Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАХН-ЫН ГУРВАН ЦАГИЙН “ЧАРМАЙЛТ” МОНГОЛЧУУДЫГ ХАЛАГЛУУЛАХ ВИЙ

-С.Ганбаатарыг даргаараа сонгосон ХҮН-ынхан харамсал, жилийн хойно иргэдэд тулгарах уу-
Боловсрол өндөртэй, гадаадад ажиллаж, хөдөлмөрлөж байсан залуус улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд сэтгэл зүрх нь эмтэрсэндээ хөгжүүлэхийн тулд эвлэлдэн нэгдэж, улс төрийн нам байгуулж байсан нь саяхан. Гэвч үйл ажиллагааных нь эхнээс л дотооддоо албан тушаалын хагарлаас болж, гишүүд нь намынхаа нэрээр УИХ-ын сонгуульд ч нэр дэвшин өрсөлдөж чадаагүй. Угаас ХҮН-ыг хамгийн ихээр хагалан бутаргасан нь өдгөө Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин, сурталчилгаа ухуулгаа хийж яваа С.Ганбаатар. 
Түүнийг ХҮН-д очих сургаар л Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нүхээ малтаж явна хэмээх “шум” дэгдсэн ч мань ёстой “үгүй” гэж мэлзсээр байсан. Мэдээж С.Ганбаатарын башир санааг гадарласан ХҮН-ын удирдлагууд болон гишүүд нь түүнд тийм ч таатай хандаагүй. Хэсэг зууртаа өөр хоорондоо хэрүүл хийж, хэвлэлээр байлдсаны эцэст С.Ганбаатар боловсрол өндөртэй залуусыг хуурах боломжгүй нь гэдгээ мэдэрч намын гишүүнчлэлээс гарсан. 
Харин түүнд энэ удаа МАХН боломж олгосон. Гэхдээ ХҮН-ынхан туршлагагүйдээ алсын хараагүй, ашиг хонжоо харсан, ёс зүйгүй хүнтэй хамтарчихжээ гэж байгаа бол МАХН туршлагагүйдээ С.Ганбаатарыг намынхаа нэрийн өмнөөс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлээгүй нь лавтай. Улстөрийн жижиг хүчнийг самарч чадсан хүнд итгэж төрийн тэргүүнд нэр дэвшүүлнэ гэдэг итгэхэд ч бэрх. Түүгээр ч зогсохгүй МАХН-ын хувьд Н.Энхбаяраас өөр сонгуульд сойчих хүн олдоогүйдээ бус аливаа “бялууг” намын даргынх нь эрх ашигтай эвтэйхэн хуваалцчих хүн л хэрэгтэй байсан нь ойлгомжтой байсан. Тиймдээ ч намдаа парламентын ганц суудал “чирч” ирсэн О.Баасанхүү гишүүн С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсныг мэдээд “МАХН-ын Бага чуулганаар олонхийн саналаар Босоо гэгддэг Ганбаатарыг дэмжсэн гэдгийг дууллаа. Өчигдөр оройг хүртэл С.Ганбаатар руу залгаад МАХН-аас нэр дэвших үү гэдэг асуудлыг ярьж байсан. Миний хувьд намын Бага чуулганд өөрийн байр суурийг илэрхийлж байсан. 
Төрийг барих зангаргатай, хуулийг ясчлан биелүүлэх, нэр цэвэр хүн нэр дэвшээсэй гэж хүсэж байсан... Гэтэл дээд боловсролтой эсэх, гадаадад сурч байсан эсэхээ худлаа мэдүүлсэн гэж хэвлэлээр бичигдэж байсан ийм хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нь буруу гэж бодож байгаа... Хуульзүйн хувьд ч боломжгүй, Үндсэн хуулийн хувьд ч боломжгүй гэж харж байна. Би УИХ-д сууж байгаа намын гишүүний хувьд байр сууриа илэрхийлж, нэр дэвшигчийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байна. Намайг улстөрийн хөдөлгөөн хийх нөхцөл байдалд битгий хүргээсэй. Хатуухан хэлэхэд намаасаа гарах нөхцөл байдал руу МАХН-ын удирдлагууд битгий түлхээсэй” гэж хүсэж байна хэмээн ярьж байсан. Үндсэндээ С.