Энэ мэдээ хуучирсан буюу 2017/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Зудны баян” буюу Т.Аюурсайхан

“Зудны баян” буюу Т.Аюурсайхан Ерөнхийлөгч асан Н.Багабандийн Шадар туслахаар их улстөрд хөл тавьж байсан энэ залууг өдгөө “шантаажчин” гэх хүмүүс цөөнгүй болжээ. Нөгөө талаар Т.Аюурсайхан гишүүнийг шударга зарчимч, боловсролтой гэх нь ч бий. Тийм ч биз, үгүй ч биз. Надад бол зудтай жил овсгоо гаргаад баяжсан шинэ баяны төрхөөр л сэтгэлд буугаад байдаг нь чухам юуны учир юм бол доо. Зуд болоход ихэнх нь хотоо харлуулж байхад олон биш ч овсгоотой нөхөд зуднаар баяждаг тохиолдол бий. “Зудны баячууд” гэдэг нэр хоч зүүсэн хүмүүс ч орон нутгийн түүхэнд цөөнгүй байдгийг бид бүгдээрээ л мэднэ. Үүн лугаа адил өдгөө манай 76 дотор “Зудны баян” хэмээн нэрлэж болох хүнээр Т.Аюурсайхан гишүүнийг тодруулахаас өөр арга алга. Яах аргагүй МАН-ын аливаа нэг ялагдал нь түүнд хожоо болж байдагт хамаг учир бий байх. Өнгөрөгч 2012 оны сонгуульд МАН ялагдал хүлээхтэй дөрөө харшуулан “Шинэчлэл, хөгжлийн хороо” гэгчийг байгуулаад авсан. УИХ-ын сонгуулиас хойш Орон нутаг, Ерөнхийлөгчийн гээд шат дараалсан гурван сонгуульд өвдөг шороодсон нь Т.Аюурсайханы онгодыг нэг мөр оруулаад авсан. МАН-д нүүрлэсэн удаа дараагийн “зуд” нь ийнхүү эрхэм гишүүнийг “баяжихад” хүргэсэн хэрэг. Түүнээс Т.Аюурсайхан хөгжүүлэгч шинэчлэгч мөн үү, шударга хүн мөн үү гэдэг нь өөр хэрэг. Үүнийг цаг хугацаа л харуулах байх.

Өнөөдрийн бичиж таамаглаж байгаагаар бол тэрбээр энэхүү шантаажныхаа үрээр 2015 онд МАН-ыг засагт түр “орогнох” үеэр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаад авсан. Энэ байгууллагыг удирдах богино хугацаанд өөрийгөө харуулахыг хичээсэн ч байнга мухардалд орж, шүүх цагдаадаа тулж байсныг надаар хэлүүлэх юун. Түүний өмнө энэ газрыг удирдаж байсан О.Магнайн хувьд бол ёстой л галтай байж Монгол Улсад Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө гэх газар байдгийг ард түмэнд мэдрүүлж чадсан. Ийм хөдөлгөөнтэй хүний гараас тамга гардсан Т.Аюурсайханы улстөрийнх нь карьерт бараг эсрэг нөлөөлж мэдэхээр байсан. Аз болоход МАН засгаас “туугдсан” учраас тэр ажлаа өгсөн. Хэрвээ удсан бол карьер ч үгүй болж мэдэхээр байсан даа. Ийнхүү “Зудны баян” маань 2016 оны сонгуулиар мандат авч, чингэлтэйчүүдийн итгэлийг хүлээн улстөрд орж ирсэн хүн.

