Энэ мэдээ хуучирсан буюу 2017/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

В.Путин: ОХУ химийн зэвсэггүй орон боллоо

 ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний энэ сарын 27-нд буулгасан зарлигийн дагуу улсын хэмжээнд хадгалж буй химийн зэвсгийг устгажээ. “Орос улсын хэмжээнд байсан химийн зэвсгийг устгах ажил дууссан. ЗХУ задран унасны дараа Орост их хэмжээний химийн зэвсэг хадгалж үлдсэн юм. Эдгээр химийн зэвсэг дэлхий дээрх амьд биетийг бүгдийг устгах аюултай байсан.

Манай улс Химийн зэвсгийг хориглох конвенцийг дагаж НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүллээ. АНУ химийн зэвсгээ устгах үүргээ биелүүлэх хугацааг гурван удаа янз бүрийн шалтгаанаар хойшлуулаад байгаа билээ. Бусад улсын нэг адил АНУ олон улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг бид хүлээж байна. Устгалын үйл ажиллагаанд оролцсон Оросын эрдэмтдийн багт баяр хүргэе” хэмээн Оросын Ерөнхийлөгчийн хэлснийг Кремлийн албан сайтад онцолжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Цөмийн зэвсэг хэрэглэсний үр дүн хүн төрөлхтнийг одоо ч цочирдуулж байна. БНАСАУ өдөөн хатгалгын чанартай цөмийн туршилт хийж, пуужин хөөргөж байдлыг хурцатгаж байгаа бөгөөд цөмийн зэвсэг түгээн дэлгэрэх эрсдэлийг нэмэгдүүллээ. Үй олноор устгах энэ зэвсгийг бүрмөсөн устгахаар нэр бүхий орнууд хүчин чармайлт гаргахыг уриалж байна” гэж энэ сарын 26-нд мэдэгдсэн юм.

Оросын Химийн зэвсгийн асуудал хариуцсан улсын комиссын дарга Михаил Бабич “Ерөнхийлөгч В.Путиний баталсан химийн зэвсгийг устгах хөтөлбөрийг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө бүрэн хэрэгжүүллээ. Бид энэ хөтөлбөрийг 2018 он гэхэд бүрэн хэрэгжүүлж дуусгах үүргийг олон улсын өмнө хүлээсэн ч хугацаанаас нь өмнө биелүүлсэн” хэмээснийг “Спутник” агентлаг эш татжээ.

Манай гараг дээр 70500 тонн химийн зэвсэг байгаагаас 40 мянган тонн нь ОХУ-д, АНУ-д 27 мянган тонныг хадгалдаг гэж М.Бабич хэлсэн байна. НҮБ-ын уриалгыг Оросын тал анхлан хэрэгжүүлсэнд олон улсын байгууллагууд нааштай хүлээн авч Кремлийн удирдлагад баяр хүргэжээ. Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 72 дугаар чуулганыг даргалагч Мирослав Лайчак “XXI зуун гарснаас хойш хүн төрөлхтөн зургаан удаа цөмийн туршилт хийжээ. Цөмийн зэвсэгтэй орнуудын харилцаа хурцдаж байгаа нь биднийг мухардалд оруулж эхэлсэн. Энэ үед Оросын Ерөнхийлөгч ухаалаг бодлого хэрэгжүүллээ” хэмээн онцлон тэмдэглэлээ. Мөн барууны зарим ажиглагч Кремлийн үйлдлийг “Путиний геополитик” гэж нэрлэсэн байна. Тэд “Кремль нөхцөл байдалд тун хүлээцтэй хандаж, тооцоотой үйлдэл хийдэг. Хуучин Зөвлөлт Холбоот Улсын үеэс Орос химийн зэвсэг үйлдвэрлэгч, худалдаалагч гол орон байлаа. Барууны хэвлэлүүд В.Путиний засаг захиргаа геополитикийн ашиг сонирхлоо энгийн иргэдийн амь наснаас дээгүүр тавьдаг гэж буруутгадаг.

Энэ үед В.Путин химийн зэвсгийг хураах хувилбар бодож олсноороо өөрийнх нь эсрэг болзошгүй дайралтыг зогсоолоо. Владимир Путин ардчилагч ч биш, сталинист ч биш. Харин тэр чадварлаг геополитикч. Химийн зэвсгийн тухай маргаан ч намжив” гэжээ.

Харин Англи, Герман тэргүүтэй Европын томоохон орны эх сурвалжууд “Кремлийн тэргүүн ухаалаг нүүдэл хийж, дэлхийн хэмжээний тоглогч гэдгээ харууллаа. Химийн зэвсгийн худалдаанаас багагүй ашиг олдог. Тиймээс нөөцөө бүрэн устгахад санхүү, эдийн засгийн бэрхшээл тулгарсан нь дамжиггүй.

Гэхдээ В.Путин Химийн зэвсгийг хориглох байгууллагын зорилтыг анхлан биелүүллээ” хэмээн онцолсон. Дэлхийн хүн амын 98 гаруй хувь нь Химийн зэвсгийг хориглох байгууллагын гишүүн оронд амьдардаг. Уг байгууллага цар хүрээгээ хамгийн хурдан тэлж буй зэвсэг хураах асуудал эрхэлсэн олон улсын зөвлөл юм. Химийн зэвсэг бүтээх, үйлдвэрлэх, хуримтлуулах, хэрэглэхийг хориглох болон түүнийг устгах тухай конвенцийг 1993 оны нэгдүгээр сарын 13-15-нд дэлхийн 130 орон баталсан бөгөөд 1997 онд хүчин төгөлдөр болжээ. Одоогоор уг конвецид 188 орон нэгдээд байна. Харин Химийн зэвсгийг хориглох байгууллагад одоогоор найман орон нэгдээгүй аж. Эдгээрээс Ангол, Египет, Умард Солонгос, Өмнөд Судан, Сири болон Сомали улс химийн зэвсгийн конвенцид гарын үсэг зураагүй байна. Харин Израиль, Мьянмар улс гарын үсэг зурсан ч баримт бичгийг батлаагүй байна.

Х.ЭРДЭНЭЗАЯА

“БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ДЭВШИЛТЭТ ТЕХНИК ТЕХНОЛОГИ” ҮЗЭСГЭЛЭНД 50 ГАРУЙ ААН ОРОЛЦОЖ БАЙНА
“БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ДЭВШИЛТЭТ ТЕХНИК ТЕХНОЛОГИ” ҮЗЭСГЭЛЭНД 50 ГАРУЙ ААН ОРОЛЦОЖ БАЙНА
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.