Австралид бас ингэж машиндаа амьдардаг залууг харж байсан. Над шиг минималист хүнд эдгээр залуусын амьдралын хэв маяг таалагдсан. Энд US-д ажиллаж амьдардаг Б.Батжаргал гэдэг залуугийн нийтлэлийг орууллаа.
Би машиндаа амьдардаг …
Анхандаа эргэн тойрныхноосоо санаа зовох мэдрэмж төрдөг л байлаа, хүн бүхэн энгийн мэтээр хүлээж авахгүй, “Айн” гээд хөмсгөө өргөөд том нүдэлж харна, олон юм асууна. Одоо ч дасчихсан болоод тэр үү, эргэн тойрнынхон ихэнхи нь мэддэг болчихсон болоод ч тэр үү гайгүй. Цахим ертөнц, техник технологи хөгжихийн хэрээр хүмүүсийн “энгийн” ажлын хэв маяг их өөрчлөгдөх болсон. Зарим нэг нь энэ бүхнээс салж холдохын хүслэн болж, зарим нэгэнд нь энэ нь хэвийн амьдралаа өөрчилж өөр зүйлс туршиж үзэх боломжийг олгоно. Үүнтэй уялдаад сүүлийн жилүүдэд машиндаа амьдарч, аялдаг, ердөө ганцхан үүргэвчтэй дэлхийг тойрч ажиллаж, амьдарч, аялдаг хүмүүс нилээд олшрох болсон. Энэ мэтийн нийгмийн тектоник шилжилт, угийн элдэвийн зүйлс хийж оролдох сониуч зандаа хөтлөгдөн жилийн өмнө байсан бүх бэлэн мөнгөндөө 1999 оны Volkswagen Eurovan авч түүндээ нүүж орж билээ. Хүмүүс ихэвчлэн дараах асуултуудыг асуудаг.
* Хаана усанд ордог юм? Хамгийн эхэнд асуудаг асуулт. Энэ асуултнаас нэг юмыг анзаарсан нь ямар ч байсан хүн бүр цэвэрхэн байхыг юуны түрүүнд тавьдаг мэт санагдсан. Усанд орох их амархан. Бүр гайхмаар нь бараг өдөр болгон усанд ордог, 7 хоногт ганц л өдөр өнжиж магадгүй. Фитнесд явдаг болохоор тэндээ усанд орчихно.
* Хаана бие засах уу? Голдуу ажил дээрээ. Хаана хонохоосоо хамаараад хоносон газрынхаа ойр өглөө нь 00 орчихно. Юмыг яаж мэдэхэв гээд машиндаа нэг савтай явдаг. Эхний сар хааяа хааяа хэрэглэдэг байсан ч одоо бараг хэрэглэхээ больж ээ. Магадгүй бие махбод, хэв маяг таарч зохилдоод тэр болов уу. Хүндээр бие засахын хувьд гэвэл өдөр болгон ажил дээрээ л. Аль болох алгасахгүй байхыг хичээдэг. Урилгагүй зочинд хэн дуртай байхав, одоохондоо сандаргаж нааш цаашаа 00 хайж гүйх асуудал тулгараагүй их л азтай явж байна.
* Хоолоо яах уу? Хоол бараг хийхээ больсон. Гэхдээ жижиг аяны хийн пилетка, нэг жижиг тогоо бий. Заримдаа амралтын өдрүүдээр шөл хийж ууна. Бусад тохиолдолд гадуур холлодог. Ажил дээр гал тогоотой учир өглөөны цайгаа тэндээ сайхан тухтай уучихдаг. Өдрийн хоол нилээд дажгүй хоол гаднаас аваад идчихнэ. Заримдаа үлдэгдлийг нь үдээс хойшдоо гүйцээчихнэ. Орой 6-аас хойш бол юм иддэггүй дээ. Ямар ч байсан өлсдөггүй л юм.
