллар авч өг гэсэн. Дашдэлэг генерал ч гэсэн 300 мянган ам. Долларыг Л.Болд авсан гэсэн. Хойд Солонгосын Ерөнхий прокурорын газраас өгсөн тэр бичгийг би энэ оны зургаадугаар сард АТГ-т өгсөн. Л.Болд харин өөрөөс нь болж хоёр хүн цаазлуулсан тухай ярихад ‘Хойд Солонгост өчнөөн л хүн цаазлуулдаг шуу дээ” гэж байна лээ.
 
-Но-той хүмүүс л нууцтай.  Хууль бус юм хийж байсан гурван гишүүн л орилоод байгаа шүү дээ. Ж.Батзандан гишүүний Төрийн өмчийн хороонд байсан ах, Төрийн нарийн бичгийн дарга байсан нэг ахыг нь АТГ шалгасан. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй учраас л над руу дайраад байхгуй юу. Ярих уу, яахуу гэдэг нь би Ж.Батзандангийн тухай ярих гэж байсан юм.Би нэг удаа Н.Алтанхуягийг ерөнхий сайд байхад нь өөрөө очиж уулзсан.Та боль, идэж уухаа зогсоо, яахаараа асуудлыг улстөржүүлдэг юм гэж. Н.Алтанхуяг засрашгүй авлигачин.
 
-Талийгаач бас хүнд гар байсан шүү. Уучлаарай. Өөрөө тэр чинь элэгний цирозтой байсан юм биш үү. Би тэр үед Монголд байгаагүй. Би Лондонд 10 сар гаран болоод Германд ирээд сар хагас болоод суллагдсан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй онгоцонд таарчихсан. Тэгэхэд Ерөнхийлөгч Нью-Йоркоос явж байна гэсэн. Миний хэргийг түдгэлзүүлсэн гэж ойлгосон.
 
-Намайг Д. Энхбатыг хулгайлж авчраад амийг нь хөнөөснийг Ж.Батзандан гишүүн мэдэж байгаа юм биш үү. Юу үнэн гэхээр хулгайлаагүй, баривчилж авчирсан. Германы тал гаргаж өгснийг би холоос харсан. Энэ улсын нууцаас гараагүй хэрэг учраас би яримааргүй байна. С.Зоригийн хэрэгтэй холбоотой зөвхөн Дамирангийн Энхбатыг баривчилж авчирсан хэсгийг нууцын зэрэглэлээс гаргаж өгөх хүсэлтийг миний бие ТЕГ-ын дарга Д.Гэрэлд өгсөн.
 
“Цензургүй яриа” нэвтрүүлгийн дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан дахин мэдэгдэл хийж, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эсрэг байр сууриа илэрхийлэхийн сацуу бүлгийнхээ даргын талаар ам нээсэн юм. Тэрбээр “Цензуртай байгууллагын дарга цензургүй ярианд орж гүтгэлэг тараасан. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Б.Хурцтай эвлэр" гэж Л.Болд гишүүнбид хоёрт тулгасан. Мөн “Б.Хурц 2020 онд манай намаас нэр дэвшинэ, дэмжиж ажиллаарай” гэсэн. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат Б.Хурц хоёр цагдаад мэдүүлгээ нэгтгэсэн. Ер нь Д.Эрдэнэбат бүлэглэлийн гишүүн болсон нь харагдаж байна. Цаашид бүлгийн дарга байх уу, бүлэглэлийн гишүүн байх уу гэдгээ шийдэх ёстой” гэсэн юм.
 
Олон нийтийн таамаглаж, төсөөлөөгүй мэдээллийг ТЕГ-ын дарга гэнэт ил болгосноор АН-ын гишүүд төдийгүй УИХ дахь АН- ын бүлгийн дарга нь хүртэл барьц алдаж эхэлжээ. ТЕГ-ын дарга асан Б.Хурц “Ярих уу, яахуу гэдэг дээрээ би Ж.Батзандангийн тухай ярих гэж байсан юм” гэсэн. Тэгэхээр түүнд ярих асуудал их байгаа бололтой. Нээлттэй сонсголын үеэр асуудал улам хурцдах болов уу эсвэл АН-ын бүлгийн даргын найраагаар намжих уу гэдгийг олон нийт харах л үлдлээ.
 
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Ерөнхийлөгч Х.Баттулгын эрүүл мэндийн зөвлөхтэй танилц!
Ерөнхийлөгч Х.Баттулгын эрүүл мэндийн зөвлөхтэй танилц!
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.