МАН өнөөдөр үүрээр Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нэр дэвшигчээ тодрууллаа. МАН-ын Удирдах зөвлөлөөс Н.Энхболд, Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нарын нэрийг Бага хуралд оруулсан. Бага хурал нууц санал хураалтын дүнг тоолоход Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг 188 гишүүн дэмжиж саналаа өгчээ. Ингэснээр дараагийн танхимын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлж УИХ-д өргөн мэдүүлэхээр болж байна. Түүний хамт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд 101, УИХ-ын гишүүн Н.Энхболдод Бага хурлын таван гишүүн санал авчээ.
Тэгвэл Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх гэж хэн бэ? Хамгийн сүүлийн намтар нь Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч. “Тагнуулсан, чагнуулсан” асуудлаасаа болж ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө өгчхөөд үүрэг гүйцэтгэж байгаа Шадар сайд. Харин одоо У.Хүрэлсүх Шадар сайдын албаа хүлээлгэн өгөхтэй зэрэгцэн “Тагнасан, чагнасан” гэгдэх Ж.Эрдэнэбатын ажлыг хүлээн авах нь.
Ухнаагийн Хүрэлсүх гэгч энэ эрийг монголчууд хэнээр ч хэлүүлэхгүй таньдаг, түүний хийсэн үйлдэл бүрд дүгнэлт хийсээр иржээ. У.Хүрэлсүх МАН-ын генсек байхдаа намынхаа ууган нэрийг сэргээж, үүнээс үүдэн гарах сөрөг үр дагаврын хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж хэлж байсан. Тиймдээ ч УИХ-ын 2012 оны сонгуулиар намаа ялуулж чадаагүйнхээ төлөө хамгийн түрүүнд Намын Ерөнхий нарийн бичгийн даргын албанаасаа огцрох хүсэлтээ өгсөн.
Үүнээс өмнө түүнийг Н.Энхбаярын ноёрхлын үед ноёныхоо өмнөөс дуугарсан албат хэмээн ярих хүн олон байсан. Н.Энхбаярын өмнөөс хэлсэн түүний үг бараг брэнд болтлоо яригдаж байв. Түүний зоригмог алхам Н.Энхбаярын өөдөөс үг хэлж, намынхаа ууган нэрийг сэргээх, генсекээс саналаараа огцрохоор дуусахгүй. Тэрбээр Иргэний хөдөлгөөнийхөн намын байр руу дайрч туг юуг нь шатаахад “Манай нам 90 жилийн түүхтэй, улс төрийн ууган хүчин. Бидний билэгдэл, сүр хүчийг гутаан доромжиллоо” хэмээн Их хурлын индэр дээрээс чанга дуугарч чадсан.
Зарим хүн улс төрд орох гэж хэдэн тэрбумаар нь цацаж, зарим нь хүссэндээ хүрч чадахгүй элдэв арга саам хайх нь бий. Нөгөө хэсэг нь элдэв нэвтрүүлэгт ярилцлага энэ тэр өгч олны өмнө уйлж, улс төр хийх нь юу ч биш. Харин У.Хүрэлсүхийн хувьд улс төрийн албан тушаалаа хүссэн үедээ орхиж, хүлээлгэн өгч “сурсан” нэгэн.
Өнөөдрийн байдлаар улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал тун ээдрээтэй байна. Энэ цаг үед Ерөнхий сайдын албанд суух нь тун амаргүй. Шинээр томилогдох Ерөнхий сайдын хувьд энэ бүх ээдрээтэй байдлаас түргэн хугацаанд гарах амлалт өгөх нь тодорхой. Харин амлалтаа биелүүлж чадахгүйд хүрвэл дараагийн хүнд албаа хүлээлгэн өгөх зориг У.Хүрэлсүхээс гарна гэдэгт найдаж бас болох юм. Тэр бол албан тушаалаа хүлээлгэн өгч "сурсан" нэгэн.
Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн товч намтар
Боловсрол:
1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,
1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,
2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
- 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
- 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
- 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
- 1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
- 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
- 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
- 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
- 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
- 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.
- 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
- 2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
- 2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
- 2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
- 2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байна.
Улс төрийн шинжлэх ухааны магистр, Бэлтгэл хурандаа