Энэ удаа “Утасны анд” буландаа Бодибилдинг, фитнессийн Азийн хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга, Олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэгтийг урилаа.
–Сайн байна уу. Гурав дахь удаагаа дэлхийн аварга болсонд тань баяр хүргэе?
-Баярлалаа. Таньд болон танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе.
–Өрсөлдөгчид хэр ширүүн байв?
-Өрсөлдөгчөө хямдхан үнэлж болохгүй. Дэлхийн хамгийн том тэмцээн учир мэргэжлийн өндөр төвшний тамирчид оролцлоо. Манай тамирчид ч төвшний хувьд дээшилсэн нь энэ тэмцээнээс харагдсан. Бүгд олон улсын тэмцээнд амжилттай оролцож, медалийн тавцан дээр зогсдог болсон.
–Энэ амжилтын буухиаг охин тань үргэлжлүүлж байна?
-Охин минь энэ спортын тамирчин. Одооноос улсынхаа болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Саяхан Хятадад болсон “WBPR 2017” олон улсын тэмцээнд охинтойгоо, шавь нартайгаа хамт орлоо. Би атлетик ангилалд алтан медаль, охин минь биккини төрөлд хүрэл медаль хүртлээ.
–Охиноо тамирчин болно гэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Охин минь Өөрийнхөө хүслээр энэ спортыг сонгосон. Ээжийн хувьд анхаарал тавьж, тамирчны хувьд зааж зөвлөхийг хүсдэг. Охин маань энэ спортоор хичээллэхийн хажуугаар их сургуульд сурдаг. Өөрийнхөө хүсч тэмүүлсэн амжилтаа гаргаж, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байгаасай гэж хүсч сууна.
–Та яагаад энэ спортод дурлах болов?
-Сурагч байхдаа спортоос их хөндий байсан. Анх хөдөлгөөний дутагдалд орж, жин нэмээд байхаар нь фитнессээр хичээллэхээр шийдсэн. Хичээллэх хугацаанд биед өөрчлөлт гарахаар урам орсон. Энэ үеэс мэргэжлийн тамирчин болохоор шийдэж, бэлтгэл хийж эхэлсэн.
–Өмнө нь зурагчин байсан гэсэн?
-Анх нэг хүнтэй хамтарч студи нээсэн. Аппаратаа үүрээд л зураг авахаар явдаг байлаа. Харин фитнессээр хичээллэх болсноор ажлаа орхисон.
–Бүсгүй хүн бүр туранхай байхыг хүсдэг. Та гоо сайхан гэдгийг юу гэж ойлгодог вэ?
-Эмэгтэй хүмүүс туранхай байхыг хүсдэг. Гэхдээ булчинлаг байх нь илүү үзэсгэлэнтэй, эрүүл харагддаг. Турна гээд элдэв зүйл хэрэглэх шаардлагагүй. Эрүүл мэндээрээ хохирно. Түүний оронд биеэ хөгжүүлж, эрүүлээр тураасай гэж хүсдэг.
Зууны мэдээ
Ч.Гантулга