* Тэгээд хэр тухтай байдаг юм? Ядрахгүй юу? Хэхэ, хэтрүүлж байж магадгүй гэхдээ ер нь бол гэрт унтдаг байснаасаа тухтай унтдаг шүү. Зарим их халуун, бүгчим шөнүүдийг эс тооцвол. Ядраад байдаггүй, гэхдээ ганц хоёр удаа бие жоохон тавгүйрхэж зүгээр сайхан “харьж” хэвтмээр санагдсан үе гарч л байсан.
* Яагаад ингэж амьдарч байгаан? Олон шалтгаан бий дээ. Барууны соёлд “comfort zone”-оосоо гарах гэж том чадвар/үйлдэл, яг юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй юм тийм хэллэг байдаг. Гэр оронтой тухтай сайхан амьдарч байсан, гэвч өөрийгөө өдөр хоног өнгөрөх бүр улам залхуу болж нэгэн хэвийн амьдрал руу явж байгаагаа мэдэрсэн. Амьдарч байгаа газар байр маш үнэтэй. Ажилтайгаа ойрхон гайгүйхан шиг хажуу өрөөнд оръё гэвэл сарын 1000$-оос буухгүй. Би гэртээ байнга байгаад байдаггүй, ихэнхи цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг болохоор сар бүр тийм хэмжээний мөнгө унтах оронд зарцуулахыг хүсээгүй. Дээр нь ажлаас зайтай байранд орвол ажил гэр хоёрын хооронд яаж явах уу гээд бодох бодлого улам бүр нэмэгдэнэ. Дэмий…Гэхдээ хамгийн чухал 3 шалтгаан бол, нэгт, өөртэйгөө өнгөрүүлэх энэ цаг хугацаанд би өөрийгөө илүү таньж мэдэхийг хүссэн, одоо болтол яг амьдралаас юу хүсч байгаагаа сайн мэдэхгүй л явна. Хоёрт, би минималист үзэлтэй. Гуравт, ирээдүйд аль нэг тивээр аялж, ажиллаж, амьдрахыг хүсч байгаа. Ердөө нэг машинд хамаг амьдралаа багтааж тэрхүү аялалдаа өөрийгөө бэлдэж байгаа минь энэ.
Өдөр маань ихэвчлэн 05:00 цагт эхэлдэг. Өдөрт гаргадаг шийдвэр, сонголтуудаа багасгахын тулд ажлын өдрүүдийг ихэвчлэн нэг хэвийн өнгөрөөнө. Цайгаа уучихаад шууд ажилдаа орно, миний өдрийн хамгийн үр бүтээлтэй цаг. Хийж байгаа зүйлээ дуусгаад ихэвчлэн 08:00 цаг өнгөрөөд фитнес руугаа цаг хагас гаруй бэлтгэлээ хийгээд шүршүүрт орж өдөрт өөрийгөө бэлдээд ажил руугаа буцаад явна. Ажил дээрээ ирээд 2 дахь өглөөний цайгаа уугаад эргээд ажлаа хийж эхлэнэ дээ. Өдрийн цайнаар гаднаас халуун хоол авч идээд үдээс хойш нэг кофе уух гэж завсарлана. Ихэвчлэн ажлаа 05:00 өнгөрөөж дуусгаад түүнээс хойшхи цагийг өөртөө зарцуулна. Оройныхоо хоолыг идээд ихэвчлэн 09:00 цаг хүртэл компьютерийнхээ ард сууна. Унтахдаа биеэ бэлдэж 10:00 цагийн алдад ер нь бол амрана.
Долоо хоногийн сүүлээр нааш цаашаа явахыг их хичээж боддог ч яг болоод байдаггүй. Хааяа залхуу хүрнэ, хааяа өөр ажилтай байна. Гэхдээ ямар ч байсан амралтын өдрүүдээрээ боломжоороо ойрхон яваад л байна. Жилийн хугацаанд нартай, бороотой янз бүрийн л өдрүүд өнгөрч. Энэ хугацаанд эргэж хараад яах гэж хэмээн сонголтондоо харамссан удаа нэг ч гарсангүй. Нэг машинд амьдралаа багтаана гэдэг олон сайхан боломжуудыг олгодог юм.
тэмдэглэл хөтөлсөн Б. Батжаа. 2016 он