АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн даргаар ажиллаж эхэлсэн Г.Баасан ер нь шулуун шударга нэгэн мөн үү гэдэг асуултыг зайлшгүй тавих ёстой юм. Монголын чөлөөт ахмадын холбоо гэж байгууллагыг сүр бараатай байгуулж, жинхэнэ ахмадуудын холбоог жийгээд хаячихсан тэрбээр улстөрчидтэй үе үе шадарлаж ирсэн анхаарал татсан намтартай. Нэг л их тэмцэгчийн хувиар төрийн ордон тийш хяламхийж, хууль сахиулах тухай ярьдаг байсан тэрбээр нэг л өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх болж ордонд залраад авсан удаатай.
Ер нь түүний тэмцлийн учиг үндэс явж явж улстөрчдийн эрх ашигтай холбогдож таардаг. Ямартаа л 2002 онд байгуулагдаж байсан Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг АТГ-т нийлүүлснийг Г.Баасан эрс буруушааж байсных нь ард нэр бүхий хуульч, улстөрчид байгаа талаар нь хэвлэлүүд бичиж л байсан.
Харин одоо тэрбээр АТГ-ыг хянахаар ирсний цаана Ерөнхийлөгчийн улстөрийн зөвлөх Н.Алтанхуягийнх нь дэм байгаад эргэлзэх юун. Гол нь Г.Баасан өөрөө яагаад ч нэр цэвэр нэгэн биш ээ. Г.Баасан бол шилэн дансаар мөнгө сааж мэргэшсэн нэгэн гэдгийг нь хэдэн жилийн өмнө “Шилэн” Цогоо илчилж байсан билээ. Г.Баасан Ахмадын чөлөөт холбоо гэх байгууллагыг энд тэндээс мөнгө босгохдоо л ашигладгаас бус ахмадуудын эрх ашгийн төлөө тэмцэхэд чиглүүлсэн үү гэдэг нь эргэлзээтэй л юм. Учир нь түүний удирддаг Ахмадын чөлөөт холбоо гэж ТББ нь өнөөгийн АН-ын дарга С.Эрдэнийг ХАХНХ-ын сайд байх үед сайдын төсвөөс сар бүр 9,1 сая төгрөг авдаг байснаа бүр өсгөж сард 39 сая төгрөг авсан байсан нь илэрч байсан.
Харин Г.Баасан гуай 37.5 сая төгрөгөөр хурал зохион байгуулсан гээд хэлж яриад суудаг юм билээ. Уг нь ахмадуудынхаа сайн сайхны төлөө бодитой зүйлд зориулсан бол яахав. Гэтэл өөрийнхөө поп үгсийг нийтэд хүргэх гэсэн арга ядсан хуралд ийм их хэмжээний мөнгө зарцуулсан гэж тайлагнаж байдаг нь дэндүү харамсалтай.
Өнгөрсөн хугацаанд сайдын багцаас авч байсан мөнгөөрөө Г.Баасан ахмадуудын төлөө юу хийснээ бүрэн тайлагнах хэрэгтэй юм. Өөрөө төр төсвийн мөнгийг тодорхойгүй байдлаар үрэн таран хийчихээд, өдгөө нэг их шударга хүний царайгаар бусад руу давшиж, худлаа попрох нь хэнд ашигтай вэ?
Мэдээж түүний ар талд зогсож буй хэсэг улстөрчдөд ашигтай байж таарна. Тэднээсээ дэмжлэг авдаг Г.Баасангийн хэтэвчний хэмжээ зузаарахад ашигтай байх. Тэрнээс биш иргэдэд бол ашиггүй.
Г.Баасан хатагтай шударга дүрээр нийгэмд жүжиг тоглохоосоо өмнө ахмадуудын нэрийг барьж сар бүр С.Эрдэнээс авч байсан олон арван сая төгрөгийнхөө зарцуулалтыг тайлагнах хэрэгтэй байна.
Чадахгүй бол түүнийг АТГ шалгана биз.
TSag.mn