Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч өө, төмөр замын 280 сая ам.доллараар ч сонсгол явуулъя

-Шинэ төмөр замын төсөл ном ёсоороо хэрэгжсэн бол өдийд нүүрс болон бусад түүхий эдийн тээвэр, байгаль орчинд үзүүлэх нөлөө, хил гаалийн асуудал гээд олон зүйлийг сайнаар шийдэх байсан. Өнөөдөр Цагаан хад, Ганц модны боомтод 120 км урт түгжрэл үүсэж, тэр хавийн газар тэнгэр ялгарахын аргагүй мөнхийн тоос дэгдэж, цөлийн нимгэн хөрс улаараа эргэж байгаагийн буруутан яг хэн бэ гэдгийг ч тодруулж, нийтэд сонсгох шаардлага зүй ёсоор гарч ирж байна-

Монгол Улсын Ерөнхийлөгч "60 тэрбумын хэрэг"-ийг хэрхэн хаасан хийгээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан гэх асуудлын шийдвэрийн тухай Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн гэж бид мэдээлсэн. Энэ нь мэдээж хуулийн хүрээн дэх үйл ажиллагаа.

Тодруулбал, Ерөнхий хяналтын хуулийн 8.1-д “УИХ нь хууль, УИХ-ын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаа, нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэр дэх захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулна”, 8.2.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсэлт гаргасан тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна” гэж тодорхойлон заасан байгаа.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн эл илгээлтийг зүй ёсны гэж харахаас өөр аргагүй. Гэтэл энд нэг асуудал бий. Юу гэвээс, 60 тэрбумын хэрэг хэмээх өнөө жилийн хамгийн дуулиант хэргийг хуулийн байгууллагаас шалгаж, гэм буруугүй гэдгийг нь тогтоосон. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайд байхад нь тагнаж чагнасан асуудал байхгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хуулийнхан дүгнэсэн.

Хэдийгээр Ерөнхийлөгчийн энэ үйлдэл хуулийн хүрээнд ч гэлээ нөгөө утгаараа Монгол Улсын хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаанд үл итгэнэ гэх хардлагыг илэрхийлэв. Нөгөө талаар түүний энэ үйлдэл цагдан сэргийлэх, хянах шалгах, шүүх байгууллагуудын нэр хүндийг ч унагаж буй хэрэг гэхэд буруудахгүй л болов уу.

Шуудхан хэлэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын нэр холбогдсон эдгээр асуудлыг ийнхүү улстөржүүлж байгаа юм бол төмөр замын 280 сая.ам.долларын хэргээр сонсгол явуулах шаардлагатайг ч ойлгох ёстой болов уу. Учир нь тус хэрэг нь өнгөрсөн хугацаанд нийгэмд дуулиан шуугиан тарьж байгаад гэнэт л прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон хэмээн зарласан билээ.

Хэрвээ шинэ төмөр замын төсөл ном ёсоороо хэрэгжсэн бол өдийд нүүрс болон бусад түүхий эдийн тээвэр, байгаль орчинд үзүүлэх нөлөө, хил гаалийн асуудал гээд олон зүйлийг сайнаар шийдэх байсан. Өнөөдөр Цагаан хад, Ганц модны боомтод 120 км урт түгжрэл үүсэж, тэр хавийн газар тэнгэр ялгарахын аргагүй мөнхийн тоос дэгдэж, цөлийн нимгэн хөрс улаараа эргэж байгаагийн буруутан яг хэн бэ гэдгийг ч тодруулж, нийтэд сонсгох шаардлага зүй ёсоор гарч ирж байна.

Бодит байдал дээр улстөржсөн 60 тэрбумаас илүүтэй төмөр замын 280 сая ам.доллар буюу 700 тэрбум төгрөг Монгол Улсын эдийн засаг, нийгэм, цаашдын хөгжилд онц хохирол учруулсан нь гарцаагүй үнэн. Тиймээс шороон даланг яагаад 700 тэрбумаар босгов, далан дээр тавигдах ёстой төмөр зам хаачив, үүнд төсөвлөсөн хөрөнгө бултаараа хаашаа алга болов гээд нийтийн сонсох шаардлагатай олон хариулт байна, эрхэм Ерөнхийлөгч өө.

Р.Саруул
Эх сурвалж: Өглөөний сонин
“Цалингүй” сайд нарын зарим нь бүлэг дээрээ бүдэрчээ
“Цалингүй” сайд нарын зарим нь бүлэг дээрээ бүдэрчээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.