Т.Аюурсайханыг шударга сайн залуу хэмээн үздэг хүмүүс цөөнгүй байдгийг үгүйсгэх хэрэггүй. Түүний нас залуу учраас хэтдээ шударга, шударга бусыг нь нийгэм өөрөө тогтоох учраас урьдчилан таамаг дэвшүүлээд яахав. Ямартай ч 2016 оны сонгуулиар “Дөчин мянгат”-ын цагаан байрыг ээж ааваасаа өвлөж аваад өдгөө түүндээ амьдардаг хэмээн телевизээр ярьж суусан сан. Гэтэл УИХ-ын гишүүний тангараг өргөөд л орчин тэс өөр болсон тухай МАН-ын дотор бий. Энэ тухайд хэвлэл мэдээллээр ч дэлгэсэн. Тэгэхээр хамгийн найдвартай байж болох баримтаас харъя. Түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт хувьдаа ямар нэг компани байхгүй бөгөөд ямар нэг компанид хувь эзэмшдэггүй аж. Харин хэдхэн хоногийн өмнө аав ээжээсээ өвлөж авсан “Дөчин мянгат”-ын орон сууцнаас өөр байр савгүй гэж байсан эрхэм гишүүн маань хөрөнгө орлогын мэдүүлэгтээ яах аргагүй 430 сая төгрөгийн өртөг бүхий орон сууцанд амьдардгаа өчсөн байна. “Дөчин мянгат”-ын муу цагаанд 430 сая төгрөгийн өртөгтэй байр ямар байв гэж. Өнөөх баячуудын амьдардаг тансаг хороолол руу нүүж очсон бололтой. Хувийн компани, ямар ч бизнесгүй хэмээсэн “Зудны баян” маань “Toyota prius XW30” машин нэг байгаа бол 113 сая төгрөгийн өртөгтэй  “Mercedes Benz ML350” хэмээх машинтай хэмээн мэдүүлжээ. Зарим эх сурвалжууд 2016 оны “Lexus-570”-тай ч гэсэн нь бий. Нас залуу энэ түшээ хувьдаа ямар нэг бизнесгүй байж чухам ямар замаар ийм хэмжээний хөрөнгө босгов гэдэг нь ч олны анхаарал татаж таарна. Тэр ч хэнд хамаатай юм. Гэхдээ 2012 оноос хойш МАН-д удаа дараа зуд нүүрлэсэн гэдгийг мартаж болохгүй.

Өнгөрөгч 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-д Ерөнхийлөгчийн сонгуулиар ахин зуд нүүрлэсэн нь, мөнхүү “60 тэрбум”-ын асуудал дэгдсэн нь “Зудны баян”-д аанай л эерэг тусав бололтой. Сонгуульд өвдөглөсөн намынхаа даргад хариуцлага тооцох тухай яриа өрнүүлж, өнөөх улаан малгайтнуудаа гаргаад суулгачихав. Шадар сайд У.Хүрэлсүхийн шүхэр доорх тэмцэл өрнүүлсээр байгаад нийгэм эдийн засгийн маш эмзэг үед Засгийн газрыг унагаад авлаа. Үүнийг өөр өнцгөөс ухаж харвал Т.Аюурсайхан нар хариуцлага тооцож шинэчлэх биш зөвхөн албан тушаал эрх ашгийн төлөө явж байна гэж харж болохоор. МАН-ыг засаг авахад эдийн засгийн өсөлт 1.6 хувьтай байсан бол өдгөө 5.8 хувьд өсгөж ирсэн гавьяа Ж.Эрдэнэбатын Засгийн газарт байсан. Хөгжлийн банкны бондын 500 орчим сая ам.долларыг энэ Засгийн газар төлсөн. Ж.Эрдэнэбатын Засгийн газар нэг жил гаруйн хугацаанд ажиллахдаа эдийн засгийг сэргээх тогтворжуулах суурь үндэслэлээ нэгэнт гаргасан байв. Сайн ажиллалаа гэж магтахгүй ч муу ажилласан гэж хэлэхийн аргагүй. Хамгийн гол нь энэ хүнд үед засгийг гардан унагаасан баатруудын нэг бол яах аргагүй “Зудны баян” мөн. Унаж буй Засгийн газарт алдаа бий юу гэвэл бий. Гэхдээ ийм хүнд үед унагаах хэрэггүй байсан юм. Гэвч эрх ашгийн төлөө тэд юу ч хийж чаддагийг харуулсан явдал болов.