Ганбаатар эрхэм гишүүнд молиго үмхүүлчихээд, намын даргатай нь эвээ олчихсон хэрэг. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүйг нотлох татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай хилийн албаны тодорхойлолт, нэр дэвшигчийн эрүүл мэндийн талаарх эмнэлгийн дүгнэлт зэрэг 15 төрлийн баримт бичгийг бүрдүүлбэрийг СЕХ-нд гуравхан цагийн хугацаанд бүрдүүлэн өгчсөн биз. 
Хэрвээ, хэрвээ шүү. С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа гэхэд олон улсад боловсролгүй гэдгээрээ “гайхагдах” болов уу. Түүгээр ч зогсохгүй цахим ертөнцөд яригдаж, бичигдэж байгаа шиг С.Ганбаатар тангараг өргөж, Н.Энхбаяр бодлого тодорхойлогч, баригч нь болно гэсэн үг үү. 
Хэлсэн үгэндээ эзэн болж ч чадахгүй хүн энэ улсын тэргүүн болно гэхээр тун эмзэглэмээр, бас эзэнгүй улс гэгдэж мэдэхээр болох нь ээ. Хэлсэндээ хүрдэггүй дараа­гийн хүн нь дахиад л Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга. Түүний хувьд С.Ганбаатарыг бодвол өөртөө ашигтай гэсэн намд очиж наалдаагүй. Мэдээж түүнийг бодвол өөрийн гэсэн бизнестэй, хөрөнгө мөнгөтэй, намдаа байр сууриа тодорхой болгочихсон, хүрээллээ үүсгэчихсэн нэгэн. Гэвч мань эр мөн л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ хэлж л байсан нөхөр. Тэрбээр өнгөрсөн жилийн өдийд шахам телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй. Тийм боломж ч байхгүй. Яагаад гэвэл намаас намайг дэвшүүлэхгүй” хэмээн хээвнэг ярьж байсан. Гэхдээ одоо бол нэр дэвшиж яваа. Үүнийг нь нэгэнтээ парламентад цөөн суудалтай АН-ынхан улам бүр доройтохгүйн тулд Х.Баттулгыг нэр дэвшүүлэхээс аргагүйд хүрсэн гэх хардлага ч дагаж буй. Учир нь тэр хүсвэл өөрийн үүсгэсэн хүрээллээрээ нам байгуулах чадамжтай гэдгээ харуулсан бас олон хүн итгэдэг. Тэр байтугай өнгөрсөн жил УИХ-ын гишүүн асан Г.Уянга “Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-ыг тэргүүлж эхлэх үеэс л эх сурвалжууд ард нь “Женко” Х.Баттулга байгаа хэмээж байсан. Олны хардлагын дараа УИХ-ын сонгууль ч болсон “унасан” нэр дэвшигчид “дээлээ нөмөрчихгүй”-н тулд чимээ аниргүйхэн улстөрийн тавцангаас холдсон. Х.Баттулга ч гэсэн. 
Харин АН-ын дотоод шинэчлэлийн салхиар аниргүй болсон гишүүд нь амь орж дуугарсан төдийгүй Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл нэр дэвшиж явна. 
Ингээд харахад ердөө л өнөө маргаашдаа бүлэглэл хоорондынхоо эрх ашгийн төлөө улстөрийн хүрээнд яриа хөөрөө хийж явдаг хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа нь харамсалтай явдал гэхээс аргагүй. ХҮН-ынхан жилийн дараа буруу хүнтэй хамтарсандаа хүлцэл өчиж суугаа бол монголчууд буруу хүнээ Ерөнхийлөгчөөр сонгочихвол хэнээс хэзээ уучлал гуйх вэ.

Эх сурвалж:

Хар тамхины хэрэгт таван төрийн албан хаагч холбогджээ
Хар тамхины хэрэгт таван төрийн албан хаагч холбогджээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.