-Аль ч намынх нь бай бусдын хийж бүтээснийг улстөрийн явуургүй сонирхлоор бүдгэрүүлж, үнэгүйдүүлэх оролдлого хийж буй нь хачирхалтай-
Улаанбаатар хот “Гэрэлт гудамж”-тай болсон. Нээлтийнх нь үеэр 20 гаруй мянган хүн цугларч, нэг үдшийг баяр хөөртэйгөөр өнгөрүүлсэн. Энэ гудамжны ачаар нийслэлийн тухайн хэсэг өнгө төрхөө засч, гарц, явган хүний зам нь өмнө байгаагүйгээр сайжирсан.
Үүнээс гадна, энэ нь төслийн зөвхөн эхлэл төдий ажил бөгөөд “Гэрэлт гудамж”-ийг шат шатанд хөгжүүлэх төлөвлөгөөнд Сөүлийн гудамжийг хотхоны төв /down town/ болгох зорилго тавьсан аж. Ингэснээр дулааны улиралд орой үдшийн цагаар уг гудамжаар зугаалангаа үйлчилгээний газруудаар үйлчлүүлж, заавал баар цэнгээний газрыг хэсэх шаардлагагүй болж байгаа.
Уншигчдадаа дахин сануулахад, Сөүлийн гудамж буюу Циркийн хойд уулзвараас “Наран плаза” төв хүртэлх 440 метр замыг автомашингүй “Шөнийн гэрэлт гудамж” болгон тохижуулаад байгаа. Хуучнаар “Сөүлийн гудамж”-нд сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэн, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, 400 хүний амралтын суудал бий болгожээ. Мөн ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт, авто зам болон явган замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэрэг орчны тохижилтын ажлууд хийгдсэн юм.
Шөнийн гэрэлт гудамж долоо хоног бүрийн баасан гарагийн 22:00 цагаас даваа гарагийн 06:00 цаг хүртэл ажиллана. Энэ үеэр автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлан, хамтлаг дуучид, ардын урлагийнхан гээд урлаг соёлынхон тоглолт зохион байгуулж, тусгайлан суурилуулсан том дэлгэцээр иргэд хошин шог, концерт гэх мэт сонирхол татсан олон зүйлсийг үзэж сонирхох боломжтой.
Гэвч монголчуудын хэт шүүмжлэл уг төслийг тойрсонгүй. Нээлтийнх нь үеэр бүгд л “Гэрэлт гудамж”-нд зургаа татуулж, фейсбүүк, твиттерээр дүүрэн Улаанбаатар олон улсын жишигт ойртож байгааг зарлаж байсан. Харин одоо ямар шалтгаантай нь тодорхойгүйгээр уг гудамжийг эсэргүүцэж, нураахыг уриалж, муучилж, гоочилсон бичвэрүүд олонтаа гарах болжээ.
Маш олон хүн энэ гудамжинд олон арван тэрбум төгрөг зарлагадсан гэх төөрөлдсөн мэдээлэлтэй байгаагаас ийм байдал үүссэн гэдэг нь илэрхий. Тэгвэл уг ажлын талаар албаныхан хэлэхдээ “НИТХ тохижилтын ажилд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч иргэдийн тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор нэлээн зоригтой алхмуудыг төсвийн тодотголоор хийлээ. Удахгүй болох улсын баяр наадмаас өмнө эдгээр тохижилтын ажил бүрэн дуусах юм. Бидний төлөвлөсөн ажлын 80 гаруй хувь нь хийгдээд явж байна. Наадам гэхэд бүрэн дуусах боломжтой. Томоохон хотуудад “Шөнийн гудамж” гэж байдаг. Түүнтэй адил залуучуудын зүгээс Улаанбаатар хотод “Шөнийн гудамж” байх ёстой гэсэн үүднээс тус гудамжийг тохижуулж байна” гэдгийг мэдэгдэж байсан.
Дээрхээс дүгнэхэд, одоогийн байдлаар гудамжийг тохижуулсаар байгаа. Мөн олон нийтэд зориулсан зам талбайд дутагддаг хамгийн том зүйл болох ариун цэврийн хэсэг байгуулах хүрээнд нийтийн бие засах газар нэгийг барьсан бөгөөд ирэх долоодугаар сарын 1-н гэхэд дахин хоёрыг босгож, тамхи татах цэг, зориулалтын хогийн савнууд байрлуулах аж. Нөгөөтэйгүүр, “Гэрэлт гудамж” хэмээх нэрнээс болоод хүмүүс их хэмжээний гэрэлтүүлэг л шаардсан учир ийн шүүмжилж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ асуудлын тухайд, “Шөнийн гудамж” нь зөвхөн гэрлээр хязгаарлагдахгүй. Эдийн засгийн хувьд асар их нөөц боломжийг олгож байгаа аж. Нэг ёсондоо жуулчдыг татаж, тэднийг үйлчилгээний газруудад чөлөөтэй үйлчлүүлэх боломжийг нээж байгаа. Түүнчлэн монголчууд заавал өдрийн цагт баригдаж бизнес хийх биш гудамж ашигласны татвараа төлөөд, чөлөөтэй бизнес хийж болно. Цагдаа хүчний байгууллага ч үүнийг нь зөвшөөрөх юм байна.
Гэвч иргэдийн зохих шаардлагын хажуугаар улстөрийн явуулга байгаа бололтой. Маш олон хүн МАН, эсвэл хотын удирдлагууд, НИТХ руу чиглэсэн гүтгэлгийн шинжтэй зүйлс бичиж байгаа. Мөн ингэж бичихдээ төгсгөлд нь Ерөнхийлөгчийн сонгуулиар АН гарч чадвал нийслэлийнхний ирээдүй сайжирна гэх утгатай үгс оруулах аж.
Уг нь ард түмэн АН-д маш том боломж олгож, УИХ, Ерөнхийлөгчийн суудлыг “цэнхрээр будаж” байсныг сануулах юун. Тус намыг засгийн эрхийг барьж байх үед бүхий л шатны удирдлагууд АН-ынх болж байсан. Тэгвэл 2012-2016 онд Монгол Улс урьд хожид байгаагүй их хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж, гадны компаниуд манайхыг чиглэн хошуурч байсан.
Хэрвээ хийе гэсэн төлөвлөгөө, бодлого байсан бол хамгийн их боломж тухайн үед байсныг ч анхааруулах хэрэгтэй байх. ГЕрөөс Ерөнхийлөгчийн сонгууль болдгоороо болж, гурван нэр дэвшигчийн нэг нь л ялах нь тодорхой. Яг одоогоор энэ намын, нэр дэвшигч тэр ялна гэдгийг барин тавин хэлэхэд бэрх. Ард түмэн дор бүрнээ сонголтоо хийчихсэн, хэн нь хэн бэ гэдэгт дүгнэлтээ өгчихсөн учраас улсын хөгжил, урагшаа дэвшсэн алхмыг харлуулалгүй, олон нийтэд хамааралтай асуудлыг олон нийтэд нь үлдээгээсэй л гэж хүсмээр санагдах юм.
Эх сурвалж:
Гудамжийг хүртэл улстөржүүлэхийн учир
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.