Тэгээд ч МАН-ын аливаа алдаа, ялагдал нь Т.Аюурсайханд заавал эерэгээр тусдаг хойно доо. Энэ намаржин дотроо дайтсан МАН-ын Бага хурлаас У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад тодрууллаа. Дайны олзыг нэн тэргүүнд хүртэх хүн бол “Зудны баян” мөн гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ. “Зудны баян” маань боловсролын хувьд чамлахааргүй намтар харагдана билээ. БНТУ-ын Докуд Ейлүл их сургуулийг эдийн засагчаар, Сөүлийн үндэсний их сургууль болон Японы олон улсын их сургуулийг Олон улсын хөгжлийн эдийн засагчаар магистр хамгаалсан. Мөнхүү ХААИС-ийн эдийн засаг, бизнесийн сургууль аспирантурт суралцсан гэхээр дориун сонсогдоно. Үүгээр ч зогсохгүй Англи, Орос, Турк, Япон хэлтэй гэнэ. Хэрвээ үнэн бол ийм хэмжээний улстөрч манай парламентад тун ховор. Олон улсын харилцаа, эдийн засаг гэхээсээ илүүтэй урлаг, утга зохиол, бөхийн гэх мэт сургууль төгсөж, өөрсдийгөө лидер улстөрч гэж бодсон нь илүү жин дарна. Ийм парламентийн жишигт авч үзэх юм бол Т.Аюурсайхан аргагүй илүүрхэж харагдана.

Түүнд бас нэг давуу тал бий. Парламентад байх зарим нэг анхдагчдыг бодвол Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тус дүүргийн Засаг дарга, Байгаль орчин, тохижилт үйлчилгээний хорооны дарга гэх мэт албыг богино боловч хугацаанд залгуулж байснаас гадна Монгол ардын намын Удирдах зөвлөлд улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх улстөрийн албан тушаал боловч хашиж үзсэн. Богино боловч хугацаанд дамжсан төрийн болон улстөрийн албан тушаал нь түүнд зуднаар хөлжиж бодгийг ч ойлгуулсан байх магадлалтай. Тэр айсуй 2020 оны сонгуулиар тансаг хорооллоосоо түр нүүж “Дөчин мянгат”-даа нүүдэллэн ирж амьдрах нь гарцаагүй. Нийгэм, эдийн засгийн таагүй байдал ард түмний нуруун дээр дарамт нэмэж байна, ийм цаг үед чингэлтэйчүүд засаг тогтвортой байхыг илүүд үзсэн гэдгийг хэвлэлийн баримтуудаас харж болно. Харин чингэлтэйчүүд итгэл үзүүлсэн Т.Аюурсайхан нь өчүүхэн эрх ашгийн төлөө Засгийн газрыг унагаахад гардан оролцож, өндийж ядан буй эдийн засагт чамгүй дарамт өгчихлөө гэх мэдээлэл хэвлэлээр дүүрэн явж байна. Ямартай ч нэмэр болоогүйг би ч чи ч харж суугаа. Энэ нь шууд утгаараа чингэлтэйчүүдийн амьдралд сөргөөр тусч байна гэсэн үг. Түүний ажлыг өнөөдөр шууд дүгнэх боломжгүй юм, тэр бүрэн эрхийнхээ хугацааны талд ч ороогүй байна. Нөгөө талаар Т.Аюурсайхан хэмээх нөхөрт айсуй 2020 онд би биш чингэлтэйчүүд дүн тавина.

С.Ууганбаяр

Сайд А.Цогцэцэг хоёр тэрбумын тендерийг хууль зөрчин олгожээ
Сайд А.Цогцэцэг хоёр тэрбумын тендерийг хууль зөрчин олгожээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.